​Осгох ойлгох хоёрын аль нь түрүүлэх бол

0

Намайг бас л гацсан төслүүд бичлээ гэнэ байх. Зөв. Би улиг болсон. ДЦС-уудын төсөл ёс мэт гацдаг. Цаашид ч гацна. Тэсгим жаварт халаалт тасарч осгох үедээ ойлголоо ч-оройтсон байх вий.


Идэр ес тачигнаж 40 хэм хүйтэрдэг байгалийн давшгүй эрхшээлд амьдардгаа бид хайхардаггүй. Насжилт хэтэрсэн станцууд унтрах, Орос экспортоо хаах-аль нь ч дайрсан 1,7 сая оршин суугчтай нийслэл тэс хөлдөнө. Өвгөн станцууд оргил ачааллын үед бүх тэнхээгээ шавхаж, дээр нь Оросоос авдаг өндөр үнэтэй цахилгаанаар сэлбэвч, нөхөх үүсвэр-зуух трубингүй учир нүүрсээ нүдээ аньж өрдсөөр осол гарах аюул хутагны ирэн дээр өвөлждөг. Эрчим хүчний доголдлыг арилгах, өсөн нэмэгдэх хэрэглээг хангах маш чухал төсөл бол Багануурын станц! Идэр ес эхлэхгүй юм шиг, эрчим хүч тасрахгүй юм шиг-заяа мэд гэсэн шигээ занхалзаад байх уу цөмөөрөө. Осгох ойлгох хоёрын аль нь түрүүлэх бол.

90-ээд онд Япон тусалсны ачаар хөлдүүс болоогүйгээсээ сургамж авсангүй. Барьж барагласан Багануурынхаа ДЦС-ыг “сүйрүүлэх хужаа төсөл” гэх суртлаар юу ч биш болгосон. Багануурт станц баривал Хятад арми хяналтаа тогтоож, 5000 хужаа бүхий тосгон үүсэж, ах нарын барьж өгсөн нийслэл дэх станцууд асар хүчтэй хятад тогонд навс цохиулж шатна гэх инээдэмтэй марзан ухуулга цацсан. Энэ ухуулгын ил эзэн нь “Нэгдсэн Монгол” ТББ-ын тэргүүн, үл үзэгдэх залуурч нь сайд Ц.Даваасүрэн байв. Өмнөд хөршийг үзэн ядагч сүргийн цөсийг хөөргөхөд тэнэг пиар чухам. Харанхуй тархи тоглоом болдгийн тод жишээ. Багануур ДЦС-ыг Ц.Даваасүрэн бус “олны шаардлагаар” төр засаг царцаав гэх ойлголт монгол хар массын вакум толгойд үлдсэн. Ингэснээр орос олигархиудын цахилгаан манай руу саадгүй урсахад тээглэх том бөглөөг Ц.Даваасүрэн сайд онгойлгов. Монгол улсын хөдөлмөрийн хууль, Засгийн газраас олгодог гадаад ажилчдын квот дагуу хятад ажилчдын тоо хязгаартай. Ажилчдын 90 хувь монголчууд байна гээд гэрээгээр тохирчээ. Юун 5000 хужаа, юун Хятад арми вэ? Хүчдэлээ маневрлан тохируулах боломжтой тул юун шатах аюул бэ? Монголд маш чухал төслийг гацаах цуурхлыг төр засаг огт хайхраагүй. Би бичиж зөнөгөө дуудуулж байлаа.

Хамтдаа хожьё гэдэг хаяа хатгасан аугаа хэрэглэгч хөршөө өдөж хатгаад буруу харуулчвал нүүрс хүдэр зэс маань борлохгүй бид л баларна. Дэлхийн хоёр дахь эдийн засагтай бөөр нийлсэн айлсалт ховор боломж. Хятадгүйгээр Монголоо төсөөлөөд үз. Малтмалаа дэлхийн аль буланд ямар тээврээр яаж хүргэж, хэнд зарахаа бод. Нүүрс зэсийн орлогогүй болбол бид хэцүүднэ. Тэдний дэргэд мануус хэн билээ. Юм л бол хужаа гэж онголздог чинь бодлогогүй авир шүү. Айдас арилах яагаа ч үгүйг Путин харуулж буй цагт-урд хөршөө өдөөд байвал ганцаардна шүү.

Хүний насжилт дунджаар 65-70 гэвэл ЦС-ийн насжилт 25 гэж багцаалжээ. Манай станцууд 40-өөс 50 жил ажилласан. Хүнээр бол манай станцууд 130-140 нас зооглосон хөгшид юмсанж. Оросууд биднийг цахилгаан станц шинээр барих хэрэггүй. Нас хэтэрсэн станцуудынхаа тархи, зүрх, уушиг, ходоод, элэг, бөөрийг соль гэж зааварладаг. Нас сүүдэр хоёр нугарсан станцуудын үхмэл цогцсуудыг авч хаяад орлуулах донор “эрхтэн”-үүдийг зөвхөн Оросоос авна. Энэ нь өндөр үнэтэй цахилгааныхаа араас сэлбэгээ шахах тулгалт. Ийм аргаар шулахын тулд мануусыг юмны учир олдоггүй арчаагүй дүнхүү, эрх ашгаа хамгаалах оюунгүй байдалд уяад, чадамж өндөр шинэ технологиор сүпер эх үүсвэр барихыг гацаадаг. Ахын заль ужиг агаад хорон хажир. Манай инженерүүд амбасын үеийн станцуудын болохгүйг болгон монголчилж, тэсгим жаврыг хэтэлж яваа нь юутай их буян бэ. Хөлдөж үхэхээс аврагч та нарыг минь бурхан өршөөг. 

Манай станцуудыг гадаад дотоодын докторууд шинжлээд үхэх цаг нь хэтэрчихэж. Хасах 40 хэмийн оргил ачааллынхаа үед дэлбэрэх осол тун ойртжээ гэж анхааруулсан ч манай эрх баригчид эрдэмтдийн үгэнд орох жижиг гарууд биш билээ. Өтөл станцууд эцэстээ тулаад амьсгал хурааж хот хөлдвөл зовлонг далимдуулж буяны үйлсээр оросууд өндөр үнэтэй цахилгаанаа бүр өндөр өртгөөр шахаж “өгөөмөр туслагч” гэх алдраа мандуулна. Эрсдэл давах Багануурын станц боссоор атал манууст заавал тэгж өрөнд унаж амиа дэнслэх хэрэг байна уу?

Багануур төслийн нийт өртөг 1,2 тэрбум ам. доллар. Барих-ашиглах-шилжүүлэх гэрээг 2015 онд хөрөнгө оруулагч талтай үзэглэсэн бөгөөд 25 жилийн дараа Монголд үнэ төлбөргүй шилжүүлэх юм. Технологийн хувьд хүчин чадлаа 140 МВт хүртэл бууруулж, маневрлан цохицуулах боломжтой. Гэрээт хугацаа дуусмагц нэг ч төгрөг төлөлгүйгээр өөрийн мэдэлдээ авахаас гадна концессын 1,2 тэрбум ам. долларын гэрээнд Монгол улсын Засгийн газраас ямар ч баталгаа шаардахгүй гэх заалт тусгачихаж. Мөн худалдах, худалдан авах гэрээнд зааснаар станц ашиглалтад орсноос хойш эхний 4 жилд 220 МВт-ыг нэг блокоор нийлүүлнэ. Тав дахь жилээс хоёр блокыг тус бүр 220 МВт-аар, зургаа дахь жилд тус бүр 245 МВт-аар шат дараатай нийлүүлэх уян нөхцөл гэрээнд заажээ. Гол нь тохируулан маневрлах боломж нээлттэй. Үүнд монгол инженерүүдийн мэдлэг хүрнэ. 

Багануур ДЦС-ыг зогсоох шаардалга байж уу? Сайн бод. Ашиглалтад орсон бол өнөөдөр цахилгаан дулаанаар ингэж доголдохгүй л байж. Хар буруу санааг юу хөтлөв. Зөнөг өвгөнд Ц.Даваасүрэн хэн ч биш. Гагцхүү учруулсан гарзыг нь тооцохоор хэнэггүй олныхоо сонорт дахин дахин хүргэмээр. Хашаанд харайж ороод хонь бариад буй чоныг буу тавьж үргээдэг угшлаараа зөнөг өвгөн би тэсэхгүй бичих юм. Хойшид ийм хохирол амсахгүй яв гэсэн санаа л даа. 

2028 онд блок тус бүр нь 315 МВт-аар ажиллаж эхэлнэ. Энэ нь технологийн том дэвшил, бас цахилгааны найдвартай аюулгүй ажиллагааг хангах эх үүсвэр. Тус станц нэг кВт цахилгааныг өдгөө ОХУ-аас импортолж буй цахилгааны тарифаас хямд үнээр төвийн бүсэд нийлүүлэх нөхцөл тавьсан. 812 сая нөөцтэй уурхайн хажуудахь станц тээврийн зардлаа хэмнэнэ. 

Нас хэтэрч үжирсэн станцуудаа хальхуулаад сэхэхгүй нь мэдрэгдэв. Нийт олноо хоослогчдыг УИХ-д ямагт сонгодог нь бидний хэнтэй ч үл хуваалцах алдаа л даа. Мега төслүүд гацааж эх орноо хорлогчдод ял сонсгох гэж буй гэл үү? Зөв! Багануур, Шивээ овоо, Могойн станцуудыг гацаасан Ц.Даваасүрэн, төмөр замын төслүүдийг юу ч биш болгосон Женко хоёрыг шалгаж зүрхлэх бол уу.

Н.Тавинбэх сайдын яриа: “Багануурын ДЦС-ын гэрээ их сайн гэрээ болсон юм билээ. Ажил эхлээд явж байхад нь Монголын тал тодорхойгүй шалтгаанаар зогсоосон… Ши Жинпинь даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон ч 2022 оны IV сард Хятадын Хөгжил шинэчлэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэх буюу Ши Жинпинь даргын үгнээс хамааралгүйгээр санхүүжүүлэх төсөлд оруулсан. Тиймээс “танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтын асуудлыг ярилцъя” гэсэн… Гэтэл концесс эзэмшигч 8-р сарын эхээр “Бид энэ төслийг санхүүгийн хувьд цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас хувьцаагаа шилжүүлэх хүсэлтэй байна” гэсэн албан бичиг ирүүлсэн” гэв. Энэ бол-Эрчим хүчний сайд байхдаа Ц.Даваасүрэн гишүүний амжуулсан хорлол. Багануур-ДЦС ашиглалтад орвол Оросын эрчим хүчний хэт өндөр үнэтэй урсгал хумигдана. Манай эрчим хүчний эх үүсвэр ийм замаар гацдагийг хэлэх гэж ядлаа. Эрчим хүч, шатахууны экспортоо зэвсэг болгосон орос геополитикийн нөөлгөнд Монгол мэт жижиг хөршүүд сэхдэггүй аж. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд бие даах гэж зүтгээд буй нь нэгийг хэлнэм бус уу.

Тулган дорх нүүрсний орд

Хөвсгөл Завханы хязгаарт хэдэн залуу тулган дорх нүүрсний ордоо түшиглэн станц барьж, (бэл нь хүрээгүйгээс хятадуудтай хамтарч) эрчим хүчний эх үүсвэртэй болж, сумынхаа жижиг дунд бизнес эрхлэгчдийг тогтой болгосноор орос цахилгаанд урсдаг валютаа улсдаа шингээх гэжээ. Гэтэл өнөөхийг нь Ц.Даваасүрэн унтрааснаар рейтенгээ суга өсгөж сайдын сэнтийд заларч байв даа.

Хорин жилийн дараа хөл дорх хүрэн нүүрсээ цахилгаан болгох хүсэлдээ хөтлөгдөн дахиад л тууз хайчлав. 20 насаар хөгширсөн ахимаг эрс цөхрөөгүй ч Даваасүрэн сайдыг давсангүй. Эрхэм гишүүний “эх оронч” гэх үйлдлээс ямар үр дүн гарав? Оросууд эрчим хүчээ шахсаар. Гишүүний сонгогчид ижилгүй үнэтэй импортын тогонд шулуулсаар. Хөвсгөлийн сонгогч олны төрдөө залсан төлөөлөл-яс махны тасархай Ц.Даваасүрэнг УИХ-д оросууд сонгоогүй байлтай. 

Нас хэтэрсэн станцуудаа байнга өндөр үнээр сэлбэж, хөрөнгөө дэмий үрдгийг больж, орчин үеийн станц барих манай төсөл бүхэн аварга орос саварт атгаастай. III ДЦС-д оросууд 655 сая долларын сэлбэг шахсан мэдээ цацагдав. Багануур станцын нийт өртгийн талаас илүү үнэтэй сэлбэг?! Гайхалтай. Мөн III ДЦС-ын элэгдсэн эд ангийг сэлбэх төслийг Оросын “Интер РАО-экспорт” компани гүйцэтгэхээр ТЭЗҮ-гээ ирүүлж, ОХУ-аас олгох өндөр хүүтэй зээлийг 2022 оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулна гэж хөөрцөглөв. Үүгээр Багануур-ДЦС алсарч үжирсэн станцуудаа өндөр үнээр сэлбэх дараалсан хагалбаруудын төлбөр, хулхи сэлбэгүүдийн үнэ, эрчим хүчний хэт өндөр өртөгтэй нийлээд хойшоо урсав.

В.Путин: “Монгол улсын эрчим хүчний хомсдолтой холбогдох асуудал нь чухал гэдгийг бид ойлгодог. Энэ хомсдолыг нөхөхөд Оросын цахилгаан станцуудаас Монгол руу нийлүүлэх эрчим хүчийг нэмэгдүүлэх боломжтой”. (Гурван улсын төрийн тэргүүний уулзалт. Ташкент). 

Тавьсан шавнуудаа эргээд олох уу

Сая таван зуун мянган кв. км нутгаасаа эрчим хүчний эх үүсвэр барих дов ололгүй олон жил будиллаа. Тууз хайчилж хуврагуудаар тарина дүнгэнүүлж хадаг цай өдий төдий нүхэнд булсны зардал юу шалиа. Харин шав тавьсан дош болгонд ТЭЗҮ зохиодог бол хэсэг хүн цадаа. 1964 оноос ярьсан Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг тендерт шалгарсан хятад компани 288 сая төсөвт өртгийг 17 саяар хямдруулж, 271 сая доллароор барих тохироонд 2021 оны 9-р сарын 17-нд хүрч, талууд гарын үсэг зурснаар зуун дамнасан төсөл 2022 оны 4-р сард хөдлөх болжээ. 

Овоо доо гээд баярлатал “даврах болоогүй” гэсэн шиг ОХУ шатахууныхаа гэрээт нийлүүлэлтийг гэнэт хааж цочоов. Мал өсөөд маханд очерлохоо больсон ч машиныхаа хоолонд очерлолоо. Социализмд сайдууд машин унадаг байсан бол хоосрол дагуулсан ардчилалд машинтай ядуус үржжээ. Явгарсан ядуус хоёр зээрдээрээ таваргахаас залхуурч ах нарынхаа өөдөөс аймшиггүйгээр-бензиний чинь үнийг валютаар төлчихөөд байхад гэрээгээ зөрчиж крантаа урьдчилж анхааруулалгүй хаав гэж цоролзлоо. Маниусын үед ингэж даварвал алуулах байв.

Тээр жил Ангела Меркель-Монголд хөрөнгө оруулахад хоёр бэрхшээл байдаг. Нэгд баялгийн ордууд нь олон зуун, бүр мянган км-ийн чанад дэд бүтэцгүй цөлд оршдог, хоёрт хөршөөс нь зөвшөөрөл авахгүй бол төсөл нь явдаггүй гэж телевизээр мэдэгдэж харагдсан. V ДЦС-д хөрөнгө оруулахаар солонгос франц япончууд хэдэн жил тэвчээртэй хүлээсний эцэст энэ төслийг Орос хэзээ ч зөвшөөрөхгүйг мэдээд буцсан. Цөхөрсөн биз. V цахилгаан станцыг хэн гацаасан тухай нэхэл ковидоор сөхөгдмөгц манай эрх баригчид “монголчуудаас болоод гадны хөрөнгө оруулагч нар V цахилгаан станц төслийг орхисон” гэж орос ахаа хаацайлж байх юм. Томчууд орос ахаасаа айж үнэнийг ард түмнээсээ ингэж нуудаг. Ардчилал үнэнийг ярих боломж олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Олны үг төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд сөхөж төрөө сэлбэж сурцгаая. Энэ бол ардчиллын үнэт зүйлсийн нэг авай.

Миний залбирал

Гашуун сухайтын төмөр зам, Эрдэнэбүрэн, Эгийн УЦС-ууд, V-ДЦС-ыг 10,20,30 жил хөдөлгөөгүй орос магнатууд Энэтхэгийн тэрбум долларын зээлээр барих нефть үйлдвэрт хар цагаан үг унагаагүй. Уг нь ийм юманд хошуугаа билүүддэг л ах нар юмсан. Мулгуу монголчууд нефть үйлдвэрээ хангах нөөцтэй ордоо яс тогтоогоогүйг тэд мэдэж байгаа. Ер нь бид алив төслөө бүтэх бүтэхгүйг тооцоолж тавагдахгүйгээ хүлээн зөвшөөрч, “Орос гацаавал бүтэх төсөл, гацаахгүй бол бүтэхгүй төсөл” гэж тааж байвал тэнэг улсад шулуун юм биш үү. Хайгуул хийж нөөцөө яг тогтоогоогүй, 530 км хоолойгоор лаг нефть урсах эсэхийг судалж нотлоогүй байж төслөө эхлүүлж сүржигнээд Энэтхэгийн гараа сунгасан анхны зээлийг элсэнд булчвал хаашаа харж үхнэ ээ. “Монголчуудын оросгүйгээр бие дааж юм хийж буйг хар” гэх суртал явж өгнө. Хөөрүү гэнэн бодлого биелээсэй гэж бурхандаа би залбирсаар. Нэр байна хор байна орос олигархиудын хөх инээдийг хүргэхгүй юмсан.

Танк их бууны аюул зайлшгүйг УИХ нотлов

Эрхэм гишүүдээ, гишигсэн мөрөө эргээд хар. Өргөн цариг тавихыг ямар түвшинд шийдлээ? Мэдээж УИХ. Зүүнбаян, Гашуунсухайт, Ханги гурван чиглэлд өргөн цариг тавьсан 76 гишүүний шийд-танк их бууны аюул “бодиттойд” итгэдгээ гадаад дотоодод нотлов. Яагаад гэвэл нарийн царигаар Хятадын төмөр замтай шууд холбох боломж байсаар атал сэлгүүлэн ачих терминалд асар их хөрөнгө, үнэт цаг хугацаагаа зориуд дэмий үрээд зогссонгүй, галт тэрэгний урт урт цуваагаар сая сая тонн эрдсээ хил хамгийн хямдаар шууд давуулах ховор боломжоо алдах өөр шалтгаан байгаагүй юм чинь дэлхий дахин тэгж ойлгохоос яах билээ.

Юутай ч 12 жил гацсан галт тэрэг эцсийн эцэст зэргэлээт говиор нэг удаа туршилтаар жирэлзэв. Таван толгойд туг далбаа дарцаглан хөгжим нижигнэж дарс ханхаллаа. Жилд 70 сая тонн нүүрс экспортолно гэж ерөнхийлөгч хөөрцөглөв. Дагаад хөөрчих гэсэн чинь хилийн боомтоос 10 км-ийн наана өргөн царигтай төмөр зам маань мухардаж, галт тэрэгний цуваа нүүрсээ эзгүй хээр асгаад цааш машинаар хөршийнхөө нарийн цариг руу зөөх гэнэ. “Ашиглалтад оруулав” гэж сүржигнэсэн төмөр замаараа нүүрсээ илчит тэрэгний цуваагаар хил давуултал 3-4 жил хүлээх гэнэ. Ашгаа мөд өгөхгүй үхмэл зам сэдсэн нь илэрлээ. Тэрбумын өртөгтэй терминал барьж гүйцэхэд УИХ, ерөнхийлөгчийн хугацаа дуусаж, сэлгүүлэн ачих буулгах нүсэр дарамт дараагийн төр засгийн нурууг хотойлгоно. Энэ нь бодлогын залгамж чанараа нулимдаг 76 хоноцын тарьдаг гай. Тэгээд ичих ч үгүй “тархиа ширгэтэл чөмгөө дундартал зүтгэсэн” гэж дургүй хүргэнэ. 

Өргөн цариг тавьсанд танк их буунаас өөр ямар ч шалтгаан байхгүйг ойлгов уу. УИХ сэлгүүлэх терминалд хомс төсвөө өм цөм хоослохыг тоогоогүй нь танк их буунаас айв уу эсвэл орос ахаа зуйрав уу? Яасан бэ 76 минь? Бидэндээ шивнээч. Өчүүхэн улсынхаа зовлонг мэдэрч та нарыгаа чадлаараа түшье. Царигаа дэлхийн стандарт нарийнаар тавьсан бол Гашуун сухайт Шивээ хүрэн Хангийн терминалуудыг барих тэр их зардлыг ядуурсан мань хүртэх байв. Үүнийг ярих тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд харшилна гэж үү.

Амин чухал наад захын хэрэгцээнд төсөв хүрэхгүй хүн ам өлөн зэлэм ядаж байхад яагаад маш их давхар давхар үрлэг бүхий терминал шаардлагатай өргөн цариг тавив гэхэд “танк их буунаас айгаад” гэхээс өөр хариулт би олсонгүй. Өөр хариулт байна уу? Байвал хэлээч УИХ-аа. “Сэлгүүлэн ачих буулгахад дурлаад” гэлтэй ч биш, “мөнгөө хоосон үрмээр санагдаад” гэхэд хэн ч итгэхгүй. УИХ 10 гаруй жил тархиа ширгэтэл судалж судалж тэрбумаар шатах өргөн цариг сонгосондтанк их буунаас өөр шалтгаан байгаагүй нь дорхноо тодорч байна. Гэтэл саяхан спикер маань үл үзэгдэгчийн тухай үг унагав. Том төслүүд гацаагч үл үзэгдэгчийг бүгд мэднэ ч гэх шиг. Өөрөө бол түүнийг бүр сайн мэдэх нь. Гэвч үл үзэгдэгчээ зарласангүй. Нуув уу яав. 

Уг нь нүүрсээ галт тэрэгний цуваагаар хил давуулж валют болгож байж л тугаа мандуулж, хөгжмөө нижигнүүлж, дарсаа ханхлуулмаар. “Экспортын төмөр замаа гацаасны улмаас 10 гаруй жилд хохирсон 80 ихнаядын алдагдлыг экс ерөнхийлөгч Х.Баттулгаас нэхэмжлэх учиртай” гэж Засаг мэдэгдсэн ч монголчууд Украйны нацистуудыг зүхэж, орос ахаа магтаад 80 ихнаядынхаа хохирлоо хайхарсангүй. Ах нарынхаа бурууг ч сохор дүлий нохой мэт өмөөрдөг биднийхээ “чулуу шороогоо ихээр хямд тээх-төмөр зам”, “даашгүй дарамт хөнгөлөх-эрчим хүчний эх үүсвэртэй болохыг минь” орос олигархиуд гацаахдаа нугаршгүй ажээ.

Нарийн цариг тавьсан бол БНХАУ танк их буугаа ачиж ирээд эзлэх байсныг УИХ дэлхийд ямартай ч зарлачлаа. Хэн хэндээ ашигтай найрсаг харилцаа дээд түвшиндөө тохирсон БНХАУ энэ өдөлтийг хэрхэн дүгнэдэг бол? Хятад Орос шиг довтлохгүй. Хилээ хаачихад л бид хэцүүднэ. Орос магтадууд үүнийг хүсэж байгаа.

Түүхэн хөндүүр

Асар их хохиролд унагах орос ахынхаа тулгалтыг “үгүй” гэж түс тас зөрж зүрхэлдэггүй манай эрх баригчдын хулчгар зан буруутай мэт харагдавч, түүхэн хөндүүр хөөрхий тэдэнд минь бий. Тэдний ой санамжид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал цаашаа А.Амар, П.Гэндэн гээд Д.Бодоог хүртэл олон арван удирдагчдын маань хувь тавилан бичээтэй байгаа. “Үгүй бол үгүй”, “За бол за” гэдгээ шууд мэдэгдэхэд аюул арилаагүй тул манай эрх баригчид айсандаа муу хэлүүлээд дуугай хохирч явдаг. Э.Бат-Үүл, М.Энхсайхан, С,Баяр, Да.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг шоронд хорив. Ээлжит ардын дайснууд. Америкийн тагнуулууд. Гэхдээ амин гол байр сууринаасаа яав ч хазайхгүйгээ гурван саяул тууштай баримталбал хөрш харгалзах нигуртай. Унхиагүй дүнхүү лоймлууд дээрэлхүүлдэг бөгөөд “хохь нь” гэхэд бурхан ч өмөөрөмгүй.

Шатахуун цахилгааны хараат байдлаас салбал ачаа хөнгөрч алхаа түргэснэ. Манай барааны хил гаалийн хураамж асар өндөр. Барууны хориг чангарах тусам дийлдгээр нь дорой хөршдөө улам хатуурхах нь гомдмоор. Бүр уйлмаар. Бид тэдэнд яаж ханддаг билээ. Бусдын хоригоос болж ядуу хөршөө шулдаг ямар хүний ёс-яс вэ. Гэрт загнуулсан хүн гадаа гарч нохой өшиглөв гэгчээр. Буруугүй атлаа өшиглүүлсэн нохой дурдсан болохоор баавгайн тухай ярихад дургүйцэхгүй биз. Баавгай өлсөхөөрөө айлын гадаа ирэх, аварга савраараа хаалга үүд маажих, тэр ч байтугай идэх юм хайж гэрт шууд ордог гэсэн. Аймшигтай юу, үгүй юү? Надад бол аймшигтай. Нохой баавгай гэснээс 62 суудалтай УИХ, эрх мэдлээ нэмсэн ерөнхий сайд, шөрмөслөг идэр ерөнхийлөгч, өөрөөр хэлбэл, нэг намын гурван өндөрлөг гацсан мега төслүүдээсээ ганцыг ч атугай хөдөлгөх дипломат ухаан, эх оронч эр зориг гаргасангүй. Хойшид эрх мэдэл ингэж төвлөрөх ч үгүй биз, эр зориг төрөх ч үгүй биз. 

Хамрынхаа үзүүрээс цаашхийг хардаггүй масс сүүлийн өдрүүдэд шатахуун, эрчим хүч тасаллаа гэж Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн хоёрт эрх чөлөөгөө үзүүлэв. Хоёр сайдад “найрамдал-дружбагаа бүү сэвтүүл” гэж нам нь тулгаж, “орос ахынхаа өөдөөс сөрөх осолтой” гэж архаг боловсрол нь сэм номлож, “ахын заавраас зөрөх аюултай” гэж түүх бас сануулаад байна уу гэж өвгөн зохиолч би өрөвдлөө.

2021-2023

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *