Ромын үеийн олдворыг хууль бусаар худалдаалахыг завдсан археологич Д.Эрдэнэбаатар нарын хэргийг дахин шүүнэ
Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Д.Эрдэнэбаатар, М.Адъяаням нарт холбогдох “НТӨ VII-III зуун, Эртний Ромын үе буюу НТ IV зууны үеийн археологийн олдвор болох соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг хууль бусаар худалдаалахыг завдсан” гэх хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр боллоо.
Тодруулбал, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс тус хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцээд, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагааг хийлгэхээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.