МАН сонгуулийн өмнө 1072 хувьцааг амь оруулж, ЭТТ өртэй ч ногдол ашиг тараалгана

0
20231227_152010

“Эрдэнэс Тавантолгой” компанийг эрх баригч нам сонгуульдаа ашигладаг болсоор 10 гаруй жил өнгөрчээ. 2010 оноос иргэн бүрд 1072 хувьцааг эзэмшүүлснээс өнөөдрийг хүртэл зөвхөн сонгууль бүрийн өмнө л амь оруулдаг, ногдол ашиг тараах асуудлыг хөнддөг нь жишиг болж.

2024 оны Их хурлын сонгууль ч энэ жишгээр явах нь. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг эзэмшүүлэх тогтоолыг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, УИХ дэмжсэн. Ингэснээр ирэх хоёрдугаар сарын 19-нд тус компанийн ТУЗ хуралдаж, иргэдэд ногдол ашиг өгөх асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл, сонгуулиас өмнө буюу гурав, дөрөвдүгээр сард иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг гэж бэлэн мөнгө тараана.

2022 онд тус компани 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан бол энэ оны гуравдугаар улирлын байдлаар 2.7 их наяд төгрөгийн ашигтай ажиллажээ. Компанийн оны эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд гарч, аудитын тайлан гарсны дараа 19-нд ТУЗ хуралдаж ногдол ашиг тараах асуудлаар шийдвэр гаргана. “Эрдэнэс Тавантолгой” сүүлийн жилүүдэд ашигтай ажиллаж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлж, цалин, тэтгэвэр нэмэх эх үүсвэрийг бүрдүүлсэн тус компани өөрөө гурван тэрбум гаруйн өртэй. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилогдоход 4.3 тэрбум төгрөгийн өртэй байснаас нэг тэрбум гаруй өрийг төлжээ. Мөн хэрэгжүүлж дуусаагүй олон төсөл “Эрдэнэс Тавантолгой”-д бий.

Гэтэл МАН өртэй, хэрэгжүүлээд дуусгаж амжаагүй олон төсөлтэй, улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа “Эрдэнэс Тавантолгой”-г дахиад л сонгуулийн санал авахдаа ашиглах нь. Өнгөрсөн жил компани ашигтай ажилласан ч ТУЗ иргэдэд ногдол ашиг тараахгүй, баяжуулах үйлдвэрээ барьж дуусгах шийдвэр гаргаж байв. Харин сонгуулийн жил эрх баригч нам одоо хувьцаа эзэмшиж байгаа иргэдээс гадна 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ээс хойш төрсөн бүх иргэнд ногдол ашиг тараалгахаар холбогдох шийдвэрүүдийг гаргуулж байна.

Одоо “Эрдэнэс Тавантолгой” компанийн 81.5 хувийг төр, 18.4 хувийг нэг сая 218 мянган иргэн, 0.06 хувийг 486 аж ахуйн нэгж эзэмшиж байна. Иргэдийн эзэмшиж буй 18.4 хувийг 34 болгон нэмэгдүүлэх буюу хувьцаагүй иргэдэд хувьцаа олгосны дараа ногдол ашиг тараана. Гэхдээ 2010 онд иргэдэд 1072 хувьцааг нэг сая төгрөгөөр үнэлэн олгосон ч 14 жилийн дараа энэ ханш хэвээрээ байгаа. Тодруулбал, нэгж хувьцааг 90 төгрөгөөр үнэлж 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөгийн л ногдол ашиг тараах талаар ярьж ирсэн.

Үнийн өсөлт дээд цэгтээ хүрсэн, иргэдийн амьдрал, худалдан авах чадвар жилээр бус сараар муудаж байгаа энэ цаг үед хүн бүхэнд л мөнгө хэрэгтэй байна. Гэхдээ иргэдийн энэ байдалд дөрөөлж, бэлэн мөнгө тарааж, сонгуулийн санал авахад зориулах нь. Сонгууль дуусна, амьдрал үргэлжилнэ. Сонгуулийн дараа Эрдэнэс Тавантолгой дахиад л улстөрчдийн гараар орж, өр зээлтэй, цахилгаан станц, баяжуулах үйлдвэргүй сууж байх вий.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *