Д.Пүрэвбаяр: Цахилгаан эрчим хүчээ хэмнэх биш элбэг, хүртээмжтэй байлгаснаар үйлдвэрлэл хөгжинө
“Эрчим хүчний хөгжлийн төлөө Монголын нийгэмлэг”-ийн захирал, судлаач Д.Пүрэвбаяртай ярилцлаа.
-Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгож зарласан. Тэгэхээр бүсчилсэн хөгжилд сүүлийн үеийн эрчим хүчний чиг хандлага ямар байна вэ?
-Улаанбаатар хотын түгжрэл, утаа, бохирдлын асуудлыг бүгд мэдэж, харж байгаа. Үүнд хөдөөнөөс нийслэл рүү чиглэсэн хүн амын шилжилт, хөдөлгөөн ихээхэн нөлөөтэй гэж үзэж байгаа. Энэ нь хөгжиж буй улс орнуудад, ялангуяа Зүүн-Өмнөд Азийн орнуудад сүүлийн хоёр арванд гарч буй нийтлэг үзэгдэл, асуудал бөгөөд дэлхий нийтийн, олон улсын байгууллагуудын анхааралд байх боллоо. Хүн амын суурьшилт сийрэг, нүүдлийн соёлтой, том газар нутагтай, далайд гарцгүй манай орны хувьд энэхүү шилжилт, хөдөлгөөнийг зогсоох шийдэл нь орон нутгаа бүсчлэн хөгжүүлэх арга зам юм. Дараагийн 100 жилийг манай төр засгаас хөдөөгөө хөгжүүлэх бодлого зорилтод чиглүүлж, хэрэгжүүлэх хэрэгтэй бөгөөд тухайн орон нутгийн онцлогтой нь уялдуулж, нүүдэлчин соёл уламжлалаа хадгалахад нь анхаарал хандуулах ёстой гэж үздэг.
Сүүлийн үеийн дэлхий нийтийн эрчим хүчний техник технологийн хөгжил, чиг хандлага нь манай орны газар зүй, цагуурын нөхцөл, эрчим хүчний салбарын онцлогт ихээхэн нийцэх байдалтай байгааг нь ажиглагдаж байгаа. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхи, цөм, устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх технолгийн судалгаануудад томоохон ахиц дэвшил гарч байна. Эдгээр эрчим хүчний анхдагч нөөцөөр манай орон машид баялаг тул бид улс орныхоо хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрийг тэнцвэртэй, солонгоруулж ашиглах боломж бүрдэж байна. Ялангуяа, дэлхийн тэргүүлэгч орон АНУ, түүнийг араас яваа (runner up) БНХАУ, Япон зэрэг орны эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлагад гарч буй чиг хандлага, хөгжлийн загварыг судлаж үзэхэд Эрчим хүчний системээ ногооруулах, нэгтгэх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг бусад эх үүсвэрүүдтэй хослуулан ашиглахад бүхий л нөөц бололцоо, санхүүгийн болон бусад нөөцөө зарцуулж, Засаг төрөөс нь ихээхэн дэмжлэг үзүүлэх боллоо. Үүнийг АНУ-ын жишээн дээр тайлбарлая. Газар зүйн байршил, цаг уурын давуу талаа ашигладаг АНУ-ын Техас муж бол нар, салхины сэргээгдэх эрчим хүчийг маш их ашигладаг бие даасан эрчим хүчний системтэй билээ. Гэтэл 2021 онд цас их хэмжээгээр орсноор салхин сэнсүүдэд нь асуудал, гэмтэл үүсч эрчим хүчний нь хангамж тасалдсан байдаг. Энэ асуудлын үндсийг судалж үзээд цахилгаан эрчим хүчний хангамжаа найдваржуулах, эх үүсвэрээ солонгоруулан нөхөн ажиллуулах үүднээс АНУ бараг 100 гаруй жил тусдаа оршин тогтносон эрчим хүчний дөрвөн системээ нэгтгэх судалгаа тооцоог гаргаж, хэрэгжүүлэлтийн шатандаа ороод байгаа. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа ЭХС-ийн шинэчлэл ба инфляцийг бууруулах хууль гэсэн маш өндөр зардалтай хоёр том хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний дөрвөн тусдаа системийг нэгтгэж сэргээгдэх эрчим хүчний бие биеэ нөхөж ажиллах бололцоог бүрдүүлэх томоохон цахилгаан дамжуулах шугамуудыг барьж байгуулж байна. Эрчим хүчний анхдагч нөөцийн хувьд болон газар зүйн бүтцийнхээ хувьд Америк, Монгол маш төстэй. АНУ-ын баруун хойд мужууд нь өндөр уулс болон гадаргын усны ихээхэн нөөцтэй бол өмнөд мужууддаа СЭХ-ний нөөцтэй. АНУ-ын ерөнхийлөгч Ж.Байданы одоогийн хэрэгжүүлж буй эрчим хүчний бодлого нь манай улсын хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д суусан Монгол Улсын баруун болон хойд хэсэгт Эрдэнэбүрэнгийн болон Эгийн голын УЦС-ыг байгуулж говийн СЭХ-ний эх үүсвэрүүдтэй хослуулан үр ашигтай ажиллуулах хэвтээ тэнхлэгийн УБ-Улиастайн 500кВын ЦДАШ болон босоо тэнхлэгийн 220кВ-ын шугамууд, ДЦС-уудаас бүрдсэн Эрчим хүчний нэгдсэн системийг бүрдүүлэх замаар улс орныхоо өнцөг булан бүрийг хамарсан хүртээмжтэй, үр ашигтай, бие даасан систем байгуулах хөгжлийн бодлоготой яг таг нийцэж байгаа юм.
-Манай улсын хөгжлийн баримт бичигт энэ талаар хэрхэн тусгасан талаар тодруулж өгнө үү?
-Бид “Алсын хараа-2050”-ийг боловсруулж байх явцад есдүгээр бүлэг нь Бүсчилсэн хөгжлийн бүлэг байсан. Гол санаа нь хөтөлбөр хэрэгжих 2050 он хүртэл хугацаанд дэд бүтцийн хэвтээ болон босоо тэнхлэгүүдийг байгуулж улс орны хөгжлийг дэмжиж суурь бүтцийг бүрдүүлэх тухай байсан. Эрчим хүчний хувьд эрчим хүчний нэгдсэн систем байгуулснаар одоогийн системийг нэгтгэн хүчжүүлж, аль бүсэд эдийн засгийн аливаа үйл ажиллагааг саадгүй явуулах, хүн ам суурьшин амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх боломжтой болох байсан. Түүнчлэн, нүүрсний, ураны, цөмийн, сэргээгдэх анхдагч эх үүсвэрүүдээ солонгоруулан, хамтруулан, нөхөн ажиллуулах замаар хангамжийн найдвартай, үр ашигтай системийг бүрдүүлж эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилт дэвшүүлсэн. Улмаар, анхдагч эрчим хүчний болон эцсийн бүтээгдэхүүн болох цахилгааныг экспортлогч орон болох том зорилт дэвшүүлэн батлуулсан. “Алсын хараа 2050” батлагдахад энэ томоохон зорилтын хэрэгжилтийг нарийвчлан оруулсан энэхүү бүлэг хасагдсан.
Дэд бүтэц гэж томсгон яриад байгаа нь зөвхөн цахилгаан эрчим хүч биш бусад дэд бүтэц нь ЦДАШ-ын трасстай давхцаад байгаатай холбоотой. Улаанбаатар-Завханы Улиастайн хоорондох 500кВ-ын өндөр хүчдлийн шугам нь Монголын ЭХНС-ын гол магистрал бөгөөд. Шинэ нийслэлийг дайрч өнгөрөхөөр байгаа. Шинэ нийслэл хүртэл төмөр зам тавигдах ба тэр нь цахилгаанжсан өндөр хурдны галт тэрэг аялах зориулалттай гэж ойлгож байгаа. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас 2024 онд 15 мянган цахилгаан автомашин оруулж ирж ашиглая гэж шийдлээ. Тэгэхээр яг тэр зам дагуу цахилгаан хангамжийн систем байх ёстой. Энэ бүхнийг тооцож үзвэл УБ-Улиастай хооронд гарцаагүй дэд бүтцийн коридор бий болно. Ингэж ч төлөвлөсөн бөгөөд одоо энэ нь Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэрэгжилтийн гол чиглэл болно гэж хүлээж байгаа.
-Энэ хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтууд юу, юу байх вэ. Сүүлийн жилүүдэд манай улсад эрчим хүчний асуудал хурцаар тавигдаж байна. Оргил ачааллын улиралд эрчим хүч хязгаарлах хэмжээнд хүрсэн шүү дээ?
-Ерөөсөө гарц нь тодорхой байгаа. Монгол Улс өөрийн гэсэн эрчим хүчний нэгдсэн систем барих ёстой гэдгийг 2001 онд анх баталж байсан. Дараа нь 2007 онд дахин баталсан. Тийм системийг бүрдүүлж байж бид гадны хараат байдлаас гарна. Нэмээд үйлдвэрлэл үйлчилгээ хөгжүүлнэ гээд батлагдаад явж байсан. Сүүлд төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичигт энэ нэгдсэн сүлжээ хөтөлбөрөө хүчингүй болгочихсон. Буцаагаад “Алсын хараа- 2050”-д суулгаж өгсөн. Одоо Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал дээр бүр нарийсгаад хаана, хаана яг юу барих талаар оруулна. Эрчим хүчний систем гэдэг бол зүгээр нэг станц барих ажил биш. Олон улсын жишигт эрчим хүч бол монопол салбар байхаа больчихсон. Төр юу хийх вэ гэхээр яг төмөр замтай адилхан. Одоо урагшаа хувийн хэвшлийнхнийг төмөр замаар нүүрсээ гаргах бололцоог бүрдүүлсан. Тэрэнтэй адилхан дамжуулах чадвар сайтай эрчим хүчний томоохон шугамуудыг барих ёстой. Гол шугам нь Улаанбаатар-Хархорум, Завханы Улиастайг холбосон 500 кВын шинэ шугам юм. Цахилгаан эрчим хүчний либералчлалын онолын үүднээс авч үзвэл төр Нэгдсэн системээ барьж, хувийн хэвшил нь станцуудаа барих ёстой. Нар, салхи, усан цахилгаан станцын алиныг ч барьж болно. Тухайлбал, ОХУаас 50-100 орчим МВт ЦЭХ авахыг Дорнодын ДЦС-ын 80 МВт-аар хааж болох боловч тийм хэмжээний чадлыг дамжуулах бололцоо байхгүй байна.
Уул нь 110кВ-ын шугам байгаа боловч техникийн стандарт норм алдагдсанаас ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр 220 кВ-ын шугамаа яаралтай барих хэрэгтэй. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орчихлоо гэхэд Улаанбаатар-Улиастайн 500кВ болон бусад 220кВ-ын шугамуудаа барихгүй бол мөн ижил асуудал үүснэ. Өөөрөөр хэлбэл бид эрчим хүчний хангамжаа шийдвэрлэх гол шийдэл нь төр өөрөө Эрчим хүчний нэгдсэн систем буюу хэвтээ босоо тэнхлэгийн шугамуудаа барьж ашиглалтад оруулах ёстой. Энэ нь цахилгаан хангамжийг хүчитгэн, найдваржуулснаар хөдөөгийн хөгжлийг тэтгэх болно. Одоо бид 330 сумаа цахилгаанаар хангачихсан боловч зөвхөн тэр нь гэрэлтүүлэг, зурагт үзэх хүрээнд байгаа. Үйлдвэр, үйлчилгээ барья гэхээр хүчин чадал хүрдэггүй.
-Тэгэхээр цахилгаан станцгүйдээ биш шугамын дамжуулах чадвар нь хүрдэггүй байх нь ээ. Бүсчилсэн хөгжлийнхөө бодлогоор энэ хүрээнд юу хийх вэ?
-Сая хэлж байгаа бүсчилсэн хөгжлийнхөө бодлогоор байгаа хэвтээ, босоо тэнхлэгийн шугам сүлжээгээ байгуулснаар Монголын эрчим хүчний системийн дамжуулах чадвар сайжирч, хүчирхэгжинэ. Үйлдвэр үйлчилгээ хөгжүүлэх, уул уурхай ашиглах бололцоог нь бүрдүүлэх дэд бүтцийн хангамжийг нийцлийн судалгаагаар тооцоолон бодлогод суулгаж өгч байгаа юм.
-Систем нь гаднын импортгүй ер нь яаж ажиллах ёстой юм бэ?
-Эрчим хүчний нэгдсэн систем гэхээр эх үүсвэр, шугам сүлжээ, хэрэглэгчид нийцсэн байдлаар оролцож байж бие даан, найдвартай ажиллана гэж ойлгох хэрэгтэй. Системийн суурь ачааллыг одоогийн станцууд, Тавантолгой, Тавдугаар цахилгаан станцууд хангаж, УЦС-ууд маневрлах чадварыг хангаж, орчин үеийн системийн автоматикууд хяналт удирдлагыг зохицуулж, томоохон үйлдвэрийн газрууд ачаалалд оролцож, тоолуурын найдвартай, зөв систем тэдгээрийн чадлын урсгалыг бүртгэж, мэдлэг чадвартай шуурхай ажиллагааны болон бусад инженерүүд оролцсоноор жинхэнэ утгаараа систем болж ажиллана. Нар салхи бол суурь ачаалалд байнга оролцдоггүй шүү. Бид нэгдсэн системээ бүрдүүлэхийн тулд Тавантолгой ДЦС, Эгийн голын УЦС, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Тэлмэний ДЦС-ыг барьж ашиглалтад оруулах хэрэгтэй.
-Эрчим хүчний салбарын хөгжил ярихаар үнэ чөлөөлөх асуудал байнга хөндөгддөг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Харин ч үнийг нь бууруулах ёстой. Дэлхий дээр эрчим хүчээ либералчлаагүй үлдсэн хоёр улс үлдсэний нэг нь манайх байх. Нөгөө нь Хойд Солонгос байж таарна. Африкийн болон бусад буурай орнуудад хувийн систем ажиллаж байгаа. Төр яаралтай ложистикийн системийг буюу ЭХНС-ийг бүрдүүлж өгснөөр өрсөлдөөнийг үүсгэх боломж бүрдэх ба хөрөнгө оруулагчид үнээрээ өрсөлдөөд орж ирэх боломжтой. Түүнийг онцгойлж төрөөс дэмжих шаардлага байхгүй. Ард түмэн аль болох хямд цахилгаан хэрэглэх ёстой.
Тэгэхээр төр эрчим хүчний нэгдсэн системээ байгуулаад хуулиар либералчилж өрсөлдөөнийг үүсгэх юм бол үнэ унана. Дээрээс нь энэ салбарт хөрөнгө оруулалт орохгүй байна гэдэг. Уг нь гэрээ хийгддэг боловч тэр нь бусад бүтээн байгуулалтаа чөдөрлөчихдөг. Жишээлбэл, Багануурт 700 МВтыг, “ТЭЦ-5” 350 МВт-ыг барина гэхээр 1000 МВт болчихож байгаа биз. Тэгэнгүүт “1000 мвт станц баригдах юм байна. Бусад станцуудад зөвшөөрөл өгөхгүй шүү” гээд шийдвэр гарчихдаг. Гэтэл нөгөө хоёр нь баригдахгүй байхаар юу ямар ч бүтээн байгуулалт нэмэгдэхгүй. Ийм байдлаар чөтгөрийн тойрогт оруулаад байдаг. Иймд энэ салбарт онцгой гэрээ байгуулах хэрэггүй. Эрдэнэбүрэнгийн УЦС дээр сайн гэрээ байгуулаад Оюу толгой руу эрчим хүч нийлүүлж болно шүү дээ. Үүн дээр Засаг оролцоод байх хэрэггүй. Олон улсын жишиг ингэж л явж байгаа. Одоо дэлхий нийтээр сүлжээний ухаалаг байдлыг тоолуурын тоогоор хэмждэг болсон. Манайд ийм ухаалаг тоолуурын систем Багануур зүүн өмнөд бүс, Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээнд Дэлхийн банкны төслөөр хэрэгжиж байгаа.
Гэтэл ашгийг нь гаргаж чадахааргүй харагддаг. Учир нь “Та залгуураа салгаарай” гэж хэлэх биш. Харин “Та угаалгын машинаа тэдэн цагт ажиллуулах юм бол цахилгааны үнэ ингэж хямдарна. Эрчим хүч, эдийн засгаа ингэж хэмнэнэ” гээд гар утасны операторууд шиг санал болгох ёстой. Өнөөдөр 21 дүгээр зуун гарчихаад байхад тогоо тасал, гэрлээ унтраа гээд байж болохгүй. Энэ болгоны шийдлийг бүсчилсэн хөгжлийн бодлогод тусгаж байгаа. 40, 50 жилийн дараа гэхэд эрчим хүчний салбар либералчлагдан жам ёсныхоо горимд орж, түгээх сүлжээнүүд ухаалаг сүлжээнүүд нь болж, Монгол Улс экспортлогч орон болно. Дотоодын сүлжээндээ үнэ хямд эрчим хүчээр хангана гэдэгт итгэлтэй байгаа.
Эх сурвалж: Өдрийн сонин