Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн ажлаа өгч, нэр дэвшинэ
Монголбанкны тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн дэмжлээ. Тэрээр энэ сарын 20-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна.
09.15 цаг
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Учир нь тэрээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болж, Сонгуулийн хуулийн дагуу ирэх сарын 1-ээс өмнө ажлаа өгч байгаа аж.
Тиймээс өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдаж түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр товложээ. Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх юм.
Тэрээр 2020 оны тавдугаар сард Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдож өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Г.Дөлгөөн нь 2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ.
-2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер,
-2008-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч,
-2014-2015 онд Люксембург Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан,
-2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч,
-2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал,
-2018-2020 онд Төрийн банкны гүйцэтгэх захирал
-2020 оноос Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байна.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Архангай аймагт, тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Энхтайваныг Төв аймагт нэр дэвшинэ гэсэн мэдээлэл гараад байсан ч тэд одоогоор өргөдлөө өгөөгүй байгаа талаар эх сурвалж мэдээллээ.