АН: Тогтоосон хэвийн түвшнээс 25 дахин их утаатай орчинд Улаанбаатарчууд амьдарч байна
Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаанаас улбаатай хүн амын дундах өвчлөл гамшгийн түвшинд хүрч байгаа бөгөөд цаашлаад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авахыг шаардлаа.
Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна. ДЭМБ-аас тогтоосон утааны дээд хэмжээнээс Улаанбаатар хот 4 дахин их хэмжээний утаатай байна. Тогтоогдсон хэвийн түвшнээс даруй 25 дахин их утаатай орчинд нийслэл Улаанбаатарчууд амьдарч байна.
2017-2019 оны хооронд энэ гамшгийн асуудлыг шийдэх нэрийдлээр 450 гаруй тэрбум төгрөгийг утааг бууруулах зорилгын хүрээнд төсөвлөсөн боловч нийт 43 ажлаас ердөө 3 ажлыг нь л хийж гүйцэтгэсэн байна. Жилээс жилд утаанаас үүдэлтэй, амьсгалын замын өвчлөлөөр иргэд хэдэн зуугаараа нас барж байна. Жилд дунджаар нас барж буй хүмүүсийн 15% нь бага насны хүүхдүүд байна” гэлээ.
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү” Утаанд зарцуулагдахаар төсөвлөгдсөн мөнгийг дарга нар хуваан тонож байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заагдсан байгаа. Гэтэл тэр баталгааг нь хангах төр, түүний эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа дарга нар байгаа бүгдийг завшиж байна” гэв
НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа: Утааг бууруулахаар 2021 онд 30 тэрбум, 2022 онд 32 тэрбум, 2023 онд 39 тэрбумыг зөвхөн улсын төсвөөс санхүүжүүлсэн байна. Энэ хугацаанд олон улсын байгууллага, улсын төсөв, бусад санхүүжилтээр нийт 500 орчим тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч нас барж байгаа хүмүүсийн тоо жилд 1500-4000 хүрч байна. 2013 онд анх гэр хорооллыг барилгажуулах, гэр хорооллын газрыг үнэтэй болгох талаар Ардчилсан нам бодлого боловсруулан гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Харин бидэнд өнөөдөр бодлогын асуудал дутагдаж байна.
УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү: Утаанд зарцуулагдахаар төсөвлөгдсөн мөнгийг дарга нар хуваан тонож байна. Монгол Улсын Үндсэн хуульд иргэн Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заагдсан байгаа. Гэтэл тэр баталгааг нь хангах төр, түүний эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа дарга нар байгаа бүгдийг завшиж байна” хэмээн ярилаа.