УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг яллагдагчаар татжээ
“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, “Мишээл групп”, “Их Монгол Алтай групп” ХХК-ийн эзэн Б.Энх-Амгаланг яллагдагчаар нэмж татлаа.
Ингэснээр АН-аас А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ, МАН-аас Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат, Б.Энх-Амгалан гэсэн улс төрд нөлөө бүхий таван хүнийг яллагдагчаар тооцоод байгаа юм. Харин Зам, тээврийн хөгжлийн сайдын албан тушаал хашиж байсан Д.Ганбат дээр нэмж, Б.Энх-Амгаланг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж бусдад давуу байдал олгосон гэж буруутгаж буй аж.
Бидний авсан мэдээллээр Б.Энх-Амгалан сайд байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга зэрэг улс төрд нөлөө бүхий албан тушаал хашиж байсан З.Энхболдтой хамаатай гэгддэг “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон юм байна. Тодруулбал, “Страто” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр лүү нүүрс тээвэрлэх зорилгоор туслан гүйцэтгэгч “Илч майн” ХХК-иар сайжруулсан шороон зам тавих үед Б.Энх-Амгалан сайдын суудалд сууж байсан юм. Энэ үедээ түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга, дайрга, шороо ашиглах зөвшөөрөл авахад нь эрх мэдлээ ашиглан нөлөөлсөн хэрэгт холбогдсон гэнэ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэнг “Нүүрсний” гэх хэрэгт холбоогүй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэргийг хаажээ.