Барилгын усыг Сэлбэ гол руу шавхаж буй 3 ААНБ-н ус шавхалтын ажлыг зогсоожээ

Өчигдөр орой шуурхай хуралдаж өгсөн чиглэлийн дагуу Туул голын сав газрын захиргааны 6 ажилтан 2023.12.26-ны 23:00 цагаас 12 сарын 27-ны өглөөний 04:00 цаг хүртэл Дамбадаржаагийн гүүрнээс Дулааны 3-р ЦС хүртэл Сэлбэ, Дунд голын 2 талаар нэг бүрчлэн шалгаж ажиллалаа. Хяналтын хүрээнд барилгын суурийн ухлагт хөлдсөн бохирдолтой мөсийг Сэлбэ голд хаяж буй 1 зөрчил, барилгын ус шавхаж буй 3 ААНБ-н ус шавхалтын ажлыг зогсоож Усны газар дээр ирж асуудал шийдвэрлүүлэх, дүгнэлт гаргуулах тухай анхааруулж ажиллалаа.
Хөрсний усыг шавхах нь ус ашиглалтад тооцогдож, “Байгалийн нөөц ашигласаны төлбөрийн тухай” хуулийн дагуу усны төлбөр төлөх үүрэгтэйгээс гадна зөвшөөрөлгүй ус ашигласан тохиолдолд торгууль ногдуулах үндэслэл болно.
Мөн мөсөн халиа гүйж (өвлийн үер) иргэдийн эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд хөрсний ус шавхсан байгууллага гэм буруутанаар тогтоогдох боломжтой юм.
Зуны үерийн улмаас хөрсний усны түвшин дээшилсэн учраас 1 сард хөрсний ус хальж халиа дошин үүсгэх магадлал улам өндөр болж байгаа энэ үед бүх талдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Дүүрэг хороодын холбогдох албан тушаалтнууд хуульд заасны дагуу ажиллахыг хүсье. Голын хамгаалалтын бүсэд буй барилга байшин, хашаа үер усны аюулд өртөх хамгийн өндөр магадлалтай байдаг учраас дахин дахин нураах, нүүлгэх тухай анхааруулж байгаа, цаашдаа ч байнга анхааруулж шаардах болно. Голуудыг хамгаална гэдэг нь ХҮН таныг хамгаалж буй хэрэг юм.