П.Сайнзориг: Нэг шатахуун түгээх станцыг нүүлгэхэд 2-3 тэрбум төгрөгийн зардал гарна
Нийслэлийн газар нутагт хэдэн шатахуун түгээх станц байгаа болон нүүлгэх боломжтой эсэх талаар нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзоригоос тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд шатахуун болон газ борлуулдаг хэдэн станц байна вэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлд шатахуун, дизель түлш борлуулдаг 266, газын буюу хийн түлш борлуулдаг 5, бөөний 29 агуулах байгаа. Нийт 455 орчим шатах тослох материал, хийн газ борлуулдаг газар үйл ажиллагаа явуулж байна.
Үүнээс төрийн өмчийн 13 сургуулийн дэргэд 16 станц байна. Хувийн есөн сургуулийн хажууд есөн шатахуун түгээх станц байна. Тэгэхээр нийт 22 сургуулийн хажууд 25 шатахуун түгээх станц байна. Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс ч ЕБС-ийн хажууд байгаа шатахуун түгээх станцуудыг шийдээч ээ гэдэг хүсэлт тавьж байгаа. Тиймээс энэ чиглэлээр УОК дээр хэлэлцээд холбогдох шийдвэр гаргахаар боллоо.
Нийслэлээс хот төлөвлөлтийн асуудлыг засах үүднээс газар чөлөөлтийн асуудлыг үе шаттай хийж байгаа. Газар чөлөөлөх хөрөнгө мөнгө тавигдсан тохиолдолд эдгээр асуудлыг шийдээд явах бүрэн боломжтой. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт бий. Мөнгө шатахуун түгээх станц баригдсаны дараа бусад газар эзэмшиж ашиглаж байгаа хүмүүс орон сууц барьдаг. Энэ бол өнгөрсөн хугацаанд явж ирсэн хот төлөвлөлтийн алдаа.
-Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станц байхаас гадна өчигдөр тээвэрлэж яваад ноцтой осол гарлаа. Тээвэрлэлтэд баримтлах журам гэж бий юү?
-Тээвэр логистикийн асуудал зөв шийдэгдэх шаардлагатай. Улаанбаатар хот дундуур явдаг төмөр зам бий. Үүнийг дагасан 326 ширхэг салаа төмөр замаар тэсэрч дэлбэрэх бодис бүх зүйлийг тээвэрлэж байгаа. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар хот тээвэр логистикийн төв болчхоод байна. Монгол Улсын нийт импортын 93 Замын-Үүд, долоон хувь нь Алтанбулаг боомтоор 5-6 хувь нь орж ирдэг. Шатах тослох материал, хүнсний гээд бүх бүтээгдэхүүн эдгээр боомтоор орж ирээд 21 аймаг болон Улаанбаатарт тараагддаг. 60 тонны хийн түлш тээвэрлэсэн машины тухайд өчигдөр Замын-Үүд чиглэл рүү хотын төвөөр дайрч явж байсан. Тиймээс эрсдэл арилаагүй гэсэн үг.
Аюултай бараа бүтээгдэхүүнийг хот дундуураа тээвэрлэж гарч байгаа нь дахин ийм осол гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс Улаанбаатар хотын хоёр захад тээвэр логистикийн төвөө байгуулж эндээсээ бараа материалууд нь бусад аймгууд руугаа явуулдаг байхгүй бол Алтанбулагаас орж ирж байгаа шатах тослох материал Замын-Үүд орохдоо л Улаанбаатараар дамжин өнгөрч байна.
-Нэг шатахуун түгээх станцыг нүүлгэхэд хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай байдаг юм бэ?
-Газрын эрхийн онцлог, газар дээр барьсан бүтээн байгуулалтаас шалтгаалаад харилцан адилгүй байгаа. Гэхдээ ойролцоогоор 2-3 тэрбум төгрөг шаардлагатай байдаг.
Шатахуун түгээх станц болон суурьшлын бүсүүд зэрэгцэж байгаа байдал цөөнгүй байна. БШУ-ны яамнаас тавьж байгаа шаардлагаар сургууль, цэцэрлэгийн орчимд байгаа 25 шатахуун түгээх станцыг нүүлгэх.
-Гэр нь шатсан иргэдийг хаана түрээсийн байранд оруулах вэ?
-Галд өртсөн 60 айлын орон сууцанд 56 өрхийн 180-190 байнгын оршин суугч байна. Хуулийн байгууллагаар хэрэг шийдэгдсэний дараа хохирлыг барагдуулах боломж бий. Хэрэг шийдэгдэх цаг мөчийг хүлээхгүйгээр прокурор, шүүх шинжилгээ, мөрдөх байгууллагуудын төлөөлөл ахалсан олон ажлын хэсэг 14 давхар барилгын хохирлын үнэлгээг гаргахаар ажиллаж байна.
Нийслэлийн инженерүүдийн баг, стандарт хяналтын газраас хамтарсан ажлын хэсэг галд өртсөн барилгыг цааш ашиглах боломжтой эсэхийг тогтооно. 60 айлын орон сууцны барилга нь бетонон карказ, блокон дүүргэлттэй. Гал унтраах үед блокийг цөмлөсөн тохиолдлууд байгаа. Мэргэжлийн байгууллагаас барилгын үндсэн бүтцэд гажилт үүсээгүй, хүн амьдрахад аюулгүй гэвэл засварлах юм.
Энэ хугацаанд иргэдийг байнга зочид буудалд байлгах боломжгүй тул өөр орон сууцанд түрээсийн мөнгийг орон нутгийн сангаас төлж, оруулахаар болж байна. Хуулийн байгууллага ослын шалтгааныг тодорхой болгохоор энэ мөнгийг буруутай этгээдээс авах юм.
Хичээл сургууль эхлэх гэж байгаа болохоор “Edu Apartment”-ийн ойр орчимд нь байр түрээсэлж өгөхөөр хайж байна. Нийслэлийн мэдлийн орон сууцанд оруулах гэхээр Баянхошуу, Ханын материалд байна.