Ерөнхий сайд юу хэлэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МҮОНТ-д бүрэн хэмжээний ярилцлага өглөө. Түүний ярилцлагаас онцлох хэсгүүдийг хүргэж байна.
-“Нүүрсний” гэх хэргийг илрүүл хэмээн шаардсан жагсаал нийгмийн бухимдлыг илэрхийлсэн органик давлагаа байсан. Сүүлдээ жагсаалыг ашиглах гэсэн хэсэг нөхөд гарч ирсэн.
Нэгд, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, МОХ-ны үе үеийн удирдлагууд тодорхой хэмжээний санхүүжилт босгож оролцсон. Шалгагдаад эхлэнгүүтээ Засгийн газрын эсрэг, нүүрсний хулгайн тэмцлийг саармагжуулах зорилготой. Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар МОХ-г удирдаж байсан. Үүнээс одоогийн ерөнхийлөгч А гэе дээ. Тэд Эрдэнэс Тавантолгой ХК-д томилогдож, тендер авдаг байсан. Одоо шалгагдаж байгаа. Тэдэнд хүнд туссан л даа. Оюутнуудын дотуур байраар явж, сүлжээ хийх, их мөнгө тараах асуудал гарсан. Жагсаалын дийлэнх нь органик байсан. Гэхдээ гуя дагаж хүзүү гэдэг шиг давхар ийм зохион байгуулалт явсан юм шүү. Энэ нь улс төрийн зорилготой.
Хоёрт, манай сөрөг хүчнийнхэн оролцсон. Энэ бол сөрөг хүчний л ажил.
Гуравт, койнтой холбоотой нөхөд оролцсон. Учир нь хохирогчдын олон асуудал гарч эхэлсэн. Койнтой холбоотой мөрдөн шалгах үйл ажиллагаа жилийн өмнөөс эхэлсэн байсан. Асуудал хүндрээд ирэхээр жагсаалд оролцсон. Нүүрс гэдэг сэдэв тэр хэргийг замхруулахад хэрэг болж магадгүй гэж бодсон уу, хэсэг нөхөд гарч ирсэн.
Дөрөвт, орон нутгийн Тавантолгой ХК-ийн асуудал үлдээд байна. Луйврынхаа хэмжээгээр том Эрдэнэс Тавантолгой ХК-тайгаа бараг дүйнэ. Мөргөцөг алга болсон, тээвэртэй холбоотой асуудлын ихэнх нь Тавантолгой ХК дээр үүснэ. Тавантолгой ХК-ийг харахад олон нийтийнх боловч далд эдийн засгийн нэг хөшүүрэг болсон газар. Жагсаалыг санхүүжүүлэхэд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ онцгой үүрэг гүйцэтгэсэн. Эрдэнэтийн 49 хувь, Хөгжлийн банк, Оюутолгой, нүүрсний хэрэгт холбогдож, эрх ашиг нь зөрчигдөж байгаа хүмүүс Засгийн газрыг боломж байвал унагаахаар үзэж байна. Хамгийн гол нь энэ хүмүүсийн зорилго биелээгүй.
-Жагсаал гадаадын санхүүжилттэй байсан эсэхийг нягталж байна. Гэхдээ үүнийг би одоогоор ярьж болохгүй.
С.Зориг алагдсанаас хойш авлигын хэрэг цэцэглэсэн
-Засгийн газар олон асуудал гаргаж тавьсан. Гол шалтгаан нь үүнийг өөрчлөхгүйгээр бид цааш явахгүй. Бидний хувьд огцрох гэдэг хоёрдугаар асуудал. Өмнөх Засгийн газрууд огцрохгүйн тулд явсаар байгаад бүлэглэлийн барьцаанд орчихдог. Нүүрс, зэсийн тоглогчид хамтдаа суугаад “Тоглоомын дүрэм огт өөрчлөгдөхгүй. Тоглогчид л өөрчлөгдөх учраас хүлээх ёстой” гэж ярьдаг. Тэд нүүрс зэс хоёр байхад улс төрийг удирдана, Засгийн газрыг огцруулна, Ерөнхий сайдыг утсан хүүхэлдэй болгож чадна гэж хэлдэг гэнэ. Тэд өөрсдийгөө мөнх гэж үзэж байна. Монголын ард түмэн бид тоглоомын дүрмээ өөрчлөх ёстой.
-С.Зоригийн хэрэг ч Эрдэнэттэй холбоотой. 1998 онд Эрдэнэтэд онцгой дэглэм тогтоочихсон байсан. Тэр үед С.Зориг Дэд бүтцийн сайд байсан. Эрдэнэтийн удирдлага солигдох процесс үргэлжилж байсан. Тэнд зөрчил үүссэн. Би мөрдөн байцаагч биш. Гэхдээ ЗГХЭГ-ын дарга байсан, Ерөнхий сайд хийж байгаа хүний хувьд логик дарааллыг хөөж үзсэн. Нөгөө л баялгийн тэмцэл. Олон жил энэ хэрэг ээдрээтэй явлаа. Одоогийн том авлигын систем үүсэх эхлэл тэнд тавигдаж байсан юм биш байгаа гэж боддог. С.Зориг алагдсанаар системийн авлига явсан байх вий. Энэ үйл явдлаас хойш зэс гэдэг том асуудал гарч ирсэн. Зэсийг хянасан улс төрийн бүлэглэл хүчтэй. Тиймээс Эрдэнэтийн удирдлагуудын төлөөх үе үеийн тэмцэл явсан. Үе үеийн ерөнхийлөгч нар Эрдэнэтэд бараа шахдаг гэдэг домог бий. Энэ нь нүүрсний хулгайн анхдагч. Тэр үед Эрдэнэтээс өөр зүйл байгаагүй. Улс төрд нөлөө бүхий хэдэн хүн нийгмийн бүтээсэн баялгийг хувьчилж авсан. Энэ бүлэглэлийн систем явж явж 18 жилийн дараа Эрдэнэтийн 49 хувийн энгийн хувьцааг Засгийн газар өөрийнхөө давуу эрхээс татгалзсан. Ингэхдээ төр тодорхой хэмжээний санхүүжилт гаргасан атлаа Засгийн газрын нэг хоёрхон сайдаас бусад сайдад хэлэхгүйгээр сонгуулиас хоёр, гуравхан хоногийн өмнө УИХ-д мэдэгдэхгүйгээр хийсэн. Тухайн үед Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байсан. Үүнийг ганц Ерөнхий сайд шийдэх боломжгүй. Үүнд, тагнуул, шүүх, прокурор, ерөнхийлөгч оролцсон. Эрдэнэтийн 49 хувийг улсын мөнгөөр хувьд авах хэмжээний том лоббитой бүлэглэл болжээ. Бүх асуудал шүүх дээр очиж байна. Бүгдээрээ ямар шийдвэр гарахыг харцгаая.
Шүүх асуудлаа шийд, үгүй бол тайлбараа хий
-Нийт 500 гаруй шүүгч бий. Энэ дунд Ц.Элбэгдоржийн ч, Х.Баттулгын ч томилсон хүмүүс бий. Ерөнхий сайд ингэж ярих нь зохимжгүй байх. Гэхдээ авлига хэвийн хэмжээнээс илүү гарсан учир арга буюу ингэж байна. Засгийн газар хөгжлийн бодлого тодорхойлоод, аж ахуйн ажил хийх байтал авлигатай тэмцээд явж байна. Энэ бол шүүх ажлаа хийгээгүй гэсэн үг. Шүүх асуудлаа шийд. Үгүй бол тайлбараа хэл. Тэгэхгүй бол шүүх засаглалгүй юм шиг л байна. Шүүхээс 30 жил шударга ёс шаардаж цалинг нь нэмсэн, чадах бүх зүйлээрээ дэмжсэн. Одоо юу хүлээгээд байгаа юм бэ.
-Эмнэлгийн нүүрийг хаагаад барилга барьчихсан, төмөр замыг таслаад байшин барьчихсан, улаан цайм нүдэн дээр нь авлигын систем явж байдаг манайх шиг хот гэж байхгүй. Бүгд л түгжирч байна. Энэ нь хууль бус газар олголттой холбоотой. Асуудлыг гаргаж өгөөд шүүхэд өгөхөөр захиргааны хэргийн шүүх дээр очоод хад мөргөдөг.
-Хэрэг нь илрэнгүүт хил даваад явчихдаг хүмүүсийг таван Ш ажиллагааны хүрээнд авчирна. Яллагдагчаар татагдчихаад тогтоол дээрээ гарын үсэг зурахгүйгээр гараад явчихсан хүмүүс бий.
-Хүүхдийн мөнгөтэй холбоотой болон бусад бүртгэлтэй холбоотой асуудал гарсанд би баярласан. E-Mongolia байгаа учраас мэдээлэл өөр байгааг бид олж харлаа. Тус тусдаа байгаа мэдээлэл бол тус тусдаа авлигын хөрс суурь.
-Авлигатай тэмцэх жил болгон зарласан. АТГ-т чадах чинээгээр дэмжлэг үзүүлнэ. Жилийн дараах үр дүнг харна.
Шалгуулах хүний тоо Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нараар зогсохгүй
-Одоогийн байдлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нар өргөдлөө өгч шалгуулахаар болсон. УИХ-ын гишүүд халдашгүй бүрэн эрхтэй учир үзлэг нэгжлэг хийх эрхгүй, орон байранд нь нэгжлэг хийж болохгүй. Би прокурорын өмнө ороод яллах дүгнэлт бичээд, шүүх дээр очоод ялла гэж чадахгүй. Ийм нийгэм биш. Би бүлгийн хурал дээр шалгуул гэдэг байр сууриа хатуу илэрхийлсэн. УИХ-ын гишүүний эрхийг Ерөнхий сайд түдгэлзүүлэх боломжгүй, УИХ нууц санал хураалт явуулна.
-Шалгуулах хүний тоо хоёроор тогтохгүй байх. Олон гишүүдийг би шалгуул гэж уриалж байгаа юм. Халдашгүй бүрэн эрх бол гэмт хэргээс нуугдах биш ард түмний төлөөллийг хамгаалж буй зүйл. Парламентын гишүүн ёс зүйн өндөрлөг байх ёстой.
-Парламентын гишүүн, Засгийн газрын гишүүн өөрийн эхнэр, нөхөр, хүүхэд, ах дүү, хамаатан саднаа төрд томилох эрхийг хуулиар хаана. Засгийн газраас ийм хууль өргөн барина. Дээрээс нь төрийн тендерт орох хувьцаа эзэмшдэг компанийн эцсийн өмчлөгчийг хаана. Үүнд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй, би дахиад дэмжлэг гуйж байна. Энэ хууль батлагдвал төр бизнес хоёрын зааг тогтоно.
Оюутолгойн хоёрдугаар хэлэлцээрт олон улсын баг авна
-Дубайн гэрээтэй холбоотой санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцалсан. Эрчим хүчний тарифыг тохирсон. Оюутолгой Өвөрмонголоос эрчим хүч авдаг байсан. Тавантолгойд цахилгаан станц барих хэлцлийг хийсэн. 2023 онд багтаад Тавантолгойн цахилгаан станцын тендер зарлагдаад, бүтээн байгуулалт эхэлнэ. Тарифыг өндөр тохирсон учир ашигтай төсөл болно. Хөрөнгө оруулагч тал гүний уурхайн бүх зардлыг өөрөө хариуцна. Оюутолгойн эхний хэлэлцээр гуравдугаар сард гүний уурхайн нээлтийн өдрөөр хаагдана. Ингээд хоёр дахь хэлэлцээрийн үе шат эхэлнэ. Илүү өгөөжтэй байх талаар ярина. Цаг хугацаа хэрэгтэй, олон улсын баг авна.
-Гашуунсухайт-Ганцмодыг холбох терминал байгуулахад 1.5 жил хэрэгтэй. Ханги-Мандалын төмөр зам шууд холбогдоно. Бичигт боомт төмөр замтай болсноор далайд хамгийн ойрхон, төмөр замтай боомт болно. Бүх боомтыг автозамаар холбоно. Стратегийн боомтуудыг төмөр замаар холбоно.
-Үндэсний хэмжээнд “Шүд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ажлын хэсэг байгуулагдаж, ажилдаа орсон.
-Энэ жилдээ нүүрс, зэсийн эдийн засгийг ил болгох, төрийн өмчит компаниудыг ил болгох гэсэн хоёр зорилтыг хэрэгжүүлэхэд л нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрнэ.
-Би тоглоомын дүрмээ өөрчилье гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Энэ агуулгаараа би өөрөө үнэн байхгүй бол яаж үнэний төлөө явах вэ.
Сонгуулийн холимог тогтолцоог дэмжсэнээр МАН эрх ашгаасаа ухарч байна
-Үндсэн хуулийн 30 жилтэй холбоотой олон улс төрийн намууд, депутатууд, судлаачидтай уулзсан. Үндсэн хууль баталж байсан протоколыг судлах ёстой юм билээ. Алдаа оноогоо дэнслээд, алдаагаа засаад явах учиртай. Бидний хувьд дүгнэлт нь бодитой байх ёстой. Энэ агуулгаараа би бүх хүнд нээлттэй хандаж байна. Гурван хэсэгт үзэл бодол хуваагддаг юм. Шинээр Үндсэн хууль бичих ёстой гэсэн хүмүүс байна. Хоёр танхим ч юм уу,ерөнхийлөгчийг парламентаас сонгох ч юм уу. Энэ тохиолдолд ард нийтийн санал асуулга явах ёстой. Нийгэм хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шинэчилсэн найруулга хийгдэнэ. Хоёр дахь хэсэг нь ҮХНӨ оруулах ёстой гэж үздэг хүмүүс. Гурав дахь нь огт өөрчлөхгүй байх. Ерөнхий сайдын хувьд алинд нь ч нээлттэй хандана.
Харин хувь хүний байр сууриа илэрхийлэхэд сонгуулийн холимог тогтолцоог зөв гэж боддог. Холимог тогтолцоо нь 50, 50 хувь байх ёстой. Ингэснээр бусад улс төрийн намуудад орон зай олгоно. Босго хувийг гурав ч юм уу, тав ч юм уу гэж тогтоож өгөөд төлөөллийг нь оруулна. Холимог тогтолцоогоор сонгууль хийвэл АН, МАН-аас гадна 4-5 намын төлөөллийг УИХ-д оруулж чадна. Хэдэн нөхдийг хаалгаар гаргатал тооноор ороод ирлээ гэж харж болохгүй. Эрх баригч нам талаасаа харвал манайд тийм ч ашигтай биш. МАН байнга ялдаг тоглоомын дүрмээсээ манай нам татгалзана гэсэн үг. Гэхдээ Монгол Улсад хэрэгтэй бол, тэгээд нийгэм ойлгоод, бусад улс төрийн намууд дэмжвэл энэ өөрчлөлтийг хийхэд бэлэн.
https://www.facebook.com/plugins/video.php?height=314&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FMNBnationalTV%2Fvideos%2F1699688373798089%2F&show_text=false&width=560&t=0