СОНСГОЛ: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг 1.3 их наядаар барьж, улстөрчийн хамааралтай ЗУРГААН компани оролцжээ

0

УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас санхүүжүүлсэн төмөр замын төслүүд сэдвийн хүрээнд дараах 7 асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 68 гэрчийг дуудсан байна.

1.     Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл

2.     Богдхан төмөр зам

3.     Бодь Интернэшнл ХХК /Богдхан төмөр замын санхүүжилт/

4.     Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл

5.     Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв

6.     ТТ-ГС болон ТТ-ЗБ холбох төмөр зам

7.     Бодь Интернэшнл ХХК /ТТ-ГС төмөр замын санхүүжилт/ 

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгийн талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжүүлэх зорилгоор 20 жилийн хугацаатай хүүгүй, хааттай нөхцөлтэй бондыг Монголын төмөр зам гаргаж “Эрдэнэс Тавантолгой” худалдан авсан байна. Нийт баталсан төсөв нэг их наяд 392.2 тэрбум төгрөг. Үүнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК нэг их наяд 336.1 тэрбум төгрөг, үлдэгдэл 51.4 тэрбум төгрөг, Зүүнбаян төмөр зам ХК-ийн үйл ажиллагааны зардал хасагдсан 4.8 тэрбум байна.

Төслийн санхүүжилтийн эх үүсвэр Үнэт цаас худалдан авах гэрээгээр 750 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Зүүнбаян чиглэлийн төмөр замд зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд оролцсон. Төмөр замын бүтээн байгуулалтад дараах байгууллагууд гүйцэтгэгчээр оролцсон.

1. Төмөр замын дээд бүтэц хариуцсан ерөнхий гүйцэтгэгчээр Улаанбаатар төмөр зам ХНН

2. Төмөр замын доод бүтэц хариуцсан ерөнхий гүйцэтгэгчээр ЗХЖШ

Төмөр замын бүтээн байгуулалтад ЗХЖШ-ийн харьяа найман анги нэгтгэл, 77 аж ахуйн нэгж ажилласан. Тавантолгой-Зүүнбаян төмөр замыг 2023 оны наймдугаар сарын 23-ны дүгнэлтээр ашиглалтад оруулсан байна.

Улаанбаатар төмөр зам ХНН-тэй төслийн дээд бүтцийн ажил, холбоо дохиоллыг суурилуулах ажилд нийт 30 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан байна. Энд улстөрчийн хамаарал бүхий зургаан компани байна. Үүнд:

1. “Болор болд зам” ХХК 5 тэрбум 70 сая төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигчийн эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Б.Мэндсайхан. Б.Мэндсайхан нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын дүү. Иймд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын нэгдмэл сонирхол бүхий этгээд гэж авч үзжээ.

2. “Аржроуд” ХХК 2.9 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Х.Мөнх-Эрдэнэ. “Мон арж зам” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Энэ компанийн эцсийн өмчлөгч нь Г.Тэнгис. Тэнгис нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүүхэд.

3. “Монголзам групп” ХХК 24.8 тэрбум төгрөгийн гэрээ хийсэн. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Г.Эрдэнэцогт. “Мосмеп” ХХК-иар нэгдмэл сонирхолтой. Нэгдмэл сонирхол бүхий этгээд УИХ-ын гишүүн Н.Ганибал.

4. “Эрдэнэзам” ХХК 7.1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. “Бишрэлт холдинг” ХХК-тай нэгдмэл сонирхолтой. Нэгдмэл сонирхол бүхий этгээд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа.

5. “Говь инфрастракчер” ХХК 13.2 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал “Говь капитал менежмент” ХХК. Эзэмшиж буй компанийн бүртгэлд Ц.Баянзул гэж нэр байна. Ц.Баянзул нь Ц.Батзулын ах. Ц.Батзул нь нэгдмэл сонирхол бүхий этгээд бөгөөд дэд ажлын хэсгийн гишүүн, Сангийн яамны газрын дарга.

6. “Өвөрзалаат” ХХК 5.3 тэрбум төгрөгийн гэрээ хийжээ. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх захирал Ц.Ганцэцэг. Эзэмшиж буй компани “Гүнбаялаг” ХХК. Хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч гүйцэтгэх удирдлага Ц.Туяа. Ц.Туяа нь Ц.Цэнгэлийн хүүхэд. Ц.Цэнгэл нь “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, БОАЖЯ-ны ТНБД гэсэн ийм хамаарлуудыг танилцууллаа.

Түр хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Зүүнбаян чиглэлийн төмөр зам тээвэр хийж байгаа юу. Нүүрс хоёр, гуравдагч улсууд руу нүүрс гаргаж байгаа юу. Зэвсэгт хүчин оролцсон гэдэг утгаараа бүх гэрээг улсын нууцад авсан. Гэтэл Зэвсэгт хүчин 11.8 хувийг нь гүйцэтгэж 88 хувийг компаниуд хийсэн. Өөрөөр хэлбэл, зэвсэгт хүчнээр далимдуулж нууцад авч, ажлаа хийсэн.   

Шинжээч: Уг төмөр зам хүчин чадлынхаа 10 хувийг ашиглаж байна. Нэг их наяд 392 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулсан төсөл.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Тавантолгой-Зүүнбаянчиглэлийн төмөр замын 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” эзэмшиж байгаа юм байна. Оруулсан мөнгөөрөө хувьцаагаа эзэмшээд явчихсан юм уу. Энэ шийдвэрийг хэн гаргасан бэ. Монголын төмөр зам яагаад давуу эрхээ ашиглаагүй юм бэ.

Монголын төмөр зам ТӨК-ийн гүйцэтгэх захирал асан Батсүх: Өмнө нь 267 сая ам.долларын асуудал байсан. Тэрийгээ нэтгээд тооцно гэж байсан ч хөрөнгө оруулсан нь их хувьцаа эзэмшихээр гэрээ хэлэлцээр хийсэн гэж ойлгож байгаа.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Энэ төмөр зам эдийн засгийн ямар ч үр ашиггүй зам. Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн босоо төмөр зам 100 хувийн ачаалалтай байхад хөндлөнгөөс нь төмөр зам хийгээд хамгийн дээд тал нь 10 хувийн гүйцэтгэл гарна. Одоо Тавантолгойн түлшний мидлинг л зөөж байгаа. Тээврийн зардал өндөр. Монголын төмөр зам гээд компани байгуулчихсан, маш их ажилтантай. Вагон, зүтгүүр нь байхгүй. Бичигт-Владивосток ашиглалтад оруулбал л ашиглах төмөр зам хийсэн байна лээ. Манайхны мөнгө угаах арга нь ТЭЗҮ. Бүх төсөл дээр харагдаж байгаа. Анх 2011 онд 5.6 сая ам.долларын ТЭЗҮ хийлгээд, 2014 онд дахиад 9.1 сая ам.доллар, 2019 онд дахиад ТЭЗҮ тодотгол хийсэн байна. Анх нийгэмд ойлгуулахдаа зэвсэгт хүчин оролцож байгаа гэж байсан. Гэтэл 11.8 хувийг л зэвсэгт хүчин хийсэн байна. Хийсэн ажлынхаа талаар шууд худалдан авалт хийсэн. 60 тэрбумаар техник шууд худалдан авалт хийсэн. Энэ техникийг цаашдаа хэрхэн ашиглах вэ. Энэ баталгаатай төмөр зам болсон гэж хэн баталгаа өгөх вэ. Зэвсэгт хүчинд мэргэжлийн хүн байсан уу. Тухайн үедээ тусгай зөвшөөрөлтэй нэг ч компани байгаагүй. Энэ төмөр замыг мэргэжлийн ямар байгууллага хүлээж авсан бэ.

Барилга инженерийн цэргин удирдах газрын дарга Жаргалсайхан: Манай зэвсэгт хүчин энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог, Монгол Улсын батлан хамгаалах салбарыг хангаж байгаа маш том айл. Өмнө нь ч томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж байсан. Тэр ч үүднээсээ мэргэжилтэй боловсон хүчин байдаг. Тиймээс ажлаа нэр төртэй, чанартай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэж өгсөн. Засгийн газраас ажлын хэсэг гаргаад ЗГХЭГ ахлан ажиллаж байсан. Дэд ажлын хэсэг дээр сонгон шалгаруулалт хийгдэж, худалдан авалт хийсэн. Нэг ширхэг хадаасыг хүртэл энэ ажлын хэсгээр оруулж байсан.

Монголын төмөр зам ТӨК-ийн захирал Б.Отгонсүх: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг 2023 оны наймдугаар сарын 6-нд улсын комисс 100 хувийн саналаар хүлээж авсан байдаг. Одоогоор тус зам 1.8 сая тонн ачааг тээвэрлээд байна. 2024 онд 3.5 сая тонн ачааг тээвэрлэнэ гэж зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар 100 гаруй тэрбум төгрөгийн өртэй байна. Төмөр замын бүтээн байгуулалтад 200-аад аж ахуй нэгж, ЗХЖШ оролцсон байдаг. Үүнээс 120 гаруй аж ахуйн нэгжийн өр төлбөрийг шийдэж чадаагүй байна. Таван хувийн баталгаанаас эхлээд хийсэн аж ахуй нэгжүүд мөнгөө авч чадаагүй байна. Анх төсөл эхлэхэд ЗХЖШ-д төслийн мөнгөнөөс 67 тэрбум төгрөгөөр техник хэрэгсэл авсан мөнгө дутсан асуудал байдаг.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *