Таван хүүхдийн аав Б.Отгонбаяр хадам ээждээ нэг өрөө байр авч өгчээ
Эхнэр нь зуурдаар бурхан болж, таван хүүхэдтэйгээ өнчирч үлдсэн иргэн Б.Отгонбаярт монголчууд хандивын гараа сунгаж, 433 сая төгрөг цугларсан. Хандивын мөнгөөр Б.Отгонбаярт байр авч өгөн үлдсэнийг нь хүүхдүүдийн нэр дээрх хадгаламжид хийсэн хэмээн мэдээлсэн.
Цахим сүлжээнд “Б.Отгонбаярын найзууд хандивын мөнгөнөөс нэхсэн. Авсан байрных нь хамтран эзэмшигчээр нэрээ бүртгүүлсэн” зэрэг мэдээллүүд гарч эхэлсэн. Үүнд Б.Отгонбаяр тайлбар хийлээ.
Тэрбээр “Би богино залруулга хийх гэсэн юм. Цахим сүлжээнд явж буй мэдээлэл худлаа. Найз нөхдийг минь харлуулах ташаа мэдээлэл явж байна. Би таван хүүхэдтэйгээ байранд орсон. Байранд маань ямар нэгэн хамтран эзэмшигч байхгүй. Миний таван хүүхэд болон миний нэр дээр байгаа. Хадам ээждээ нэг өрөө байр авч өгсөн. Миний хадам ээж түрээсийн байранд амьдардаг, хөл гар муутай. Хүүхдүүдийнхээ нэр дээр хадгаламж нээсэн.” гэв.