Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 27 хувьтай байна
2025 оны II улиралд ашиглалтад орох Ус дахин боловсруулах үйлдвэр шинэ Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр ус авч, дахин боловсруулан Дулааны III, IV цахилгаан станцын хэрэглээнд нийлүүлнэ.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 27 хувь, ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилга угсралтын ажил 52 хувьтай явагдаж байгааг Монголын Мянганы сорилтын сан мэдээллээ.
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан хоёр дахь компакт гэрээний хүрээнд усны чиглэлд
- Ус гүн цэвэршүүлэх байгууламж барьж, ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах
- Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барих
- Усны салбарын тогтвортой байдлыг хангах гурван хөтөлбөр хэрэгжиж байгаа аж.
Эдгээр төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын усан хангамж 80 хувиар нэмэгдэх тооцоололтой байна.
Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр Сонгинохайрхан дүүрэгт Төв цэвэрлэх байгууламжийн хажууд баригдаж байгааг Монголын Мянганы сорилтын сан мэдээллээ. Үйлдвэр ашиглалтад орсноор Төв цэвэрлэх байгууламжаас Туул голд нийлүүлэх цэвэрлэсэн уснаас өдөрт 50 мянган шоо метр усыг дахин боловсруулж, Дулааны цахилгаан станцуудын техникийн хэрэглээг хангах зориулалтаар нийлүүлнэ. Ингэснээр жилд 18 сая шоо метр гүний цэнгэг усыг хэмнэж, ахуйн хэрэгцээнд ашиглах боломж бүрдэнэ гэдгийг онцолж байна.
Одоогийн байдлаар Ус сувгийг удирдах газар Ус хангамжийн нэгдсэн системээс 55 сая шоо метр ус нийлүүлж байгаа аж. Төсөл хэрэгжсэнээр 50 сая шоо метр усыг дахин нэмж нийлүүлэх хүчин чадал бүхий эх үүсвэрүүд ашиглалтад орох юм байна.
“Улаанбаатар хотын нийт усан хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн нийт хөрөнгө оруулалт 461.76 сая ам.доллар бөгөөд үүний 350 сая ам.долларыг АНУ-ын буцалтгүй тусламжаар, 111.76 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар санхүүжүүлэх ажээ. Монгол Улс өөрийн хариуцсан дээрх санхүүжүүлэлтийг 2024 оны улсын төсөвт тусган суулгаад буйг Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.