“Монгол Улс БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээгээр ОХУ-ыг давсан ч шатахууны хомсдолын улмаас экспорт буурах төлөвтэй байна”гэжээ
Өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээгээр Монгол Улс Индонезийн дараа хоёрдугаарт орж, ОХУ-ыг гүйцэж түрүүллээ гэж ОХУ-ын Centralasia сайт мэдээлэв.
Тодруулбал, Өнгөрсөн арваннэгдүгээр сард Монголоос Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ 7.9 сая тоннд хүрч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна. Монголоос Хятадад нийлүүлж буй нийт нүүрсний дөрөвний гурав нь сайн чанарын коксжих нүүрс байгаа аж. Хятад дахь зарим уурхайн үйл ажиллагаа зогссон, аюулгүй байдлын шалгалттай холбоотой асуудал тус улсын дотоодын нүүрсний олборлолт буурахад нөлөөлөөд буй. Харин ОХУ-ын Засгийн газар нүүрсний экспортод татвар ногдуулсан нь тус улсын өрсөлдөх чадварыг бууруулсан гэж шинжээчид үзэж байна.
Түүнчлэн “Fengkuang Coal Logistics” компанийн мэдээлснээр, “цаг агаарын нөхцөл байдал, шатахууны хомсдолоос шалтгаалан манай улсын нүүрсний олборлолт, тээвэрлэлтэд асуудал гараад байна. Тиймээс арванхоёрдугаар сард Монголын нүүрсний экспорт мэдэгдэхүйц буурах төлөвтэй байгаа”-г онцолжээ.