“Б.Ганхуягийг энд авч ирэхээс хамгийн том хулгайч нар айж байна”
19 : 45
2023-12-21
“Б.ГАНХУЯГИЙГ ЭНД АВЧ ИРЭХЭЭС ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ НАР АЙЖ БАЙНА”
Асуулт хариулт үргэлжлэв.
“Бодь интернэшнл” компанийг үүсгэн байгуулагч Д.БАЯСГАЛАН:
-Нэгдүгээрт, манай компанийг нүүрс зарж дундаас нь ашиг хийсэн гээд байна. Нүүрс авдаг компаниуд авдаг үнээрээ л авсан. Төмөр замын үр ашгийн тухай яриад байна. Төмөр замын төсөл бол цагийн зүү шиг ажиллаж байж л үр ашгаа өгнө. Төмөр зам нь үйл ажиллагааны зардал багатай, хил холболтоо хийж байж, бүх газар анхаарч байж үр ашгаа өгнө. Гашуунсухайтын төмөр зам дээр Улсын комисс 23 удаагийн шалгалт хийж, төмөр замыг хүлээж авсан. Одооноос төмөр зам зүгширч эхэлж байгаа учраас хоёр жилийн дараагаас үр ашиг нь гарч эхэлнэ. Нүүрс зарсан үнээсээ хоёр дахин үнээр тээвэрлээд байна гэж байсан. Төмөр зам ашиглалтад орохтой уялдаад тээврийн зардал буурсан. 50, 60 ам.доллар болж буусан. Хуучин тээврийн зардлын үнэ 100 гаруй ам.доллар байсан. 20 мянган жолоочтой тээврийн компаниуд төмөр замд өрсөлдөхүйц хэмжээтэй зохион байгуулалтад орж, явж байгаа нь Монгол Улс олон зуун сая ам.доллар хэмнэсэн байгаа шүү.
М.Оюунчимэг гишүүн 67.5 сая тонн нүүрсийг машинаар гаргасан гэж яриад байна. Энэ нүүрсний 24 сая тонн нь нүүрс нь “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийнх. Бусад нь Шивээ-Овоо болон бусад боомтоор гарч байгаа нүүрс.
Ноднин жил Монгол Улс нүрсээ урагш нь гаргачихаад мөнгөө авч чадахгүй байна, үүнээс болж, валютын нөөц багасч байна гэдэг хардалт сэрдэлт их гарсан.
Нүүрсний худалдаа хийж байгаа компаниуд асар их санхүүгийн нөөцтэй байхгүй бол энэ бизнес дотор явахгүй. Эхэлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-д мөнгөө түрүүлж өгч байгаа юм, дараа нь тээврийн компанид мөнгө өгч байгаа юм. Цагаан хад дээр аваачиж буулгаад хил гарахаа хүлээж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д нэг тэрбум ам.долларын урьдчилгаа өгсөн бол бараг хоёр тэрбумыг тээвэрт өгч Монголын хил дээр аваачиж байгаа. Хэзээ мөнгө болж, ашиг болох вэ гэхээр хил гараад Ганц мод дээр аваачаад цаашаа зарсны дараа мөнгөтэй залгаж байгаа.
Covid-19 цар тахлын үеэр юу болсон бэ гэхээр нүүрсний компаниуд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д баахан мөнгө өгчихсөн, тэгээд Хятад руу гаргаж чадахгүй болохоор 2020, 2021 онд нүүрсний худалдаа хийж байсан тус улсын компаниуд бүгд санхүүгийн хувьд маш их алдагдалд орсон. Хил нээгдэнгүүт авчихсан нүүрсээ Хятад руу гаргаж эхэлтэл манай гаалийнхан орж ирж байгаа нүүрсний үнэ, гарч байгаа нүүрс хоёрын дунд маш их зөрүү гараад байна. Гадаадад мөнгөө авч үлдээд байна гэдэг буруу зөрүү ойлголт гарснаас биш асуудал гараагүй. Бидний хувьд ч санхүүгийн хувьд хүнд болсон. Одоо бид татварын өртэй явж байгаа, санхүүгийн үзүүлэлтүүд өөрчлөгдөж гарах байх. Цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэх үүрэг хүлээсэн нь менементийн асуудал. Бид нарт нүүрсээ ямар үнээр өгнө, цааш нь бид Хятадын худалдан авагч руу шууд өгдөг байсан шүү гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн С.ГАНБААТАР:
-“Бодь” 200-гаад сая ам.долларыг урьдчилж авсан, 90-ээд сая ам.долларыг нүүрсээр авсан. Нүүрсээр урьдчилж авна гэдэг бол бартерын гэрээ. “Бодь”, “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн борлуулалтын албыг л гүйцэтгэсэн. Энэ шийдвэрийг хувьцаа эзэмшигч нарт мэдэгдсэн үү. Бүтээн байгуулалтыг би хүндэтгэж байгаа.
Энд ярьсан бүх гэрээн дээр Б.Ганхуяг гарын үсэг зурсан байгаа. Б.Ганхуяг чөлөөтэй энд ирж ярих боломжтой юм байна лээ. Гэвч түүнийг энд авч ирэхээс хамгийн том хулгайч нар айж байна.
“Бодь интернэшнл” компанийг үүсгэн байгуулагч Д.БАЯСГАЛАН:
-Төмөр замын гэрээг оффтейк гэрээгээр дуусгах шийдвэр гарч байсан. Бидэнд энэ ажлыг маш хурдан хугацаанд гүйцэтгэх үүрэг өгч байсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн нийт экспортолж байсан нүүрсний 11 хувийг л өгч байсан. Борлуулалтын орлогынхоо 11 хувиар төмөр замтай болсон гэсэнг үг. С.Ганбаатар гишүүн зөв хэллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК -иас нүүрс худалдан авдаг компанид л тэр үнээр нь өгсөн байхгүй юу. “Чалько” ч гэсэн одоог болтол хамгийн хямд үнээр нүүрс худалдан авдаг. Норинко зэрэг компаниуд 17-18 хувийн хөнгөлөлттэй үнээр нүүрс худалдан авдаг. Бид зах зээлийнх нь үнээр авах юм бол борлуулж чадахгүй.
УИХ-ын гишүүн Ж.БАТ-ЭРДЭНЭ:
-Таны захиалсан толгой, вагон хэзээ орж ирэх юм бэ. Цагаан хад луу юмаа зөөе л дөө.
“Бодь интернэшнл” компанийг үүсгэн байгуулагч Д.БАЯСГАЛАН:
-Гэрээгээр бид нар 812 ширхэг вагон нийлүүлэх ёстой. Түүнийгээ нийлүүлээд дууссан. Улсын комисс хүлээж аваад, “Тавантолгой төмөр зам” компани ашиглаж байгаа. 16 ширхэг зүтгүүр өгөх ёстой, Covid-19-өөс болж хойшилсон. Эхний хоёр зүтгүүр ирэх хоёрдугаар сард орж ирнэ. Ирэх долдугаар сар гэхэд 16 зүтгүүр оруулаад ирэнэ. Гэхдээ ажилд саад болохгүйн тулд Америкийн зүтгүүрийн үйлдвэр хоцроод байсан учраас Казахстанаас хоёр зүтгүүр оруулж ирээд “Тавантолгой төмөр зам” компанид өгчихсөн. Нүүрсээ тээвэрлэж байгаа.