БОХХААБХ:Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

0

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2024.01.15/ 15 цаг 52 минутад гишүүдийн ирц 52.6 хувьд хүрснээр эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Байнгын хорооны дарга Г.Батжаргалын танилцуулсан хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байгаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын зургаан гишүүнээс 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнэцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснийг дурдаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу Ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй гурван санал бэлтгэснийг танилцуулав.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь өртөг, зардал өндөр байдаг тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван  жилд 100 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлж, аж ахуйн нэгжид бодитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр салбарын яам уг хуулийг баталсан тохиолдолд хэрэгжүүлэх боломж, бололцоо бий эсэхийг лавласан.  

Ингээд Байнгын хорооны дарга Ж.Батжаргал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж заасныг дурдаад эхлээд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналаар санал хураалт явуулах, эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжсэн. 

Иймд үргэлжлүүлэн Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулав. Тухайлбал, МонголУлсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-д заасны дагуу Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төслийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг “12.3.Гаалийн байгууллага улсын хилээр нэвтрүүлсэн органик бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг мэдээллийн санд илгээнэ.” гэж өөрчлөн найруулах, төслийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтын “дотоодод үйлдвэрлэсэн” гэсний дараа “, баталгаажсан, мэдээллийн санд бүртгэлтэй” гэж нэмж, мөн заалтын “ашиглаж байгаа тариалангийн анхан шатны” гэснийг “ашигласан тохиолдолд” гэж өөрчилж, мөн зүйлийн 15.1.2 дахь заалтыг хасах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь тус тусдэмжлээ. 

Мөн хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар22 дугаар зүйлд “Органик  бүтээгдэхүүний тухай хуулийн 4.1.2-т заасан органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжийн зөвхөн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох албан татварыг орлого олж эхэлсэн эхний таван жилд 90 хувиар, дараагийн таван жилд 50 хувиар хөнгөлнө.” гэсэн агуулгатай 22.5.101 дэх  заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Эцэст нь Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийнэцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *