SPEAK OUT: “Иргэд автобусны тоог нэмэх хэрэгтэй” гэв

0

Энэ удаагийн “DNN-SPEAK OUT” булангаар  нийтийн тээврийн чанар, хүртээмж, тав тух ямар байгаа болон үйлчилгээний чанарыг хэрхэн сайжруулах талаар иргэдээс тодрууллаа.

Тэд өөрсдөдөө тулгамддаг асуудлаа хуваалцан, шийдэх гарц гаргалгааг ч хэлж байлаа.


Иргэдийн үзэл бодлыг хүргэж байна.

Иргэн н.Ганболд /53 настай/: Таксины мөнгөгүй юм чинь автобусаар зорчихоос өөр юугаар зорчих вэ? Бид чинь мөнгө  муутай, ажилгүй болохоор нийтийн унаагаар л зорчино шүү дээ. Яахав хуучнаа бодвол гайгүй болчхоод байгаа. Ерөнхийдөө тун гайгүй болсон. Ах нь Европт  10 гаруй жил амьдарсан. Манай нийтийн тээвэр Европ шиг цагийн хуваарийнхаа дагуу явдаг болчих хэрэгтэй. Миний бодлоор  хувийн унааг үргэлж тэгш сондгойгоор  явуулах хэрэгтэй. Би “Хүнсний-4” дэлгүүрээс тавдугаар сургууль руу хүүхдээ хүргэдэг. Энэ хооронд машин барих  дэмий, алхаад явах нь дээр санагддаг.

80 настай буурай: Миний хувьд Хандгайтаас хотын төв рүү автобусаар зорчдогЯасан идэж ууж ханадаггүй юм. Хэдэн сайхан автобус оруулж ирээд хувийн машиныг цөөлөх хэрэгтэй. Түгжрэл багатай бол автобус гайгүй хүлээнэ. Хуучин жижигхэн ногоон автобус явдаг байсан. Одоо энэ шинэ улаан автобус маш сайн байна. Цонх нь цантахгүй дулаахан. Их тамирын урд талын зам нь зуны бороонд эвдэрсэн ч манай руу явдаг чиглэл бол сайн. Ер нь автобусаа л сайжруулах хэрэгтэй. Метро энэ тэр бол бүтэхгүй ээ.

ХанУул дүүргээс бүх чиглэл рүү зорчдог иргэн:  Ийш тийшээ зорчиход маш хэцүү. 70, 80-аад оных шиг болж байна. Автобус нь хүйтэн, бензин үнэртэнэ. Ажлын шаардлагаар бүх чиглэл рүү нийтийн тээврээр зорчдог. Заримдаа 30, 40 минут хүлээнэ. Ид ачааллын үед нэг буудлын хооронд бараг хоёр цаг хүлээнэ. Хөдөө гарч амьдардаг билүү гэж бодож байна.  Төр засаг ингэж хэдэн тэрбумаар идээгүй бол метрогоо барьчихсан байгаа. Би Солонгост амьдарч байсан. Тэнд автобусанд бараг л ганцаараа явдаг байсан.

Арван жилийн сурагч: Би Улаанхуарангаас “Модны 2” хүртэл автобусаар зорчдог.  Автобус арай л их хүнтэй. 25 дугаар эмийн сангаас манай автобус хүнгүй болчихдог. Орой заримдаа автобус нь буудал дээрээ зогсохгүй шууд явчихдаг.

Иргэн н.Зоригт:  МУБИС-аас 3, 4-р хорооллын хооронд тогтмол зорчдог. Тав тухтай байна гэдэг бол хэцүү шүү дээ. Өглөөний 08:00 цагаас 10:00 цагийн хооронд багтах нь уу. үгүй юу. Хүртээмж хэцүү дээ. Өнөөдөр гэхэд л бид 10 дугаар хорооллоос Централ тауэр руу 3 цаг явлаа. Автобусны тоог нь нэмэх хэрэгтэй. Оюутнууд амарчихаар түгжрэл гайгүй болчихдог.

Иргэн.Тунгалаг: Манай Хайлаастын унаа муу явдаг. Ялангуяа оройны найман цагаас хойш бараг явахгүй. Өдөр ч гэсэн заримдаа их хүлээлгэдэг. Нийтийн тээвэр хүйтэн, бохир. Улаан автобус давгүй гэхдээ зай муутай. Хүртээмжгүй. 38 дугаартай автобус хол явдаг болохоор явдаг тойргийн богиносгох хэрэгтэй. Заримдаа хоёр хоёроороо уралдаад давхичих юм. Ямар учиртай юм мэдэхгүй. Бэлэн мөнгөөр зорчиж байгаа нь нийтийн тээврийн орлогод шууд муугаар нөлөөлж байна. Жолоочид цаашаа өгөхгүй өөрсдөө л авч байгаа шүү дээ.

Хан-Уул дүүргийн иргэн Оюунчимэг: Би хүргэлтийн ажил хийдэг учраас газар сайгүй л явдаг. Одоо хороолол явах гэж байна. Аль ч чиглэлд явсан автобус маш удаан ирдэг. Ерөөсөө ирдэггүй. Ирэх заяа байх юм бол уралдаад гурав дөрвөөрөө ирээд 2 цаг хүлээлгэдэг. Автобусны тоог нэмэхээсээ илүү 1-р эгнээг сайн чөлөөлөх хэрэгтэй байна. Би орой бүр хорооллоос Дамба даржаа хүртэл бүтэн гурван цаг явж байна. Орой 18:00 цагаас тараад 21:30 цагт гэртээ очиж байна. Цаашаа 30 минут алхаад 22:00 цагт гэртээ очдог. Нэг талдаа кондуктар байсан нь дээр байна. Залуус огт суудал тавьж  өгдөггүй.

Иргэн Мэндбаяр: Хуучин автобуснууд доторх орчин нь их бохир. Автобус хүрэлцдэггүй. Доторх орчин нь цэвэрхэн байх ёстой. Жолооч нар нь үргэлж хоорондоо утсаар ярьдаг. Мөн янз бүрийн хараал хэлдэг. Жолоо барьж байгаа, олон хүний амь нас хариуцаж яваа хүмүүс шүү дээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *