Татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцлээ
Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар бизнес эрхлэгчдийн саналыг сонсож, гол асуудлыг тодорхойлох зорилгоор “Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэх, гол асуудлуудыг тодорхойлох байв.
Хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Монголын бизнесийн орчин-2023” судалгааны үр дүнгээс харахад бизнесийн орчны ерөнхий үнэлгээ 2020 оноос 8 хувиар буурсан. Татварын орчин дундаас доогуур үнэлэгдэж, татварын нэр төрөл ачаалал 2,12 хамгийн бага үнэлгээ авч 2020 онтой харьцуулахад 19 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Мөн бизнес эрхлэх орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад татварын орчин маш чухал. УИХ-аас татварын цогц реформыг хийх асуудалд анхаарч буйд талархаад бизнес эрхлэгчдийн саналаа чөлөөтэй хуваалцахыг хүслээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүнд импортын эзлэх хувь 30 жилийн өмнө 29,8 хувь байсан бол 2022 онд 50,8 хувь болон өссөн. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн алдагдал 30,4 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ алдагдлыг 33,8 тэрбумаар гадаад өр, зээлээс нөхөж иржээ гээд импортоор гарч буй мөнгөний урсгал, валютын ханшид үзүүлж буй нөлөөлөл зэргийг товч танилцууллаа.
Хэлэлцүүлэгт бизнес эрхлэгчид болон Арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Бизнесийн зөвлөл, Монголын Хүнсчдийн нэгдсэн холбоо, Ноос ноолуурын холбоодын 80 гаруй төлөөлөл оролцон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах, хэрэглэгчдийн гарт очих давхар татвар төлж байгаа ,ажиллах хүчний хомсдол, нийгмийн даатгалын шимтгэл, гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх, аж үйлдвэржилтийг татварын бодлогоор дэмжих хэрэгтэй гэдгийг онцоллоо.