“Дашваанжил газ” ХХК-ийн захирал Н.Баатаржав: Осол гаргасан жолооч цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгч байна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Дүнжингарав худалдааны төвийн уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан машин өөр автомашинтай мөргөлдсөний улмаас газ алдаж, гал гарсан осол өнгөрсөн шөнө болсон. Тодруулбал, осол өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01:00 цаг орчимд болсон бөгөөд гал унтраах дуудлагаар ослын газарт очсон онцгой байдлын гурван алба хаагч ёмкост цохиулсны улмаас амиа алдаж, ойр орчимд зорчиж байсан хоёр иргэн галт өртсөн талаар ослын газарт ажилласан Ажлын хэсгээс мэдээлсэн. Харин дэлбэрэлт болж, гал гарах болсон шалтгааны талаар газ тээвэрлэж явсан машинтай “Патрол” загварын автомашин мөргөлдөж, газын ёмкос цоорсны улмаас газ алдсан талаар мэдэгдээд байгаа. Тэгвэл Дүнжингаравын уулзвар дээр осолдож, газ алдсан автомашин нь “Дашваанжил” ХХК-ийнх бөгөөд Замын-Үүд рүү газ хүргэхээр явж байсан талаар холбогдох байгууллагаас мэдээллээ.
“ДАШВААНЖИЛ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ: ГАЗЫН МАШИНЫ ЖОЛООЧ БОЛОН МАНАЙ КОМПАНИЙН ХЭД ХЭДЭН АЛБАН ТУШААЛТАН БАЙЦААЛТ ӨГЧ БАЙГАА
Өнгөрсөн шөнө болсон харамсалтай ослын талаарх дүрст бичлэг, хяналтын камерын бичлэг цахим сүлжээнд түгсэн. Үүнтэй холбоотойгоор иргэд газ тээвэрлэж явсан автомашин журмын дагуу, аюулгүй байдлаа хангаж явсан эсэх талаар байр сууриа илэрхийлж байгаа. Тэгвэл бид үүнтэй холбогдуулан газын машины стандарт, аюулгүй байдал, журам болон бусад цаг үеийн асуудлаар “Дашваанжил” ХХК-ийн Ерөнхий захирал Н.Баатаржавтай холбогдож тодрууллаа.
Тэрбээр “Газын машин Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу газ тээвэрлэж явсан. Хуваарийн дагуу газын машин шөнөдөө багтаж, хотоос гараад жолооч амрах төлөвлөгөөтэй байсан. Гэтэл 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр эргэх хөдөлгөөн хийх үед нэгдүгээр эгнээнд байсан “Патрол” загварын автомашин хамт эргэж, замдаа зогссоноос шүргэлцсэн бололтой. Улмаар “Патрол” загварын автомашинтай шүргэлцсэн талаар газын ёмкос цоорч, газ алдаж, улмаас гал гарч, хүний амь эрсэдсэн харамсалтай осол гарлаа. Манай компани газын тээвэрлэлт, түгээлтдээ ISO стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа. Түүнчлэн жолоочид маань журмын дагуу, аюулгүй байдлаа ханган ажилладаг. Харин өнгөрсөн шөнийн осол газын машины сохор талд давхар эргэх хөдөлгөөн хамт хийж, шүргэлцсэний улмаас болсон гэж бодож байна. Би ослын газарт очиж, газын машиныг өөрийн нүдээр харж, шалгах гэсэн боловч оруулаагүй. Одоогийн байдлаар газ тээвэрлэж явсан автомашины жолооч болон манай компанийн хэд хэдэн албан тушаалтнаас цагдаа нар байцаалт авч байгаа. Мөн манай компанид холбогдох байгууллагаас шалгалт хийж байна” гэсэн мэдээлэл өгөв.
-“ДАШВААНЖИЛ” ХХК-ИЙН ГАЗ ДЭЛБЭРСЭН ОСЛУУД-
“Дашваанжил” ХХК нь Монголд газын түлш, ахуйн газ нийлүүлэх чиглэлээр 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа. Тус компани Монголд 70 орчим авто хий цэнэглэх станцтай бөгөөд орон нутагт 600 орчим ажлын байр бий болгож, Засгийн газар, МХАҮТ-аас тодруулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн нэгээр нэрлэгдэж байжээ. Харин өнгөрсөн шөнө болсон харамсалтай ослоос өмнө “Дашваанжил” ХХК-ийн газ дэлбэрсэн гурван ч осол гарч байсан аж.
Тухайлбал,
- 2012 оны нэгдүгээр сарын 21-нд Дархан-Уул аймагт нэг айлын гэрт “Дашваанжил” компанийн газ дэлбэрсэн байдаг. Дэлбэрэлтийн улмаас хоёр эмэгтэй, нэг эрэгтэй галд өртөж, амиа алдсан харамсалтай осол болж байжээ.
- Мөн 2015 оны хоёрдугаар сарын 6-нд нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Дашваанжил” ХХК-ийн хий цэнэглэх станцад гал гарч, хоёр хүн түлэгдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас агуулахын гурван талын хана, дээвэр нурж, хаалга, цонхнууд хагарсан байдаг.
- Түүнчлэн одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2020 оны аравдугаар сарын 27-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн … хороонд айлын гэрт “Дашваанжил” ХХК-ийн нэг удаагийн ахуйн “Хөх дөл” газ дэлбэрсэн осол гарсан.