Төрийн гурван өндөрлөг золгож, ахмадууддаа хүндэтгэл үзүүлнэ
Сар шинийн баярын өдрөөр Төрийн гурван өндөрлөг ахмадуудаа хүндлэн золгодог уламжлалтай билээ.
Өнгөрсөн хугацаанд цар тахлын улмаас хойш Төрийн гурван өндөрлөг золголт хийгээгүй. Хамгийн сүүлд 2019 онд золголт хийсэн. Тэгвэл XVII жарны “Үзэсгэлэнт бологч” хэмээх туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 09:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар төр өнө мөнхөд мандан бадарч, төр улс, түмэн олон амар төвшин аж төрөхийн бэлгэдэл болсон Төрийн Есөн хөлт, цагаан туганд хүндэтгэл үзүүлнэ.
Үүний дараа Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө гэрт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг айлтган золгоно.
Мөн, Төрийн гурван өндөрлөг ахмад настны төлөөлөлтэй золгож дурсгалын зураг татуулна.