“Халаалтгүй байранд хүүхдүүд гурван давхар хөнжил нөмрөөд сууж байна”
Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах ШШГЕГ-ын 1700 орчим оршин суугчтай хотхоны халаалт тасарчээ…
Оршин суугчид хэлэхдээ, “халаалт тасраад дөрөв дэх өдрийнхөө нүүрийг үзэж байгаа бөгөөд шалтгааныг тайлбарлахдаа цахилгаан тасраад эргэж ирэхдээ өндөр даралттай ус ирснээс шугам нь дийлэлгүй хагарч өнөөгийн нөхцөл байдал үүссэн” гэлээ. Одоогийн байдлаар ихэнх оршин суугчид дайжиж, өөр тийш нүүсэн бөгөөд байгаа хэдэн өрх нь тенээр халаасан ч маш их зарлагатай байгаа талаараа хэлсэн юм. Тухайн байр нь өндөрлөг газар байдаг учир насосаар шахахдаа хүчтэй даралт ирсний улмаас шугам хагарч байгаа аж. Түүнчлэн задарсан шугам нь ашиглалтаас гарсан зэвэрч нимгэрсэн байжээ. Одоогоор тухайн байр нь хаалга, цонхноосоо эхлэн битүү цантаж жиндүүлж байгаа юм. Оршин суугчид ийм нөхцөл байдалтай нүүр тулаад дөрөв хоносон. Ингээд өдөр шөнөгүй даарч орой нь тог тасрахаар лааны элчинд дулаацаж суугаа нь энэ.
ХҮҮХДҮҮД ХҮЙТЭН ХАЛААЛТГҮЙ БАЙРАНД БАЙСААР ХАНИАД ХҮРЭЭД ЭМНЭЛЭГТ ХЭВТЧИХСЭН
Оршин суугчид. “Нялх хүүхдүүд өвчлөөд ханиад хүрээд эмнэлэг бараадааж байна. Үнэхээр хүндрэлтэй. Санал гомдол гаргах гээд гарын үсэг цуглуулах гэхээр айлууд ихэнх нь өдрийн цагаар байхгүй . Энэ гэмтэл тог тасарснаас үүдэлтэй. Өмнө ийм үйлдэл тохиолдож байгаагүй.
Хана мөстчихсөн, цана цохичихсон байгаа. Ийм нөхцөлд яаж амьдрах вэ. Гэртээ өвлийнхөө куртикээ өмсөж суухаас өөр араггүй. Бидэнд очих газар байхгүй учраас гэртээ даараад байхаас өөр арга алга .
“Сүүлийн гурван жил ийм байгаа. Есдоо юу ч хэлхэвдээ.
Энэ мэтчилэн нийслэлчүүдийн бэрхшээл үүгээр дуусахгүй. Эрчим хүч хязгаарлахтай зэрэгцэн дулааны шугам нь хагарч дулаангүй болсон оршин суугчид даруй хугацаанд дулаантай болох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Тухайн шугамыг солихоор ажиллаж байгаа юм. Хугацаа алдалгүй оршин суугчдын дулаанаар хангана гэдгийг албаныхан хэллээ. Мөн гэнэтийн байдлаар цахилгаан хязгаарлах тохиолдолд нь энэ төрлийн гэмтэл саатал гарахад нөлөөлж байгаа гэдэгтэй УБЦТС ТӨХК-ний мэргэжилтнүүд санал нийллээ.
Мэргэжилтнүүдийн зүгээс “Олон жил болж хуучирсан шугам байна лээ. Энэ жил үер ус их байсан нь шугам хуучирах, эвдрэл гарах нэг шалтгаан болсон. Ер нь хаа сайгүй шугам эвдрэх хагарах тохиолдол гарч байна. Тэр даруйд нь сольдог” гэдгийг онцоллоо.
“НИЙСЛЭЛИЙН МАГИСТРАЛЬ ШУГАМД СҮҮЛИЙН 20 ЖИЛ ШИНЭЧЛЭЛТ ХИЙГЭЭГҮЙ”
Нийслэлийн хэмжээнд байгаа шугам сүлжээний аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хэлэхдээ “Баригдсан барилгыг Улсын комисст хүлээлгэж өгөхдөө давхар инженерийн шугамыг хүлээлгэж өгөх шаардлагатай. Хүлээлгэж өгөөгүйгээс нийслэлээс төсөв гаргаж засвар хийх байдалтай нүүр тулж байгаа юм”.
Нийслэлийн магистраль шугамд сүүлийн 20 жилд тодорхой шинэчлэлт хийгдээгүй аж. Байгууллагууд тодорхой эрсдэлтэй байршлуудад засвар шинэчлэлтийг хийдэг байна. Ингэхдээ тэд гал унтраах байдлаар аргалдаг нь иргэд, оршин суугчдыг хэцүү цагт амь тэнцүүлэхэд хүргэж байгааг УБЗАА-ны хотын инженер байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандорж онцоллоо.
Улаанбаатар хотод Эрчим хүчний зохицуулах хорооны зөвшөөрөлтэй дулаанаар хангадаг 59 контор, ус зохицуулах 76 контор үйл ажиллагаа явуулдаг байна. Гэтэл шугам сүлжээний аюулгүй байдалд төдийлөн хяналт тавин ажиллаж чадахгүй байгаагийн тод илрэл нь энэ. Ямартай ч шугам задарсан байдлыг гал унтраах байдлаар аргалж байгаа нь энэ нөхцөл байдал дахин давтагдах үндэс болж байгаа юм. Цаашид шугам сүлжээг шинэчлэх механизмыг бүрдүүж, шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлэхгүй бол иргэд эрүүл мэнд, аюулгүй байдлаараа хохирсоор байна. Жил бүр Улаанбаатар хотын шугам сүлжээг засварлах ажилд төсөв суулгадаг ч бодитой үр дүн гардаггүй.