ЦЕГ: Мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гадаадын 21 иргэнийг шалгаж байна
Цагдаагийн байгууллагаас өчигдөр буюу 2024 оны нэг дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанцав” нэртэй зочид буудалд гадаадын иргэд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн шалгаж байна.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, “Баянгол дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид тус зочид буудалд урьдчилсан байдлаар гадаад улсын нэр бүхий 21 иргэн мөрийтэй тоглоом зохион байгуулсан байж болзошгүй нөхцөл байдлыг тогтоосон. Мөн 300 гаруй сая төгрөг бэлнээр, хөзөр, шоо хэлбэрийн /маажан/ тоглоом, гар утас зэрэг эд зүйлсийг түр хураан авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөрийтэй тоглоом зохион байгуулсан иргэн Эрүүгийн хуулиар шийтгэгдэнэ. Харин тоглоомд оролцсон иргэдэд зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Хэрэг хянан шалгах үедээ байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Тэгвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэх нэршлээр оруулан гэмт хэрэгт тооцогдож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.
Мөн мөрийтэй тоглоом зохион байгуулж олсон орлогыг аливаа хэлбэрээр хувиргасан, нуун далдалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хуульд зааснаар хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлаас шалтгаалж мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, торгох, зургаан сараас таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас таван жил хорих ял шийтгэл, мөнгө угаах гэмт хэрэгт зургаан сараас таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас 12 жил хүртэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай.
Харин мөрийтэй тоглоом тоглосон этгээдүүдэд Зөрчлийн тухай хуулийн 5.7 дугаар зүйлд /Мөрийтэй тоглоом тоглох/-д зааснаар хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна.