Ж.Нямсүрэн: Элэгний В вирусийн халдвартай хүмүүсийн 90% нь 19-45 насныхан байна
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-өөс “Элэгний гепатит вирусээс сэргийлэхэд сэтгүүлчдийн оролцоо” чадавхжуулах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Сургалтын үеэр элэгний гепатит вирусийн халдварын өнөөгийн нөхцөл байдал, эмчилгээний талаар эмч мэргэжилтнүүдээс тодрууллаа.
ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн “2022 оны мэдээллээр гепатит В вирусийн халдварын өвчлөлийн 90 гаруй хувь нь 19-45 насныханд бүртгэгдсэн. Гепатит А-гийн хувьд залуучууд, бага насны хүүхдүүд, гепатит D-гээр ахимаг насныхан түлхүү өвдөж байна. Гепатитийн халдвараас А, В, С вирус манай улсад түгээмэл бүртгэгддэг. Одоо ковидын өмнөх түвшинд бүртгэгдээд явж байна” гэлээ.
Гепатит В-гийн вакцины хамгаалах хугацааг 15-20 жил гэж үздэг. Зарим хүнд вакцины хамгаалах чадвар буурч байгаатай холбоотойгоор эргээд халдвар авч буй тохиолдол бий. 1993 оноос хойш төрсөн хүмүүс гепатит В-гийн вакцинд хамрагдаагүй бол хамрагдах боломжууд бүрэн нээлттэй. Тус вакцин нь гурван удаагийн тун хийгддэг.
“В, D ВИРУСИЙН ХАВСАРСАН ХАЛДВАРТАЙ ХҮМҮҮС ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДАЛ БӨГӨӨД ИХЭВЧЛЭН 30-50 НАСНЫХАН БАЙНА”
Гепатитийн вирусийн эмчилгээний талаар ХӨСҮТ-ийн чанарын менежер Б.Энхжаргал хэлэхдээ “Гепатит В, C вирусийн эмчилгээ нэвтэрчихсэн хийгдэж байгаа. D вирусийн эмчилгээний олон улсын судалгааны үндсэнд Монголд нэвтрүүлэх судалгаа шинжилгээний ажил болон удирдамжийг боловсруулах шатанд явж байгаа.
Вирусийн эмчилгээний тухайд:
- В вирусийн эмчилгээг удаан хугацаанд үргэлжлүүлснээр үр дүнгээ өгдөг. Багадаа 2-5 жил В вирусийн эм буюу идэвхжилийг нь дарангуйлдаг эмчилгээ хийдэг. Гэхдээ В вирусийг бүрэн устгадаг эмчилгээ одоогоор байхгүй.
- С вирусийн хувьд бүрэн эмчлэх боломжтой болсон. С вирусийн халдвартай болон элэгний хатууралтай хүнийг 3-6 сарын хугацаанд эмчлээд, эдгэрнэ. 95 хувийн үр дүнтэй гэсэн судалгаа гарсан байдаг.
- В, D вирусийн хавсарсан халдвартай хүмүүс гол тулгамдаж байгаа асуудал. Ихэвчлэн 30-50 насныхан байна. Хавсарсан хүмүүс нарийн мэргэжлийн эмчийн хяналтад 3-5 жилийн хугацаанд В вирусийн идэвхжил дарангуйлах эмийг уудаг. D вирус нь зөвхөн B вирусийн халдвартай хүнд л дамждаг.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 100,000 хүн тутмын 8.5 орчим хувь нь В вирусийн халдвартай. В вирустэй хүмүүсийн 60 хувь нь D вирусийн халдвартай хавсарсан.
В вирустэй эмэгтэй жирэмсэн болсон тохиолдолд дотрын болон эмэгтэйчүүдийн эмчийн хяналтад заавал орно. В вирусээ тоолуулахаар идэвхжилтээс нь шалтгаалан эмч хэд дэх долоо хоногтойгоос идэвхжил бууруулах эм уухыг нь зөвлөдөг. Эмээ уусан тохиолдолд хүүхэд эрүүл төрөх боломжтой. Нярайд төрөх үед болон төрсний дараа В-гийн вакцин хийнэ. Эхийн хувьд эмчийн хяналтад үргэлжлүүлэн явна.
Элэгний вирусийн халдвартай гэдгээ зарим хүмүүс мэдэхгүй явдаг. Элэг өвдөж, мэдэгдээд байдаггүй учраас насанд хүрсэн хүмүүс жилдээ нэг удаа В, С вирус илрүүлэх шинжилгээнд өрхийн эмнэлэг болон бусад оношилгооны эмнэлгүүдэд хамрагдах боломжтой. Илрэх шинж тэмдгийн хувьд нойргүйдэх, ядрах, үс унах, дотор муухайрах, гүйлгэх, аюулхай цанхайх зовуурь илэрдэг” гэлээ.