Манай улсад гадаадын 99 улсын иргэн хөдөлмөр эрхэлж байна
Манай улсад өнгөрсөн оны 4 дүгээр улирлын байдлаар гадаадын 99 улсын 6.5 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр, мөн цалин хөлс, орлого олох зорилгогүй, сайн дурын ажил хийж байна.
Ажил эрхэлж буй гадаад иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (64.4 хувь) мянган хүнээр нэмэгдэж, өмнөх улирлынхаас 5.7 (47 хувь) мянган хүнээр цөөрчээ. Гадаад иргэдийн 5.5 (84.6 хувь) мянга нь эрэгтэй, 1 (15.4 хувь) мянга нь эмэгтэй гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй гадаад иргэдийн 49.2 хувь нь БНХАУ-ын, 7 хувь нь БНСВУ-ын, 6.7 хувь нь БНЭУ-ын, 5.6 хувь нь ОХУ-ын, 4.4хувь нь Филиппин Улсын, 3.7 хувь нь АНУ-ын, 3.6 хувь нь БНСУ-ын, 2.9 хувь нь БНТУ-ын, 16.9 хувь нь бусад улсын харьяат байна. Насны бүлгээр харьцуулбал, 35-39 насныхан хамгийн их буюу 1.1 (17.6 хувь) мянган хүн, 20 хүртэлх насныхан хамгийн цөөн буюу 56 (0.9 хувь) хүн байгаа аж.