Ц.Батбаатар: Саяны нүүрсний сонсголыг хэн нэгнийгээ намнах гэсэн тавилттай жүжиг байна гэж харсан
Нүүрсний сонсголд нэр нь дурдагдсан “Улаанбаатар групп” ХХК-ийн ерөнхий захирал, “Шарк” Ц.Батбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан тайлбар хийжээ.
Тус групп тээврийн компанитай ч нүүрс тээвэр хийж байгаагүй, харин одооноос л хийж эхлэхээр бэлтгэл ажил хийж байгаа аж. Мөн, Нүүрсний сонсгол нь хэн нэгнийг намнах улстөржсөн арга хэмжээ боллоо хэмээн үзэж байгаагаа илэрхийлэв.
“Улаанбаатар групп” ХХК-ийн ерөнхий захирал, “Шарк” Ц.Батбаатар:
-Өнөөдөр нүүрсний хулгай гэж яриад байна. Худлаа тавилттай жүжиг байна шд, хэн нэгнийгээ намнах гэсэн. Сая тав дахь өдрийн сонсгол бол Д.Амарбаясгалан даргыгаа намнах гэсэн тавилттай жүжиг байна л гэж харагдсан. Ойр хавийнх нь хамаарал бүхий бүх хүнийг гаргаж ирэнгүүтээ найзынх нь найз нь ийм компанитай ч гэж байх шиг. Компанитай байсан ч ер нь ямар хамаатай юм бэ. Тэр нь нүүрстэй болон ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа явуулдаг биш л бол.
Миний хувьд маш олон компанийг худалдаж аваад, маш олон компанийг шилжүүлж өгдөг. Энэ жишгээр бол Монголын бүх хүнтэй холбогдвол холбогдож болох юм байна л даа, шинжээчдийн гаргаж ирж байгаа баримтаар бол. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хаа байсан Булганд байгаа малчинтай хүртэл холбогдож байгаа шүү дээ гэв.