“Boeing 737 MAX 9” загвар дахин асуудал үүсгэсэн үү
Дэлхийн агаарын тээврийн хамгийн том нийлүүлэгч “Boeing” компанийн өртөг өндөрт тооцогддог “Boeing 737 MAX-9” загварын онгоц дахин асуудал үүсгэж эхлэв.
АНУ-ын дотоодын нислэгийн “Alaska Airlines” авиа компанийн Орегон мужийн Портлэнд хотоос Онтарио руу нислэг үйлдэж байсан “Boeing 737 MAX 9” загварын онгоцны ослын хаалга нислэгийн үеэр салж унажээ. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр, ослын гарц болгон ашиглах зориулалттай хаалга ойролцоогоор таван километрийн өндөрт салж унасан учир онгоц хөөрснөөсөө хойш 35 минутын дараа Портлэнд хот руу буцаж газарджээ.
Нислэгийн үеэр 171 зорчигчоос гадна багийн зургаан гишүүн онгоцонд сууж явсан бөгөөд азаар хүмүүс гэмтэж бэртээгүй байна.
Энэ талаар “Alaska Airlines” компанийн зүгээс албан ёсоор мэдэгдэл гаргажээ. “Ийм тохиолдол ховор. Гэвч “Boeing 737 MAX 9” загварын бүх онгоцонд дахин засвар үйлчилгээ, аюулгүй байдлын шалгалт хийсний дараа нислэгт ашиглана” хэмээн мэдэгдэлд дурдсан байна. Тус компанид “Boeing 737 MAX 9” загварын 65 нисэх онгоц байдаг аж.
“Boeing 737 MAX 9” загварын хувьд осолд өртөх болсон шалтгаан ганц үүгээр зогсохгүй. АНУ-ын Агаарын тээврийн удирдлагын газраас Boieng компанийн энэхүү загварууд дахин асуудал дагуулж эхэлсэнд онцгой анхаарал хандуулж, нарийвчлан судлах үүргийг холбогдох газрууддаа өгчээ. Олон улсын хэвлэлүүд ч өмнө нь ямар асуудал дагуулж байсан талаар цаг хугацааны дараалал бүхий мэдээллүүдийг нийтлэх болов. Тухайлбал, 2018 оны аравдугаар сард Индонезид болсон онгоцны харамсалтай ослын улмаас 189 хүн амиа алдсан. Осолдсон онгоц мөн л дээрх загварынх байсан бол 2019 оны гуравдугаар сард мөн ижил загварын онгоц Этиоп улсад осолдож 157 хүн хорвоог орхисон билээ. Ойрхон хугацаанд болсон энэхүү хоёр ослын дараа олон улсын төлөөлөгчдөөс бүрдсэн хяналтын баг тус компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанарт 18 сарын турш үнэлгээ хийж түр хугацаагаар дээрх загварыг ашиглахыг хориглож байсан юм. Жил хагас үргэлжилсэн хориглолтын дараа 2021 нэгдүгээр сарын 1-нээс дээрх загварыг дахин ашиглахыг зөвшөөрсөн юм. Энэ хугацаанд хэд хэдэн тээврийн стандартыг хангаагүй зөрчил илэрсэн. Мөн шинэ стандартад бүтээгдэхүүнээ нийцүүлэх үүргийг Boeing хүлээсэн бөгөөд “737 MAX 7” загварын онгоцыг ашиглах зөвшөөрлийг 2024 он хүртэл хойшлуулаад байгаа билээ.
Базарбямбын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 4 (7248)