С.Билэгсайхан: Төрийн өндөр албан тушаалтан хулгай хийвэл эх орноосоо урвасанд тооцно гэсэн заалт Үндсэн хуульд оруулах ёстой байж гэж боддог
Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын их хурлын депутат, УИХ-ын гишүүн асан С.Билэгсайхантай ярилцлаа.
-Ардчилсан Үндсэн хуулийг батлах үеийн Монголын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байснаас ярилцлагаа эхэлье?
-Монголчууд хар гэртээ хаан, бор гэртээ богд болсон үе л дээ. Зөвлөлтийн эрхшээлээс гарсан. Тэр үед манай улсын төсвийн 80 хувийг ЗХУ татаасаар өгдөг байсан. 1990 онд манай улс ардчилал руу орсон. Ингээд ЗХУ татаас өгөхөө больж, өөрсдөө бие дааж яв гэдэг байдал руу орсон. Тэр үед Монгол Улс ургацаа хурааж авч чадахгүй байдалд орсон. Ургац хурааж авч чадахгүй байна гэдэг нь өлсгөлөнд орох нөхцөл үүснэ шүү дээ. Дэлгүүрт давснаас өөр бараагүй болсон. Газар тариалан эрхлэгчид ажилгүй болсон. Үйлдвэрүүд бүгд зогссон. Тухайн үед социалист орнуудын эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэж байсан. Тэд төвлөрсөн маягаар санхүүжилт хийдэг байлаа. Мөн материалаар хангаж өгдөг байсан. Өөрөөр хэлбэл, гутлын үйлдвэр байлаа гэхэд резин, цавуугаар нь хангадаг. Монголчууд дотооддоо хийдэггүй. Ийн төвлөрсөн шугамаар татаас өгч, төвлөрсөн материалын хангамж өгдөг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг төвлөрсөн шугамаар тарааж өгдөг байсан. Гэтэл нэг өдөр байхгүй болчихсон. Одоо зарим хүмүүс “Манайх гутлаа өөрсдөө хийдэг, Вьетнам руу гурван сая гутал гаргадаг байсан. Ардчилал гарч ирээд больсон” гэж ярьдаг. Чанартай, чанаргүйгээс үл хамаараад хүчээр Вьетнамд өгдөг байсан юм.
-Анхны ардчилсан Үндсэн хуулийг баталснаар Монголд ямар ололт амжилтыг авч ирэв?
-Тухайн үед бид нэгдүгээрт, малыг хувьчилсан.
Монголын Ардчилсан намын анхны ЕНБД-ын хувьд би удирдаж зохион байгуулж байсан. Тухайн үеийн таван жилийн ерөнхий төлөвлөгөөнд 25 сая малтай болох зорилт тавьж байлаа. Тэгвэл өнөөдөр жилд 20-30 сая төл мал хүлээж авч байна. Өнгөрөгч жил нийт 79 сая мал тоологдлоо.
Үүнээс гадна барилга, үйлдвэрийн ажилчдаа яах вэ гэдэг асуудал тулгарсан. Э.Бат-Үүл гадаад паспортыг олгоё гэж анх санаачилсан. Өнөөдөр монголчууд дуртай цагтаа гадагшаа явчихаж байна. Социализмын үед Намын төв хорооноос очиж авдаг байлаа шүү дээ. Ингэхдээ ажилдаа сайн, муу байгаагаас шалтгаалж явуулах үгүйгээ шийднэ. Ингэж тэр хүндрэлээс гарч байлаа. Үүний дараа нийгмийн хямрал үүссэн. Тиймээс нийгмийн зөвшилцөлд хүрэх зайлшгүй шаардлагатай болсон. 1990 онд анх сонгууль болсон. 430 депутатаас бие даагчидтай нийлээд Ардчилсан хүчнээс 49 хүн сонгуулиар гарсан. Үндсэн хууль батлах процесс их төвөгтэй явсан. Үндсэн хуулиа баталж чадахгүй бол иргэний дайн руу орно шүү дээ. Монголчуудын том ололт нь Үндсэн хуулиа баталж аваад, хуучин социализмаасаа татгалзсан. Хүн төрөлхтний шинэ жам ёсны хөгжил рүү орсон. Үүнийгээ баталгаажуулж, Зөвлөлтийн эрхшээлээс гарлаа гээд Үндсэн хуулийг баталж баталгаажуулсан.
-Ардчилсан Үндсэн хуулийг батлахдаа та бүхний зорьж байсан зорилго өнөөдөр биелэгдэж үү. Та юу гэж харж байна?
-Ардчилсан намын ЕНБД-ын хувьд би зах зээлд улс төр, эдийн засгийн шинэтгэл хийх концепцыг боловсруулсан. 1991 оны нэгдүгээр сарын 7, 8-нд Монголын Ардчилсан намын ээлжит бус их хурлыг хуралдуулж, баталж байлаа. Тэр концепцын бидний бүх зорилт хэрэгжсэн. Учир нь Үндсэн хуульд тусгасан.
Нэг зүйлийг л тусгаагүй орхигдуулсан. Тухайн үед дутуу бодсон. Нийгэм шунал дээр бүтэж байна. Тэр шунал явж явж намын дээр, Засгийн дээр, улсын дээр гарна гэж тооцоолоогүй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хулгай зэлгий дийлдэхгүй байна. Үүнийг тухайн үед хязгаарлаж чадаагүй. Төрийн өндөр албан тушаалтан хулгай хийвэл эх орноосоо урвасанд тооцно гэсэн заалт Үндсэн хуульд оруулах ёстой байж гэж одоо боддог юм. Эх орноосоо урвасан бол 10-12 жилийн ял оногдуулдаг. Мөн хөрөнгийг нь хурааж, хөөн хэлэлцэх хугацаа байдаггүй.
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнэ авлига, хулгайтай тэмцээд л байна. Тэдэнд өөр арга байхгүй болчихоод байгаа юм. Улс урагшаа явахгүй болчихоод байгаа. Харахаар өөрийнх нь нам, найз нөхөд нь мафи болчихсон байна шүү дээ. Биржээр нүүрс арилжаалдаг болсноос хойш 2021-2023 онд ДНБ хоёр дахин өссөн гэж мэдэгдэл хийлээ. Өөрөөр хэлбэл, 300, 400-хан гэр бүл ийм хэмжээний хулгайг хийж байж. Монголд 900 гаруй өрх бий. Үүний 300, 400 гэр бүл ДНБ-тэй тэнцэх хэмжээний хулгай хийж байж. Жирийн иргэдийн боломжийг хулгайлж гадаадад тансаглаж байна. Тэд хоёр жижигхэн амбаартай гэцгээдэг. Минийхээр бол амбаар гэж айлуудын гадаа байдаг модон амбаарыг хэлдэг. Гэтэл тэдний амбаар гурав, дөрвөн давхар 30, 40 сая долларын үнэтэй “амбаар” байгаа юм. Тиймээс бид Үндсэн хуульд төржсөн мафийг устгах заалтыг тусгаж чадаагүй.
-Үндсэн хуульд өнгөрсөн хугацаанд ойр ойрхон өөрчлөлт оруулсан. Үүнд та ямар дүгнэлттэй байдаг вэ. Үнэхээр нийгмийн шаардлага байсан учраас өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байсан уу?
-Үндсэн хууль өөрөө нийгмийн шаардлагыг хангахгүй байгаа нь харагдаад байна. Тиймээс ойр ойрхон өөрчлөлт оруулаад байна шүү дээ. 1990 онд ардчилсан Үндсэн хуулийг батлахад ардчилсан хүчин цөөхөн байсан. Бие даагчтайгаа нийлээд 49-хөн хүн байсан. Тиймээс бид Үндсэн хуульд хамгийн гол заалтаа л авч гарсан. Тэр нь хүний эрх. Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн Хүний эрхийн заалтыг батлахын төлөө 330 нэгдлийн дарга нар, АИХ-ын депутатууд ажилласан. Тухайн үед Үндсэн хуульд хүн нь байхгүй харин “мал төрийн хамгаалтад байна” гэсэн заалт байлаа шүү дээ. Үндсэн хуульд оруулахаар анх бидний бодож байсан, ярьж байсан зүйлүүд биелэгдээгүй. Бид баталж чадаагүй. Учир нь дийлэнх олонх хэсэг нь гараа өргөөд баталчихаад байсан. Мал нь төрийн хамгаалалтад байдаг. Хүн нь байдаггүй. Тиймээс бид ерөөсөө л хүний эрхийг баталгаажуулж авъя. Хоёрдугаарт, Зөвлөлтийн эрхшээлээс гарсан гэдгээ тунхаглаж, ямар ч л байсан Үндсэн хуулиа баталж авъя гэсэн зорилготой болсон.
Эргээд Үндсэн хуулийг харахаар салбар хуулиуд гараад ирсэн. Өнгөрсөн хугацаанд 700 гаруй хууль батлагдсан байна. Өөрөөр хэлбэл, төрд 700 эрх өгчихсөн. Иргэнд 700 үүрэг өгчихсөн байна. Анхны Үндсэн хуулийг харвал хамгийн эхний өгүүлбэр нь “Монголын ард түмэн бид” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ Үндсэн хууль Монголын иргэдэд зориулсан хууль. Төрд биш. Үндсэн хуулийн гол зарчим нь төр иргэн хоёр тэнцүү эрхтэй байна. Маргаан үүсвэл түүнийг нь шүүх шийднэ. Гэтэл энэ зарчим өнөөдөр 1400 заалтаар зөрчигдөж байна. Иргэдийг үүрэгжүүлээд л байна. Үүрэгжүүлээд л байна.
Төрийн төлөө монголчууд төрөөгүй. 34 сая ам.долларыг төлөхийн төлөө төрөөгүй. Инээдтэй нь, саяхан ХҮН намынхан Эрдэнэс Таван толгойн ашгийг бүгдээрээ авахаа больё. Дулааны цахилгаан станц барья гэнэ ээ. Шинэ нам нь хүртэл ийм сонин байх гэж. Тэр цахилгаан станцын төлөө бид төрсөн юм уу. Хүн амьд явах ганцхан л эрхтэй. Энэ бол заяагдмал эрх. Амьд явахын тулд агаараар амьсгалах ёстой. Гэтэл өнөөдөр Улаанбаатар үхлийн хот болчихоод байна. Утаагаар амьсгалах ёсгүй. Хоол хүнс баталгаатай байх ёстой. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг Үндсэн хуульд дээд зэргээр заасан. Тиймээс Засгийн газар хүний эрхийг хангахын төлөө л ажиллах ёстой. Цэрэг, цагдаа иргэний аюулгүй байдлыг хангана. Эргээд харахаар өнөөдөр бүх юм эсрэгээрээ эргэсэн байна.
Татвар нэмэгдээд л байна. 1996 онд бид бүх татварыг 10 хувь болгож байсан. Импортын татварыг тэглэсэн. Гэтэл өнөөдөр нэг хүн ажиллуулсныхаа төлөө 26.5 хувийн татвар төлж байна. Иргэд хөдөлмөрлөж хөдөлмөрлөж дэлхий дээрх хамгийн бага цалинг авч байна. Үүнийхээ 1/4 хувийг буцаагаад өгчихөж байна. Төрийн төлөө амьдарч байгаа юм шиг болчихоод байна.
-Үүнийг засахын тулд Үндсэн хуульд эдийн засгийн эрх чөлөөг нээх хэрэгтэй юу. Тэгэхгүй бол төрд бүх юм төвлөрчихөөд байна. Зарим тоогоор ДНБ-ий 60 хувийг төр эзэлж байна шүү дээ?
-Би төрд алба хашихдаа Монголын төрд алба хашиж байна гэсэн итгэл үнэмшилтэй байдаг. Гэтэл өнөөдөр төрд албан тушаал хаших нь амьжиргаа болчихоод байна. Мөнгө өгөхгүй бол очерлоод эмчид үзүүлэх боломжгүй. Мөнгөгүй бол ямар нэгэн лиценз авч чадахгүй. Гэтэл улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний мөнгийг хэсэг нь идэж байна. Ингээд төр гэж яг юу вэ гэж хүмүүс бодоод байна. Төр гэдэг улс буюу иргэд бид. Тиймээс л Үндсэн хууль “Монголын ард түмэн бид” гэж байгаа юм. Үндсэн хуулийн энэ заалтыг замхаруулж байна. Өнөөдөр журмаар хүний эрхийг хязгаарладаг болсон. Хүн жагсах, үг хэлэх эрхтэй. Гэтэл үүнийг Үндсэн хуулиар биш, хуулиар ч биш. Ийм журмаар зөвшөөрөл авч жагсаж, үг хэл. Зөвшөөрөл аваагүй бол хууль зөрчсөн гэж байна. Ийм байж болох уу. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө өнөөдөр бүгдээрээ шоронд орж байна.
Төрийн албыг албажуулж байна. Торгуулиар тэдэн төгрөг улсын төсөвт төвлөрүүл гэдэг үүрэг өгч байгаа. Өөрөөр хэлбэл, зөрчлийн хуулиар 68 тэрбум төгрөг төрд төвлөрүүлэхийн тулд цагдаа болж байна. Ингээд хүний эрхийг зөрчих тухай асуудал үүсч байна. Хүний эрхийг зөрчиж байж тэр хүн торгууль төлнө. Тиймээс ямар нэгэн шалтаг хэлээд торгууль ногдуулж байна. Гэртээ байж байгаад телевизор руугаа салаавч гаргаад торгуулж байна. Тэр хүний гэр, орон байр халдашгүй дархан шүү дээ, нэгдүгээрт. Хоёрдугаарт, Австрид салаавч бид ялна гэсэн утгатай. Болгарууд толгой сэжилбэл “Оkey” гэсэн утгатай. Тиймээс тэр салаавч гаргасан иргэн ямар ч хүмүүжил, соёлтой байж болно. Манайд цагдаа нь хүртэл маш хурдан арга хэмжээ авч байна. Гэтэл өнөөх ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг яасан бэ. Хэдэн их наядаар хулгайлсан хүмүүс ял шийтгэл аваагүй байгаа биз дээ. Гэтэл хэдэн хүүхэд салаавч гаргасныхаа төлөө торгуулж байна.
Үүнээс хүний эрх ямар ач холбогдолтой вэ гэдэг нь харагдаж байгаа байх. Тиймээс төр цомхон байх ёстой. Өнөөдөр төрийн 225 мянган албан хаагч амьдрах гээд л явж байгаа. Гэхдээ амьдрах арга нь өөр болчихоод байна. Төрд өөрийн хүнийг шургуулж байж бусад нь бизнесээ авардаг, тендерт ялдаг систем бий болсон. Ашиггүй ажиллаж байгаа маш олон улсын үйлдвэрийн газар бий. Хувийн хэвшилтэй давхардсан газруудыг хувьчлах хэрэгтэй.
Ард түмэн бүгдээрээ нийлж байгаа үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг хэдэн нөхөд хулгай хийж байна. “Хөшөө тийш хөврөх ардын зам баларсангүй” гэсэн Ш.Сүрэнжав гуайн шүлгийн мөрт бий. Үүн шиг өнөөдөр Төрийн ордон-Ганц худаг гэсэн зам нээгдчихлээ. УИХ-ын гишүүд нь бүгд хулгайчаараа дуудагдчихсан. Зармыг нь бүрэн эрхээс нь түдгэлзүүлчихсэн суугаа. Гэсэн хэрнээ шийтгэж дийлэхгүй байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр төр гэдэг нэрийг ашиглаж 400 гэр бүл баяжиж байна. Дээр нь тэр хулгайчдыг прокурор, шүүх, цагдаа, АТГ бүгд хамгаалж байна. Энэ эрүүл зүйл үү. Үндсэн хууль өнөөдөр ингэж хэрэгжиж байна. Үндсэн хууль боловсронгуй биш байгаа учраас дахин дахин өөрчлөгдөөд байгаа юм.
Монголд хоёр танхимтай парламентын тогтолцоо тохирно. 400 депутат байсан бол хулгай хийсэн, нүүрсний хулгайд нэр нь холбогдсон Бага хурлынхаа гишүүдийг тэр дор нь хөөнө шүү дээ. Өөрсдөө оронд нь суухаа бодно. Дараа нь Бага хурал нь сайдуудаа “нясалчихна”. Манайд хяналтын систем алга. Ерөнхий сайдын эрх нэмэгдсэн нь дэвшил болсон. Учир нь манай төрийн бүтэц их сонин. Ерөнхийлөгч бүх ард түмнээс сонгогддог. УИХ мөн бүх ард түмнээс сонгогддог. Ингээд эрх мэдлээ байнга булаацалдаад байгаа юм. Би харин Л.Оюун-Эрдэнийг магтмаар байна. Найман жил тэсээд, иргэдийг мунхруулаад, янз бүрийн сенсааци гаргаж найман жил торгоож байна. Иргэд яагаад “маллагдаад” байна гэхээр амьдрал нь ядуу учраас тэр. Нийт иргэдийн 27.8 хувь нь ядуу гэсэн статистик байна. Саяхан М.Оюунчимэг чуулган дээр нийт иргэдийн 80 хувь нь ядуу байна гэж хэлсэн. ДНБ таван мянган ам.долларт хүрсэн гэж Ерөнхий сайд мэдээлсэн. Өр төллөө гэсэн чинь харин ч 10 тэрбум ам.доллароор нэмэгдчихсэн байгаа. Ингэж ярьж болохгүй шүү дээ. Төр хүний төлөө байх ёстой. Иргэд төрийн төлөө төрөөгүй шүү дээ.
-Өөрчлөхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой гэж та харж байна вэ?
-Эхлээд санхүүгийн хоёр дахь зах зээлээ нээх хэрэгтэй. Үүнийг боловсронгуй болгох ёстой. Санхүүгийн зохицуулах хороо нь банк бус байгууллагуудад зөвшөөрөл өгдөг байгууллага болчихсон. Гэтэл өнөөдөр Монголбанкныхан бүгд банк бус санхүүгийн байгууллагатай байна. Дээр нь ломбардтай. Өөрөөр хэлбэл, мөнгө хүүлэх бүхэл бүтэн энд систем байна. Үүнийг санхүүгийн хоёр дахь зах зээл гэж ойлгож болохгүй. Тиймээс санхүүгийн хоёр дахь зах зээлийг төлөвшүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, газар гэдэг бол эдийн засгийн үндэс суурь. Тиймээс газрын шинэтгэлээ хийж, иргэн бүрд нэг га газар өгөх ёстой. Монголын нутаг нэг сая 622 километр квадрат нутагтай. Иргэн бүрд нэг га гэхээр 36.5 километр га газрыг болно. Эдийн засагч Дэмбэрэл өрх бүрд хоёр га гэж яриад байна лээ. Анх эсэргүүцдэг байсан. Тиймээс сонгуульд хүмүүс ингэж амлаж орох байх.
0.7 га газар олголт 17-хон хувьтай байгаа юм билээ. Иргэд газар авахгүй байгаа шалтгаан нь эдийн засгийн үр ашиггүй гэж бодоод байна. Тиймээс Эрдэнэс Таван толгойн 99 хувийг хувьчлах ёстой. Бид 34 тэрбум ам.долларыг төлөхийн тулд төрөөгүй. 400 гэр бүл хууль хяналт, шүүхийнхнээр хамгаалуулчихаад бидний баялгийг идэж байна. Тиймээс бид тэднээс баялгаа авчих хэрэгтэй. Үүнийг ярихаар манай намынхан намайг бэлэн юм амлаад, коммунист байна гэсэн. Манай улс зах зээлд шилжээд 34 жил болж байна. Үхэл хатал, өвчин зовлон, өр зээл гэхчлэнгээр иргэд яаж ийгээд өнөөдрийг хүргэсэн. Тиймээс нэг удаа нөхөн төлбөр өгөх ёстой. Иргэд аргаа бараад таксинд явж байна шүү дээ. Өнөөх луйварчид бүх зах зээлийг эзэлчихсэн учраас тэр. Солонгосын компаниудыг харвал жижиг ажлуудыг нь жижиг компаниуд хийдэг. Ингэж байж цогц машин босгодог.
Гэтэл манайх бүгдийг хийнэ. ТҮЦ ч ажиллуулна. Сүлжээ дэлгүүр ч ажиллуулна. Бүгдийг нь томчууд нь авчихаж байна. Хонь хулгайлаад долоон жил шоронд явж байна. Харин их наядаар нь хулгайлбал гишүүн болж байна. Энд иргэд ч буруутай. Тухайн үед 100 мянган төгрөг авчихвал болчихоод байна. Тиймээс бидний гурав дахь алхам хувь хүн рүүгээ чиглэсэн бодлого явуулах ёстой. Төр нь зөвхөн иргэний төлөө байх ёстой.