НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ: Эхний сонсголоор АН-ынхан тэвдлээ, тун удахгүй харин МАН-ынхан “уйлна”

0

Нийгэмд удтал хүлээлт үүсгээд байсан “Нүүрсний” гэх хэргийн нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд дөрвөн өдөр болж өндөрлөлөө. Эхний сонсгол орон нутгийн буюу жижиг “Тавантолгой” ХК-ийг тойрсон худалдан авалт, тендер, экспорт, тээвэр зэргийг шинжлэн судалж, гэрч, шинжээч болон холбогдох компаниудын удирдлагуудыг оролцуулан маш үр дүнтэй, эмх цэгцтэй баримтад тулгуурлаж, ард түмний мэдэх эрхийг утгаар нь хангасан хэлэлцүүлгийг хийж чадлаа хэмээн дүгнэхэд буруудахгүй. Монголд луйварчдын бүлэглэл мафийн түвшинд хүрч, тэдний тойрон хүрээлэгч, улстөрчдийн гар хөл яаж ажилладаг, хуулиас давсан эрх мэдэл, албан тушаал, улсаа яаж цөлмөдөг вэ гэдгийг харуулсан хүндхэн дөрвөн өдөр байлаа. “Орос орон юу хийж байна” хэмээхэд “хулгайлалцаж” байна гэж хариулсан шиг Монгол Улсыг сүүлийн 20 жил удирдсан хүмүүс нам хамаарахгүй бүлэглэн хулгайлалцсан бодит баримтын гэрч нь гурван сая гаруй монголчууд болов. Хэрвээ энэ бүхнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ил болгож, УИХ-ын дарга Г.Занданшатар нээлттэй сонсгол хийдэг эрхзүйн орчин бүрдүүлээгүй бол олон хулгайг бид мэдэхгүй өнгөрч, тэд харин хөшигний ард нэмээд хулгайлалцсаар өнгөрөх байж. Орон нутгийн жижиг “Тавантолгой” ХК-д Ардчилсан намынхан үүрлэж, үе үеэрээ, ах дүү хамаатан саднаараа, танил талаараа хэрхэн хувааж идсэн бэ гэдгийг нэр ус, тоо баримт, эзэн холбогдогчидтой нь олон нийтэд мэдэж авав. Жижиг Тавантолгой дээр тэд хамгийн их сандарлаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гэх хүнээр дамжуулан хуваагаад ИТХ-аасаа эхлээд УИХ-ын сайд, бүр Ерөнхийлөгч, Ерөнхий прокурор, Ерөнхий аудиттайгаа хувааж идсэн нь хэлэлцүүлгийн үеэр баримтаар илчлэгдлээ. “Жижиг” Тавантолгойн багахан ашиг өмнөговьчуудад очиж, бялууны ихэнх нь АН-ынхны халаасыг зузаатгаж байжээ. Ардчилсан намын нүүрсний хэрэгт бид холбоогүй, хулгай хийгээгүй гэх зэргээр сүртэй мэдэгдэл хийсэн ч “Тавантолгой”-г Ажнай Д.Бат-Эрдэнэ тэр дундаа МҮДН фракцынхан жиргэлээд идчихсэн нь нотлогдлоо. Түүгээр ч зогсохгүй тус намын тодотголтой Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, УИХ-ын дарга асан З.Энхболд, Ерөнхий прокурор, Ерөнхий аудитор нь хүртэл хууль бусаар тендерт ялдаг, хууль бус үйл ажиллагааг хэрхэн хийдэг вэ гэдгийг ч баримтаар харав, бид. Тэдний захиалгыг биелүүлээгүй албан тушаалтан, эрх мэдэлтнийг хэн болгодог вэ гэдгийг ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэхээр захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш, Я.Батсуурь нар сонсголд өөрийн биеэр оролцож, мафийн захиалга яаж үйлчилдэг, хэн ч биш болгодог вэ гэдгийг хэллээ. Үүнээс илүү баримтыг бид хаанаас олох вэ. Үнэнээ хэлсэн хүмүүсийг тэд яаж ч гөжирдөөд нэмэргүй биз. Аргаа барахдаа Ерөнхийлөгч асан нь хүртэл “Найздаа тусалж компаниа ашиглуулсан юм билээ” гэсэн хөгийн тайлбар жиргээд сууж байна. Тэд биднийг тэнэг хэвээр хэмээн итгэсээр байх аж. АН-ынхан үнэнд, баримтад, цаг хугацаанд гүйцэгдлээ. Хэдийгээр байгалийн гамшиг далимдуулж, бичиг цаас, зарим нотолгоог Д.Бат-Эрдэнээр дамжуулан устгасан ч мөнгө мөртэй гэдгийг энэхүү сонсгол харуулав. Цаашлаад өөрсдийнхөө татсан шударга бусын хонгилоор хэзээ гулгаж, ял шийтгэлээ эдлэх нь цаг хугацааны асуудал болов.

Түүгээр ч зогсохгүй Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан Т.Нэхийт, Эрдэнэжаргал гэх хүмүүс БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай 40 компанид 4575 га газрыг 100 жилийн эзэмшилтэйгээр эрчим хүч, авто зогсоол, гаалийн хяналтын талбай гэх нэрээр олгожээ. Ханбогд сумын нийт газар нутгийн 0.3 хувь нь харийнхны мэдэлд очжээ. Үндсэн хуулиас давсан ямар том зүрх вэ. Нэг жижиг сумын Засаг даргын ямар дураараа үйлдэл вэ. Үндэсний аюулгүй байдлын түвшинд яригдахаас ч өөр аргагүй эмгэнэлт явдлыг хоёр нүдээр харж, чихээр сонслоо. Өмнөговь аймаг БНХАУ-ын компани болон эздээр дүүрчээ. Хамгийн харамсалтай нь нутгийн жирийн иргэд газраа өмчилж чадахгүй, Монголын хөрөнгө оруулалттай компанид олдохгүй атлаа газраа, эрх мэдлээ гадныханд Үндсэн хууль болон Газрын тухай хуулийг зөрчиж тэрбум, тэрбумаар наймаалсан нь ил болов. Тэд эрх ашиг, идэх донтолттой хөдлөгдөж га, га газрыг тэрбум, тэрбум төгрөгөөр үнэлж, зоосны нүхээр аймгаа, ард түмэн, газар нутагтай нь худалдаад идчихжээ. Тендер зарласан мэдээлэлгүй, дуудлага худалдааны мөнгийг нь ч авалгүй харийнхны гарт эх нутгаа шилжүүлчихсэн цагаандаа гарсан луйварчдыг бид харав. Эндээс өөр ямар баримт хүлээх юм. Энэ бол зүгээр өнгөрөх асуудал биш. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой үйлдэл гэдгийг сануулах нь зүйтэй.

Улстөрчдийн танил тал агуулах савгүй, сэлбэг техник хэрэгсэлгүй, бичиг баримтаа ч бүрэн гүйцэт илгээлгүй тендер шалгарч, хэдэн тэрбумаар нь авч идчихээд харуулах, үзүүлэх гүйцэтгэлгүй өчнөөн компани “Эрдэнэс Тавантолгой”-г мөлжиж, шулж амьдарч байгааг сүүлийн хоёр өдөр харав. Хийсэн хулгайгаа даргатайгаа нийлж, нууцын зэрэглэлд оруулж, нотлох баримтаа устгадаг авлигачдыг ил болголоо. Бас болоогүй тэдний гар хөл бүх салбарт байгааг ч сонсголоор мэдлээ. Монголын хил гаалиар жирийн иргэн цүнхэнд 0.5-тай цэвэр ус ч аваад эрхгүй байдаг. Гэтэл 3964 нүүрс тээврийн машин бүхэл бүтэн таван жилийн турш хил гаалиар бүртгэлгүй нэвтэрсэн нь БНХАУ-ын хил гаалийн бүртгэлтэй тулгахад баримтаар олдсон байх жишээтэй. Зүгээр л Монголын баялаг БНХАУ руу бүртгэлгүй урсаж байжээ. Уйлмаар санагдаж байгаа биз. Дэндүү харамсалтай, ой гутмаар дөрвөн өдөр байлаа. Зөвхөн нүүрсний хулгай авлигын хар уулын орой цухуйхад ингэж бачуурч, харамсч, халаглаж байгаа юм чинь дараагийн буюу арванхоёрдугаар сарын 18-нд эхлэх “Эрдэнэс Тавантолгой” ХК-д үүрлэсэн мафийн сүлжээ яах бол гэдгээс айж байна. Системийн авлига яаж нам, эрх мэдэл дагадаг, дагуулдаг гэдгийг харуулах байх. Үнэндээ эхний сонсголын гол дүр АН –ынхан бол хоёрдахь удаагийнх нь харин эрх баригч намынх буюу МАН-ын луйварчдаар дүүрнэ гэдгийг харах л үлдлээ.

Эргэн сануулахад, одоогоос яг жилийн өмнө Монгол Улс “Эрдэнэс Тавантолгой” ХК, орон нутгийн “Тавантолгой” ХК-иас алдагдсан хар алт буюу нүүрсний хулгайн эрэлд гарч байж. Өөрөөр хэлбэл, 2022 оны арванхоёрдугаар сарын 5-нд Засгийн газраас 358 мянган тонн нүүрс алдагдсан гэдгийг албан ёсоор зарлаж байв. Нийтдээ 40 их наяд төгрөгийн хулгайн эрэлд гарч эхэлсэн юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайтай тэмцэх амархан биш. Эрх ашгаа хөндүүлж байгаа эрх мэдэлтнүүдийн ятгалагт орохгүй. Монголын ард түмэн хулгай хийж байгаа хүмүүсийн идэш болохгүй. 30 жилийн хугацаанд тогтоосон бүлэглэлийг задлах гэж монголчуудтайгаа хамтарч зүтгэнэ. Авлигатай нам харгалзахгүй тэмцэнэ” гэдгээ илэрхийлж, хөхөө өвлийн хүйтэнд нүүрсний хулгайчдын нэрсийг зарлахаар шаардан зогссон залуучуудад амлалт өгч байлаа. Энэ үеэр заавал ард нь гарна гэдгээ ч хэлж, амаргүй цаг үеийг туулна гэж мэдэгдэж байв. Тэгвэл амлалтдаа хүрч өнөөдөр нүүрсний хэргийн гол луйварчин хэн бэ гэдгийг харуулж өгөв. Харин дараагийн сонсголоор системийн луйвар, мафийн бүлэглэл МАН, АН-д яаж үүссэн бэ гэдгийг харуулж, нүүрсний луйварыг задалж, ургийн модыг илчлэх биз ээ. Хулгай луйвартай дан ганц Засгийн газар тэмцээд үр дүнд хүрдэггүй, хуулийн завхрал гажуудал хэрхэн байдаг, хулгайтай тэмцэх гэдгээс өөр мөрөөдөлгүй шүдгүй арслан шиг болгодог бүх алдааг нь залруулсан нь харин УИХ-ын дарга Г.Занданшатар болон энэ удаагийн парламентын гавьяа байлаа. УИХ-ын дарга Г.Занданшатар “Хүчтэй төрийг төлөвшүүлэхийг иргэд дуу нэгтгэн шаардаж байна. Энэ шаардлагын дагуу УИХ шуурхай мэдрэмжтэй ажиллах, иргэдийн засаглах, мэдэх, хянах, хариуцлага тооцох оролцооны эрхүүдийг хангасан олон хууль тогтоомжийг баталсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дамжуулан иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой парламентын хяналт шалгалтыг өргөтгөсөн. Хянан шалгах түр хороо, нийтийн сонсгол зэрэг ард түмний хяналт оролцооны эрхийг хуулиар баталгаажуулав. Цаашлаад гүйцэтгэх эрх мэдлийг өргөжүүлж, УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Ингэснээр гүйцэтгэх эрх мэдлийг хянаад зогсохгүй нээлттэй сонсгол явуулах эрхийг энэ парламент хийж чадлаа. Үндсэндээ хулгай, булхай, луйвартайгаа хамтын хүчээр тэмцэж, чадав. Харин луйварчид улсад учруулсан хохирлоо төлж, гэм зэмээ хүлээх нь хуулийн байгууллагын ажил болж үлдэв” хэмээсэн билээ. Энэ бүхний төгсгөлд хүссэн ч эс хүссэн ч энэ хоёр хүнд алгаа таших нь зүйн хэрэг биз. Дахиад хэлье мөсөн уулын орой дөнгөж цухуйхад АН-ынхан хамгийн их сандарч, учир зүйгээ олохгүй уралдаж гүйцгээв. Хүлээж бай, тун удахгүй МАН-ынхан уйлна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *