Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Буянжаргал: ШШГЕГ-ын тусгайгийнхан тамлахад, 10 хоригдол өмдөндөө шээж, нэг хүн ухаан алдсан

0

Тэмцэгч Д.Мөнх-Эрдэнийг Сэлэнгэ аймаг дахь 413 дугаар хорих ангид ял эдлэж байх үед нь ШШГЕГ-ын Тусгай ажиллагааны төвийн албан хаагчид /SWAT/ зодож, дарамталсан талаар манай сайт өмнө нь мэдээлж байв. Эрх нь зөрчигдсөнтэй холбоотойгоор өөрийнх нь хүсэлтийг харгалзан Д.Мөнх-Эрдэнийг 441 дүгээр хорих анги буюу “Ганц худаг”-ийн хорих анги руу шилжүүлсэн юм. Түүнийг зөрчил гаргасан гэх үндэслэлээр магадланд оруулахгүй гэдэг үндэслэлийг хуулийн байгууллага тайлбарлаж буй аж. Энэ асуудлын хүрээнд Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Буянжаргалтай ярилцлаа.

-Танай нөхрийг магадланд оруулахгүй гэж хуулийн байгууллага тайлбарлаж буй нь ямар учиртай вэ?

-Манай нөхөр Сэлэнгийн Зүүнхараад хоригдож байхад нь бидний зүгээс цахимаар холбогдож ярьдаг байсан. Хорихын зүгээс снап чатаар яриулдаг байсан. Тэр үед хорих ангийнхан бидний яриаг бичиж авдаг байсан юм билээ. Эхлээд бид мэддэггүй байсан. Д.Мөнх-Эрдэнэ бичлэг хийж байгааг нь мэдчихээд “Би гэр бүлтэйгээ ямар юмныхаа гэмт хэрэг, хууль бус юм ярих вэ дээ. Ар гэр, ахуй амьдралын зүйл л ярина. Би нэгэнт эрхээ хасуулсан хүн, миний яриаг бичиж авч болно. Эхнэр, гэр бүлийнхний минь яриаг битгий бичээрэй. Үндсэн хуулиар олгогдсон эрх шүү дээ” гэсэн байдаг. Гэтэл бидний яриаг хорихынхон байнга бичиж авч, “CD-нд хадгална. Бидэнд дараа нь хэрэгтэй” гэж тайлбарласан байгаа юм.

Гэр бүлийнхнийх нь яриаг бичээд байхаар нь Д.Мөнх-Эрдэнэ гурван ч удаагийн яриагаа бичүүлээгүй юм билээ. Тэр үйлдэлд нь Д.Мөнх-Эрдэнэд зөрчлийн акт тавьсан. Зөрчлийн акттай хүн магадланд оруулдаггүй юм байна. Нөхөр маань хохирол болон торгуулиа төлсөн. Биеэр хоригдох хугацааны талыг нь эдэлсэн. Тиймээс одоо магадланд орж, суллагдах боломжтой ч зориудаар зөрчлийн акт тавьчихаад байна.

Хууль бусаар шүүж нөхрийг минь хорьсон. Тэгээд зүгээр ялаа эдэлж байхад нь бас хууль бусаар зөрчлийн акт тавьсан. Яагаад магадлангаар гаргахгүй гээд улайраад байгаан юм бэ? Хүүхдүүдээ аавтай нь бид хэд гэр бүлээрээ баймаар байна шүү дээ. Би аав, ээжтэй нь хүүхдүүдтэйгээ нөхрийгөө батлан даая. Угаасаа энэ хүнийг төрийн албанд ажиллах эрхмйг дөрвөн жил хассан. Тэр сонгууль, улс төр бидэнд огт хамаагүй. Зүгээр л гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ баймаар байна. Энэ муухай хэлмэгдүүлэлт, миний нөхрөөр дуусаасай, ахиж хэн ч битгий хэлмэгдээсэй гэж бодож сууна. Сайхан цаг ирэх байх гэж итгэж байна.  

-ШШГЕГ-ын Тусгайгийнхан ирж 413 дугаар хорих ангид дэглэлт явуулсан гэсэн. Таны нөхрийг зодож, дарамталсан гэдэг мэдээлэл гарсан. Яг юу болсон талаар нөхөр тань танд ярьсан байх?

-Хорихын бүх хоригдлуудыг гурван цаг орчим гарыг нь шилэн хүзүүн дээр нь авахуулаад явган суулгасан байгаа юм. Д.Мөнх-Эрдэнийг ч ганц тамлаагүй, бүх хоригдлуудыг тамласан. Д.Мөнх-Эрдэнийн хэлж байгаа юм нь “Бид шүүхээр эрхээ хасуулсан ч дахиж биднийг яллах эрх хорих ангийнханд байхгүй. Бид ямар ч бослого тэмцэл хийгээгүй байхад яагаад SWAT-ынхныг авчирж тамлаж байгаа юм бэ” гэж байгаа. Бороохойдож, галуун цуваагаар явуулж,  гурван цаг орчим гарыг нь шилэн хүзүүн дээр нь авахуулаад явган суулгасан байгаа юм. Орилж хашгираад, айлгаад байхаар хэнд ч хэцүү байж таарна шүү дээ. Хоригдлууд хөл нь өвдөөд хөлөө тэнийлгээд суухад нь бороохойдсон гэсэн.  

ШШГЕГ-ын тусгайгийнхан ирж тамлахад арван хоригдол өмдөндөө шээж, нэг хүн ухаан алдаж унасан байгаа юм. Нийт 400 гаруй хоригдолтой. Бүгдийг нь тамласан. Хөнгөн ялтай, жирийн дэглэмтэй хорих анги шүү дээ. Ялаа зүгээр эдэлж байгаа хүмүүсийг ингэж тамлах ёсгүй шүү дээ.

-Хүний эрхийн үндэсний комиссынхон ийм зүйл болоогүй гэж тайлбарласан?

-Би энэ үйл явдал болсных нь дараахан эргэлтээр очсон. Сэтгэл санаа нь маш хүнд байдалтай, даралт нь 170 хүрсэн байсан. Гар дээр нь яр гарсан байсан. Тэр үед Хүний эрхий үндэсний комиссын ажилтан очсон.

Хориход очоод Д.Мөнх-Эрдэнийн цээжин биеийг шалдалж зураг аваад, ямар нэгэн шарх сорив байхгүй. Эрх нь зөрчигдсөн зүйлгүй гэж худлаа мэдээлэл гаргасан. Гэтэл гар дээр нь маш том яр гарчихсан, зовиуртай байсан. Хорихын эмч ирж, өмхий тос түрхэж байсан шүү дээ. Гэтэл ХЭҮК-ийнхон ямар нэгэн байдлаар эрх нь зөрчигдсөн зүйлгүй гэж хэвлэл мэдээлэлд худлаа мэдээлэл өгсөн. Харахад биед нь ноцтой шархгүй ч тэр хүн сэтгэл санаагаар маш их хэцүү байсан. Дарамтад оруулсан. Намайг очиход Д.Мөнх-Эрдэнэ “Би өдий хүртэл хэнээс ч айдаггүй байсан. Галзуу барын аманд гараа хийх зоригтой явж ирсэн. Гэтэл SWAT-ынхан ирэхэд үнэхээр их айлаа. Аймаар нөхөд байдаг юм байна. Орилж хашгираад, цахилгаан бороохойдоод” гэж байсан. Та бүхэн манай нөхрийг ямар хүн билээ, мэднэ шүү дээ. Гэтэл маш их айсан байсан.

-Ямар учраас SWAT-ынхан тус ангид ийм үйл ажиллагаа явуулах болсон юм бол?

-Зүүнхараад хоёр хорих анги байдаг. Нэг нь Дарьтын хорих анги, нөгөө нь манай нөхрийн хоригдож байсан 413 дугаар хорих анги. Дарьтын хорих ангид SWAT-ынхныг оруулъя гэхэд, хорих ангийн зүгээс манай хорих ангид байдал тайван байгаа, шаардлагагүй гэсэн байгаа юм. Гэтэл 413 дугаар хорих анги нь жирийн дэглэмтэй хорих анги шүү дээ.

SWAT-ынхан 413 дугаар хорих ангид ийм ажиллагаа явуулахад ШШГЕГ-ын ямар нэгэн даргын тушаал байх ёстой. Прокурорын хяналтан дор үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарласан. Гэхдээ хаанахын ямар прокурорын шийдвэрээр ийм дэглэх үйл ажиллагаа явуулснаа гаргаж чадахгүй байгаа. Би бол зохион байгуулалттай л үйл ажиллагаа гэж харддаг.

Цэргүүдийг дэглэж, аминд нь хүрч байгаа биз дээ. Хоригдлуудыг бол бүр аймшигтайгаар дэглэдэг юм байна.

-Хорих ангийн дарга ямар тайлбар өгч байх юм?

-Д.Мөнх-Эрдэнийг 413 дугаар  хорих ангид очоод долоо ч хоноогүй байхад нь ангийн дарга хурандаа Буянбаатарыг чөлөөлсөн. Оронд нь А.Батхуяг гэх нөхрөөр сольсон нь зохион байгуулалттай гэж харагддаг. А.Батхуяг бол өөрөө Тусгай ажиллагааны албыг дуудсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ тийм тамлагаа болоогүй гэж худлаа ярьдаг. Гэхдээ аймшигтай дэглэлт болсон. Д.Мөнх-Эрдэнэ л энэ асуудлаар дуугарч байна. Бусад хоригдлууд дарамтад орно гээд дуугарч чадахгүй байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *