“ТТТ” ХХК-аас гарсан 57 сая төгрөг компанийн нягтлан бодогчийн нөхрийн хадгаламжид оржээ
УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор “ЭТТ” ХК-аас охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох барим шинжлэн судална. Эхний сэдэв “Таван толгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн талаар юм.
Шинжээч “Таван толгой түлш” ХХК 2018 онд “Зерован” ХХК-аас санхүүгийн программ худалдан авч санхүүгийн үйл ажиллагаандаа ашигладаг байжээ. Тус программаас 2018-2022 оны санхүүгийн мэдээллийг гаргаж өгөх боломжгүй байгаа талаар одоогийн санхүүгийн ажилчид хэлсэн. Иймд шинжээч нарийвчлан шалгах шаардлага үүссэн.
Улмаар данс хөөх аргаар шалгахад “Таван толгой түлш” ХХК-аас “Зерован” ХХК-д нийт 8 удаагийн гүйлгээгээр 57 сая төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхчулуун бэлэн мөнгөөр зарлагадаж, улмаар иргэн О.Ууганбаярын Төрийн банк дахь хадгаламжийн дансанд шилжүүлсэн байна.
О.Ууганбаяр нь “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэгийн нөхөр болох нь УБЕГ-ын лавлагаагаар нотлогдсон байна” гэж дүгнэлт танилцууллаа.
Гэрчээр дуудагдсан “Таван толгой түлш” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч П.Амарцэцэг “Би 2018 оноос 2021 он хүртэл ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. Тухайн үед санхүүгийн программ сонгон шалгаруулах тендерийн үнэ өндөр байсан. Санхүүгийн бүртгэлээ хөтлөхийн тулд аргагүйн эрхэнд программ авахаар болсон. Авах программ тэр үед олдоогүй. Зарласан 10 сая дотор багтсан учраас программыг авсан” гэлээ.
Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр түүний нөхрийн дансанд шилжсэн мөнгөний талаар тодруулахад, хариулт хэлсэнгүй.