Зам, тээврийн салбарт энэ онд 56 шинэ төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарт энэ онд 2,4 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөөд байна. Тэр дундаа авто замын салбарт сүүлийн 10 жилд байгаагүй томоохон ажлууд хийхээс гадна 650 орчим км замыг шинэчилж засах юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ онд орон нутагт улсын төсөв, гадаад зээл тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийж, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн талаар Засгийн газраас орон нутгийн удирдлагуудтай өнгөрсөн баасан гарагт хийсэн цахим уулзалтын үеэр мэдээлэл өглөө. Тэрбээр, “Зам тээврийн салбарын хөрөнгө оруулалтын зардалд энэ онд 56 шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Засгийн газар 21 аймаг, 100 орчим сумыг хатуу хучилттай замаар холбосон. Цаашид сумдыг холбох, боомтод чиглэсэн авто зам, аймаг хоорондыг авто зам барихаар төлөвлөж байна. Ялангуяа аймгуудыг хатуу хучилттай замаар холбоход нэлээд хөрөнгө тусгалаа. Тухайлбал, Ховдыг Увстай, Говь-Алтайг Завхантай, Мандалговийг Чойртой холбох төсөл хэрэгжүүлнэ. Мөн эвдэрсэн автозамын их засварт анхаарч, засвар арчлалт хийхээр төлөвлөөд байгаа” гэв.
Цахим уулзалтад ЗТХ-ийн сайд С.Бямбацогт, Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун болон 21 аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын хэлтэс, албад, ОБГ, ХХААГ, Авто тээврийн төвийн төлөөлөл оролцсоныг ЗТХЯ мэдээлжээ.