Хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй хоригдлуудаас ирсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ
Хүний эрхийн Үндэсний Комисст иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр ШШГЕГ-ын харъяа Хорих 421 дүгээр ангид Комиссын гишүүн Г.Нарантуяа, Хүний хувийн мэдээлэл хамгаалах хэлтсийн референт Л.Болдхүү, Гомдол мэдээлэл шалгах хэлтсийн референт С.Мөнх-Эрдэнэ, ахлах мэргэжилтэн Э.Одбаяр нар 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хяналт шалгалт хийлээ.
Тус хорих ангид ял эдэлж буй хоригдуулаас нэр бүхий алба хаагч нь хүнлэг бус, хэрцгий харьцсан, төрийн байгуулага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхийг хязгаарласан, эрүүл мэндийн шаардлагатай үйлчилгээ авах боломж олгодоггүй, алба хаагчид хоригдлуудыг хувьдаа хөдөлмөр эрхлүүлдэг, ажлын хоногийг холбогдох журамд заасны дагуу олгодоггүйгээс үүдэн магадланд орж чадахгүй байгаа тухай гомдлыг Комисст гаргасан юм.
Хяналт шалгалтаар хоригдлуудад сахилгын шийтгэл оногдуулж буй байдал, хорих ангид хэв журам сахиулах, харилцаа холбооны технологи ашиглаж байгаа байдал, эргэлт, уулзалтын орчин, нөхцөл, хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлагатай хоригдлуудын нөхцөл байдлыг шалгалаа.
Шалгалтын үр дүнг үндэслэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүний Зөвлөмж, хүний эрхийн зөрчлийг арилгуулах, таслан зогсоох зорилгоор Комиссын гишүүний Шаардлагыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.