С.Наранцогт: Үндэсний баялгийн сан гурван төрөлжсөн сантай байна

0

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. Тэрээр хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан бөгөөд удахгүй Их хуралд өргөн барих юм.

-Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж дууссан гэсэн. Хууль гарснаар манай улс баялгийн сантай болох уу. Хуулиар ямар асуудлыг зохицуулах вэ?

-Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард байгуулагдаж, 5-8 саруудад ажиллаж хуулийн төслийг ерөнхийд нь бэлэн болгосон. Хуулийн үндсэн агуулга нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-р зүйлд орсон нэмэлт өөрчлөлт түүний дагаж гарсан Монгол Улсын Их хурлын 02 дугаар тогтоолын агуулгын хүрээнд боловсруулагдсан. Өөрөөр хэлбэл, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн. Үндэсний баялгийн сангийн бүтэц, бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, засаглал, орлого, зарлага зэрэг асуудлуудыг зохицуулахаар төслийг боловсруулсан. Гэхдээ яг нарийвчилсан зохицуулалтын хувьд Засгийн газрын түвшинд ойлголтын хувьд нэгдэх шаардлага байгаа юм.

-Уул уурхайн ордуудын ашгаас Баялгийн сандаа хуримтлуулах уу. Хэдэн хувийг хуримтлуулахаар хуулийн төсөлд тусгасан бэ?

-Хуулийн төсөлд Үндэсний баялгийн санг Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан болон Хуримтлалын сан гэсэн гурван төрөлжсөн сантай байхаар тусгасан.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ирээдүйн өв санд ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийн дийлэнхийг төвлөрүүлж, 2030 он хүртэл зарцуулахгүй байх хуулийн зохицуулалтыг хөндөхгүй байх нь зүйтэй гэж үзсэн. Хөгжлийн сан болон Хуримтлалын санд Төрийн өмчит болон Төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдийн ногдол ашгаас төвлөрүүлэхээр тусгасан байгаа.

-Өмнө нь манайх Ирээдүй өв сан гэж байгуулаад хуримтлал үүсгэж байсан ч хэрэглэсэн. Энэ мэт дундаас нь аваад хэрэглэх асуудлыг хуулиар хаах уу?

-Хуулиар төрөлжсөн сангуудын зарцуулалт зориулалтыг хатуу хуульчилсан, улмаар энэ хуулийг бас дураараа өөрчилдөггүй байх зохицуулалтыг тусгасан тул хүссэн үедээ хуульд өөрчлөлт оруулах замаар зориулалтыг өөрчлөх асуудал гарахгүй байх гэж бодож байна.

-Ирээдүй өв сан, Баялгийн сан хоёр юугаараа ялгаатай байх вэ?

-Ирээдүйн өв сан бол Үндэсний баялагийн сангийн нэг бүрэлдэхүүн, нэг төрөлжсөн сан байхаар тусгасан. Цаад агуулга нь газрын хэвлийн эрдэс баялгийн үр өгөөжийг ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор тасралтгүй хуримтлуулах, хуримтлагдсан хөрөнгийг үр ашигтай удирдах замаар өнөөгийн үнэ цэнийг өсгөх, арвижуулахад чиглэнэ.

С.Наранцогт: Үндэсний баялгийн сан гурван төрөлжсөн сантай байна

-Ер нь баялгийн сантай улс орнуудын жишиг яаж явдаг юм бэ. Ирээдүйдээ хадгалдаг уу, том төслүүдээ санхүүжүүлдэг үү. Манайх эдгээр сангуудаа хэрхэн ашиглах вэ?

-Баялаг ихтэй улс орнууд баялгийн сан байгуулах замаар баялгийнхаа үр ашгийг оновчтой хуваарилдаг туршлагууд нэлээд байна. Өнөөдөр тухайн улсынхаа онцлог, бодлогын зорилт, нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин зэргээс хамаарч 49 улсад 156 төрлийн баялгийн сан үйл ажиллагаа явуулж байна. Хөгжлийн том төслүүдээ санхүүжүүлдэг, ирээдүйд хуримтлал үүсгэж гадаад, дотоодын хөрөнгийн захад хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг, иргэддээ бэлэн мөнгө хуваарилдаг гэх мэт бүгд өөр өөрийн бодлогын зорилготой олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг.

-Үндэсний баялгийн сангийн зөвлөл гэж байгуулна гэсэн. Ямар чиг үүрэгтэй ажиллах вэ?

-Засаглал, үйл ажиллагааны хүрээнд Үндэсний зөвлөл байгуулах асуудлыг ярьж байгаа. Гэхдээ дахиад нэг давхардсан, олон дамжлагатай бүтэц бий болох вий гэдэг болгоомжлол гарч байгаа учраас яг эцэслээгүй байна. Ерөнхий сайдаас удирдлагын бүтцийг давхардуулахгүй маш цомхон, үйл ажиллагаа энгийн ойлгомжтой байх нь зүйтэй гэдэг чиглэл өгсөн.

-Баялгийн сангийн хуримтлал, санхүүжилтэд хэн, хэрхэн хяналт тавих вэ?

-Хуулийн төслөөр сангийн үйл ажиллагааг бүхэлд нь ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмаар томьёолсон. Улсын их хурлаас эхлээд иргэдийн төлөөлөл хүртэлх бүх түвшинд хяналтын тогтолцоо хэрэгжихээр байгаа. Баялгийн сангийн төсвийн гүйцэтгэл, төсвийн төсөл жил бүр улсын нэгдсэн төсвийн хэлэлцүүлэгтэй хамт УИХ-ын чуулганаар нээлттэй хэлэлцэгдэнэ. Түүнчлэн олон улсын болон хөндлөнгийн аудит жил бүр хийгдэж тайланг олон нийтэд мэдээлэх зэрэг ил тод, нээлттэй хяналттай байх зарчмууд хэрэгжинэ.

С.Наранцогт: Үндэсний баялгийн сан гурван төрөлжсөн сантай байна

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *