Мөнгөн зээлийн үйл ажиллагааг 127 иргэн, 274 хуулийн этгээд эрхэлж байна
. “Мөнгө зээлийн үйл ажиллагаа (ломбард)-г зохицуулах тухай” хууль 2023 оны 3 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Түүнээс хойш нэг жилийн хугацаанд Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч (МЗҮАЭ) байгууллагууд улирал бүр Санхүүгийн зохицуулах хороо (СХЗ)-нд тайлангаа ирүүлэх үүрэгтэй болсон юм.
Энэ оны гуравдугаар улиралд 401 этгээд нэрлэсэн үйл ажиллагааг эрхэлж тайлангаа тус хороонд ирүүлжээ. Тэдгээрийн бүтцийг авч үзвэл:
- 274 хуулийн этгээд,
- 127 нь иргэн,
Хуулийн этгээдийн 70 нь СЗХ-нд, 204 нь аймаг, нийслэлийн Засаг даргад бүртгүүлжээ. Мөн бүсээр нь бүртгэлийг нь гаргавал:
- баруун бүст 4 иргэн, 3 хуулийн этгээд,
- хангайн бүсэд 79 иргэн, 11 хуулийн этгээд,
- төвийн бүсэд 11 иргэн, 30 хуулийн этгээд,
- зүүн бүсэд 3 иргэн, 5 хуулийн этгээд байна.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 255 МЗҮАЭ-ийн хувьд:
- 22.7 хувийг Баянзүрх,
- 21.6 хувийг Сүхбаатар,
- 18.1 хувийг Баянгол,
- 13.7 хувийг Хан-Уул,
- 12.5 хувийг Сонгинохайрхан,
- 10.2 хувийг Чингэлтэй,
- 0.8 хувийг Налайх,
- 0.4 хувийг Багануур дүүрэгт байна.
Нийслэлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн 30 нь иргэн, 225 нь хуулийн этгээд байна.
Улсын хэмжээнд 20 МЗҮАЭ-ийн 113 салбарын 100 нь СЗХ-нд, 7 нь орон нутгийн засаг даргад, 6 нь Нийслэлийн засаг даргад бүртгүүлжээ. Хамгийн олон салбартай МЗҮАЭ-ийн салбарын тоо 21 байна.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан зарим зохицуулалтыг нарийвчлах, тодорхой болгох зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооноос 2023 онд нэр бүхий 5 журмыг батлан гаргасан байх юм. Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс баталсан зээлийн хүүгийн дээд хэмжээ, зээлийн, батлан даалтын, барьцааны гэрээний ерөнхий загварын тогтоолын танилцуулга, зөвшөөрлийн цахим системийг ашиглах зааварчилгаа, бүрдүүлэх баримт бичгийн талаарх зөвлөмж зааврыг танилцуулах сургалтыг баруун, зүүн, төвийн, хангайн бүсүүдэд цахимаар зохион байгуулжээ.Тус сургалтад нийт 164 иргэн хамрагдсан байна.
Мөн Нийслэлийн 9 дүүргийн Санхүү, төрийн сангийн холбогдох мэргэжилтнүүдэд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэх, зөвшөөрлийн цахим системд ажиллах заавар, сургалтыг Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулсан аж.