Улсын аварга малчин өрхийг ₮4.6 саяд багтаан модон хувин, ТАВАН ХАНАТАЙ ГЭР зэргээр шагнадаг

0

Жил бүрийн билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдрөөс өмнө “Улсын аварга малчин өрх” болон “Улсын хошой аварга малчин өрхийг” тодруулдаг. Тэгвэл улсын аварга малчныг хэрхэн шалгаруулдаг вэ. Манай улсад  “Улсын аварга малчин өрх”-өөр жил бүр 150, “Улсын хошой аварга малчин өрх”-өөр 13 хүртэлх тооны малчин өрхийг жил бүр шалгаруулдаг.

Өнгөрсөн оны аравдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Улсын аварга малчин шалгаруулдаг журмыг энэ онд эрс өөрчилнө. Нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, сум, орон нутагтаа ямар хувь нэмэр оруулсан, нийтийн эзэмшлийн өмч болох бэлчээр, усыг хэрхэн ашиглав  гэдгийг харгалзана. Тооны хойноос хөөцөлдөхгүй” гэж хэлж байв.  

2021 онд Засгийн газраас тус журмын шинэчилсэн найруулгыг баталсан. Гэвч 2022 оны 8-р тогтоолоор хүчингүй болгожээ. 2023 онд тус журмыг дахин шинэчилж Засгийн газарт өргөн барьсан бөгөөд хэлэлцэгдэж байгаа аж.

Түүнчлэн Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхөд шагнал олгох шийдвэрийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар гаргана.

Аварга малчин өрх шалгаруулах журмаас дурдвал:

2.1.1мал сүргээ жилийн дөрвөн улиралд өөрөө малладаг, мал маллагааны туршлагаа залуу малчдад зааж сургаж шавь малчинтай болсон, түр болон байнгын ажлын байрыг бий болгож орон нутагт ядуурлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан байх;

2.1.2. өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаа, худагтай байх, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогоос доройтсон бэлчээрийг сайжруулах, худаг гаргах, булаг, шандны эхийг хамгаалахад зарцуулсан байх;

2.1.3. өвөлжөө, хаваржааныхаа бэлчээрийг гэрээгээр ашигладаг, бэлчээрийн даацад малын тоог тохируулан сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг сэлгэн өнжөөх, отор, нүүдэл хийх зэргээр зохистой ашигладаг, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай энгийн механик болон микробиологийн аргаар тэмцэх ажилд идэвхтэй оролцдог байх;

2.1.4. ашиглагдахгүй байгаа алслагдсан бэлчээрийг ашиглан отор нүүдэл хийж, малдаа тарга хүч авахуулсан, сумын тухайн жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг ашиглаж зөрчил гаргаагүй байх;

2.1.8. нийт малыг дахин давтагдахгүй хувийн дугаараар ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн, үржлийн малын удам гарваль, ашиг шим, үр төлийн чанарын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн тухай баталгаа, үржлийн удам гарвалын гэрчилгээг сумын Хөдөө аж ахуйн тасгаас авсан байх гэж заажээ. /Эх сурвалж: https://legalinfo.mn/mn/

“Улсын аварга малчин өрх”, “Улсын хошой аварга малчин өрх”-ийг тус бүр 4.6 сая төгрөгт багтаан цом, энгэрийн тэмдэг, үнэмлэх, гуулин бүслүүртэй модон хувин, хадаг, өргөмжлөл, тууз, улаан халз бүхий таван ханатай гэр, бусад зүйлсээр шагнана. Малчны хотонд шагналын гэрийг тээвэрлэн хүргэх зардлыг тухайн аймаг хариуцдаг аж.

“УЛСЫН АВАРГА МАЛЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМД МАЛЫН ТООГ ЗААДАГГҮЙ” 

Тус шалгаруулалтын талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Д.Батмөнхөөс тодруулав.

Тэрээр “2023 онд улсын аварга шалгаруулах шинэчилсэн журмыг баталж чадаагүй.  Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар оруулсан ч албан ёсоор тогтоол, шийдвэр нь гараагүй байна. 2018 оноос уг журамд малын тооны тухай заалт оруулах аа больсон. Малын чанарт анхаарсан заалтуудыг журамдаа тусгаж өгсөн гэсэн үг.

Улсын аварга болон хошой аварга малчин шалгаруулахад маш өндөр шалгууртай буюу 70 гаруй заалттай.

Хүмүүс яагаад тоонд ач холбогдол өгөөд байна вэ гэвэл зарим аймаг, сумдын аварга малчин шалгаруулах журамд тоо заасан байдаг. Мөн мянгат малчин, мянгат тэмээчин гэж нэрлэсэн байдаг нь “улсын аварга малчин” шалгаруулахад хамаагүй. Засгийн газрын тогтоолоор улсын аварга шалгаруулах журамд малын тоо огт заадаггүй. Улсын аварга, хошой аварга малчин шалгаруулахад маш өндөр шалгууртай буюу 70 гаруй заалттай. Эхлээд сум, аймгийн аварга малчин болсны дараа гурван жил тэр үзүүлэлтээ баталсан байх ёстой. Түүний дараа улсын аварга малчин цол авах эрх нь үүснэ. 1000, 2000 малтай хүнийг шалгаруулна гэсэн ойлголт байхгүй. Энэ жилийн улсын аварга малчдыг өмнөх журмаараа шалгаруулсан.

Журмын 4.5 заалтад: Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрхийн шагнал гардуулах ажлыг Засгийн газрын гишүүд аймаг, сумын төвд нэгдсэн байдлаар зохион байгуулж аварга малчин өрхийг алдаршуулна гэж заажээ. 

-Жил бүр УИХ-ын гишүүд Улсын аварга малчны цол тэмдгийг малчдад гардуулдаг. Яагаад УИХ-ын гишүүд тус шагналыг гардуулаад байдаг вэ? 

-Шалгаруулалтад УИХ-ын гишүүд оролцдоггүй. Засгийн газраас энэ бүх ажлыг гүйцэтгэдэг гэсэн үг. Засгийн газрын гишүүдийг орон нутагт хуваарилаад график гарган зохицуулалт хийдэг. Шагнал гардуулах үеэр тухайн аймгийн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүнтэй хамт явах тохиолдол бий. Харин УИХ-ын гишүүд тус шагналыг тараах ёстой гэсэн хууль, заалт байхгүй гэсэн юм.

Дээрх журмын шалгуур үзүүлэлтэд тэнцвэл уг цол тэмдгээр шагнуулдаг аж. Мөн аймгийн аварга малчин өрхөөр шалгарснаас хойш 3-аас доошгүй жил тус үзүүлэлтэй баталснаар улсын аварга малчин өрх шагналд нэр дэвшдэг байна. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *