Дэлбэрэлтийн улмаас гал сөнөөгч Ш.Амгаланбаатар, Э.Түвшинтөр, Д.Барсүрэн нар амь насаа алдсан болохыг эцэслэн тогтоолоо
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол гарсан.
Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын гурван алба хаагч дэлбэрэлтийн улмаас харамсалтайгаар амиа алдсан юм. Тэгвэл тухайн алба хаагчид нь Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 63 дугаар ангийн гурван алба хаагчид байсан байна. Талийгаач нарыг хэн болохыг тогтоох ажиллагааг мэргэжлийн байгууллахаас явуулж, цогцос таниулах ажиллагааг хийсний дүнд талийгаач нарыг хэн байсныг тогтоосон байна.
Тодруулбал, Гал сөнөөгч ахлах ахлагч Ш.Амгаланбаатар нь 1987 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр 2012 оноос эхлэн НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 63 дугаар ангид гал сөнөөгч, Салааны захирагчийн туслахаар ажиллаж байжээ.
Гал сөнөөгч, ахлагч Э.Түвшинтөр нь 1996 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. Тэрээр 2019 онд Хөвсгөл аймгийн Тариалан суман дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангид гал сөнөөгч, 2020 онд НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 63 дугаар ангид гал сөнөөгчөөр томилогдон одоог хүртэл ажиллаж байсан байна.
Гал сөнөөгч, дэд ахлагч Д.Барсүрэн нь 1995 онд Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн. 2016 онд Хууль сахиулах их сургуулийн аврагч, гал сөнөөгч мэргэжлээр суралцаж, 2019 оноос эхлэн НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 63 дугаар ангид гал сөнөөгчөөр томилогдон ажиллаж байжээ.