Б.Баярсайхан: Хэрэв Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэж нэг тойрог болгох юм бол Үндсэн хуулийг, хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа зөрчил болно
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол улсын УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилсэн буюу томсгосон тойрог болгох тухай асуудлыг хэлэлцэж байна. Тодруулж хэлбэл аймаг дүүргийг газар зүйн байрлал болон хүн амынх нь тоогоор харьцуулж, бүсчилсэн нэг тойрог болгох асуудал яригдаж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Баян-Өлгий аймгийг тусад нь нэг тойрог болгох асуудлыг эсэргүүцэж ийнхүү ярьлаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: “Монгол улсыг хөгжүүлэх бүсчилсэн хөгжлийн гол зорилго нь хамтдаа хөгжихийн төлөө гол зорилго нь үндэс угсаагаар биш эдийн засгийн болон газар зүйн байрлалаар нь аймаг дүүргийг бүсчилж байгаа гэж ойлгож байна. Хэрэв Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнх гэж нэг тойрог болгох юм бол Монгол улсын Үндсэн хуулийн үндэстэн угсаатныг үл ялгаварлах, тэгш байдлын зарчмыг болон хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа зөрчил болно. Баруун таван аймаг, баруун бүс гэж байдаг болохоос биш Баян-Өлгий гэдэг бүс байхгүй. Хэрэв баруун бүсээс Баян-Өлгий аймгийг гаргаж байгаа бол үүнийг ялгаварлан гадуурхалт гэж харж байна. Баян-Өлгий аймгийн сонсгогчид бусад аймгийн сонгогчидтой яг адилхан үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж, Монгол улсын хөгжил дэвшилд дуу хоолойгоо хүргэх эрхтэй. Бусад аймгийнхаа хөгжил дэвшилд сонгох эрхээ эдлэх ёстой. Яагаад зөвхөн Баян-Өлгий аймгийн сонгогчид зөвхөн аймаг дотроо нэр дэвшиж байгаа хэдхэн хүнээс сонгох ийм эрхийг нь хязгаарласан шийдвэр гаргах гээд байгаа юм бэ? Жишээ нь Сүхбаатар аймгийн иргэд Дорнод, Хэнтий аймгаас нэр дэвшсэн хүнийг сонгох эрхийг эдэлж байна. Хэрэв нэг аймаг ингэж ганцаараа үлдэх юм бол бүсчилсэн гэдэг загвар маань алдагдах гээд байна. МУ-ын Үндсэн хуулийн 14,2-т хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж тунхагласан. Тиймээс УИХ-ын гишүүд та бүхэн Үндсэн хуулиа дээдлэн, хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй байх үзэл санаандаа эзэн болж, зөв шийдвэр гаргана гэж найдаж байна.” гэв.