УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭНГЭЭС 100 МЯНГАН АМ.ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ АВСАН Г.ДОРЖПАЛАМЫН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖЖЭЭ

0

        УИХ-д сонгогдсон цагаасаа л “яллагдагч”-аар татагдаж, шуугиан дэгдээж явсан А.Адъяасүрэнгийн хэрэг хэсэгтээ намжмал байлаа. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагаас нь ч, төр, засгаас нь ч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг “гэм хэрэгтэн” гэж зарлаад ч үндсэндээ “бараагүй”. А.Адъяасүрэн УИХ-ын гишүүн болохоосоо өмнө “Премиум кастомс” ХХК, “Өлзийт зам трейд” ХХК, “Номгон санчир групп” ХХК, “Топ стандарт” ХХК-иудыг 100 хувь өөрөө эзэмшдэг, “Топ капитал” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Баянговь транс” ХХК гэх нүүрс тээврийн компаниудыг Хятадуудтай хамтран эзэмшдэг байсан.  Энэ компаниуд нь төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” ХК-тай гэрээ байгуулж, урд хөрш рүү автомашинаар нүүрс зөөх ажлыг хариуцдаг байсан гэсэн үг л дээ. Гэтэл 2020 онд А.Адъяасүрэнтэй холбоотой ноцтой дуулиан дэгдсэн. Тодруулбал, автомашинаар хил давуулан нүүрс зөөхийн тулд заавал олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Энэ дагуу А.Адъяасүрэн 2020 оны гуравдугаар сард Авто тээврийн үндэсний төвийн “С” зөвшөөрөл олгох ажлын хэсгийн хурлаар Хятадуудтай хамтран эзэмшдэг “Баянговь транс” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Тэнгри транс” ХХК, “Ульган сар” ХХК-иудынхаа нийт 680 автомашинд олон улсын ачаа тээврийн “С” зөвшөөрөл гаргуулж, батлуулсан. Ингэхдээ Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь илэрч, дуулиан дэгдсэн юм. Улмаар 2020 оны тавдугаар сарын 19-нд Нийслэлийн прокурорын газраас А.Адъяасүрэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан шалгаж эхэлсэн байдаг.

        Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих нэгдүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од нүүрс олборлолт, тээвэрлэлт, худалдан авах гэрээтэй холбоотой мэдээлэл өгөхдөө “Нүүрс олборлолт, тээвэрлэлт худалдан авах ажиллаагаатай холбоотой 44 Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс 28 нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 18 нь мөрдөн байцаалтын хэрэг байна. Одоогийн байдлаар нүүрстэй холбоотой дөрвөн хэрэгт улсын прокурорын газраас яллах дүгнэлт гаргасан. АТГ-аас нүүрсний хулгайд холбогдсон улс төрчийн 17 хүнийг шалгаж байгаа. Тус хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг яллагдагчаар татах тогтоолыг прокурорын байгууллагаас гаргасан” гэсэн юм.

Тэгвэл гурван жил шалгагдаж, хуулийн байгууллагын үүд “сахисан” А.Адъяасүрэнгийн авлигын 100 мянган ам.долларын хэргийг шүүхээр шийдэгдэхээр болжээ.  Харин хачирхалтай нь, хахууль өгсөн гэх А.Адъяасүрэн хэргийг прокурорт “гацаж”, авлига авсан Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Г.Доржпаламыг ганцааранг нь шүүхээр болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг хахууль өгсөн этгээдгүйгээр шүүхэд шилжжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭНГИЙН ХУУЛИЙН ЗӨВЛӨХ: Г.ДОРЖПАЛАМД 100 МЯНГАН АМ.ДОЛЛАР ЗЭЭЛСЭН ГЭХ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖСЭН ГЭДГИЙГ МЭДЭЭГҮЙ

               Энэ талаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Энэ хэргийн талаар манай өмгөөлөгч н.Батжаргалаас асуугаарай” гэсэн юм.

        Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хуулийн зөвлөх н.Батжаргал “Энэ хэрэг 2020 онд үүссэн асуудал. Ийм асуудал үүссэн учраас хууль хяналтын байгууллагаас шалгалтын ажиллагааг явуулсан. Мөн ажлын байр, автомашин зэрэг тодорхой байршлуудад ч үзлэг, нэгжлэг хийж, зарим эд зүйлийг хураан авч шалгасан. Энэ хэрэгтэй холбоотойгоор миний үйлчлүүлэгч А.Адъяасүрэн анхнаасаа нэг л мэдүүлэг өгч ирсэн. Тодруулбал, “Г.Доржпалам гэдэг хүнийг зүс танина. Өмнө нь хэд хэдэн удаа танилын хувиар надаас мөнгөн тусламж гуйх гэж оролдсон. Тухайн үед надад боломж байхгүй байсан учраас өөрийн эгч А.Аюушид “Боломж байвал Г.Доржпаламд туслаад өгөөрэй” гэж холбож өгсөн. Ийм учраас тэр хоёр зээлийн харилцаанд орсон байдаг юм билээ. Үндсэндээ ийм л зүйл болсон” гэж мэдүүлсэн байдаг. 2021 онд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд үүсгэсэн Эрүүгийн хэргийн яллагдагчаар татсан тогтоол хүчингүй болж, хэрэг хаагдсан. Харин 2022 онд сэргээн шалгаж, дахин яллагдагчаар татсан. Мөн бид хууль хяналтын байгууллагад удаа дараа хүсэлт гаргаж, энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүссэн. Энэ хэрэг өнөөдрийг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй, хууль хяналтын байгууллага хүсэлтийн дагуу ажиллаж, зээл авсан, өгсөн гэх хоёр хүнээс тайлбар мэдүүлэг авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь тодорхойгүй байна. Бидэнд байгаа мэдээллээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг Нийслэлийн прокурорын хяналтад байгаа л гэж ойлгож байна. Шүүхэд шилжсэн гэдгийг нь мэдээгүй” гэв.  

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хавар буюу нүүрсний хулгайг анх ярьж эхлэхдээ “Том, жижиг таван толгойд нүүрсчид үүрлэчихсэн байна. Тэнд нүүрсээр дагнасан асар том мафи, асар том далд эдийн засаг бий. Удахгүй энэ мафийг, энэ далд эдийн засгийг дэлбэлж, ил болгоно. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс эхлээд олон хүн ил гарч ирнэ” гэж мэдэгдэж байан. Засгийн газар өнгөрсөн өдрүүдэд нүүрсний хулгайн Нээлттэй сонсголыг зохион байгууллаа. Сонсголын нотлох баримтаар УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн гаалийн бүртгэлгүйгээр буюу хулгайгаар хил давуулсан нүүрсний хэмжээгээрээ “тэргүүлж” байгаа нь нь ил болсон. Тодруулбал, А.Адъяасүрэн нь өөрийн төрсөн эгч А.Аюушийн хамт БНХАУ-ын иргэдтэй хамтран нүүрс тээврийн долоон компани эзэмшиж байсан бөгөөд 2020 онд УИХ-ын гишүүн болохдоо “Friendship & fortune s corporation” компанид шилжүүлж өнгөлөн далдалсан байдаг. Тэгвэл

“Дагалай шарга наян найм транс” ХХК нь 1954 тонн

“Далангол” ХХК нь 2556 тонн

“Хишиг сайхан ундрах” ХХК нь 1021 тонн

 “Даалингийн хишиг тээвэр” ХХК нь 952 тонн

“Топ транспорт” ХХК нь 1405 тонн

“Прайд транс” ХХК нь 427 тонн

“Ивээл сар транс” ХХК нь 340 тонн нүүрсийг тус тус гаалийн бүртгэлгүйгээр хулгайгаар хил давуулжээ.

​Ноцтой нэг баримт нь, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, түүний төрсөн эгч А.Аюуш нарын үүсгэн байгуулсан нүүрсний компаниудыг нэр дээрээ шилжүүлж авсан “Friendship & fortune s corporation” компани нь 2023 тавдугаар сард Британийн виржинийн арлуудад бүртгэгдэж оффшор компани болжээ. Харин УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Би 2020 онд гишүүн болсноосоо хойш бизнест оролцоогүй. Огт мэдэхгүй байна” гэж улайсаар Нээлттэй сонсголыг дуусгасан юм.

Эх сурвалж: Ergelt.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *