Гашуунсухайт-Ганцмод боомтоор 273 мянган автомашин нэвтэрсэн нь 2022 оныхоос 99 хувиар өссөн үзүүлэлт байна
2023 онд Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлсэн нүүрсний хэмжээ 2022 оныхоос хоёр дахин нэмэгдсэн байна. Ингэснээр жилийн нийлүүлэлтийн хэмжээ 66 сая тонн давж, түүхэн дээд түвшинд хүрлээ. Өнгөрсөн онд Гашуунсухайт-Ганцмод боомтоор 273 мянга орчим автомашин нэвтэрсэн нь 2022 оныхоос 99 хувиар өссөн үзүүлэлт болсныг “SXCoal” мэдээллээ. Нийт дамжин өнгөрсөн биет ачаа тээврийн хэмжээний хувьд 36.51 сая тонныг нь БНХАУ Ганцмод боомтоор импортолсон нь өмнөх оныхоосоо 102 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Харин Монголын Шивээхүрэн боомттой холбогддог БНХАУ-ын Сэхэ боомтын хувьд нэвтрүүлсэн нүүрсний хэмжээ дээд түвшинд хүрч, 19 сая тонн давжээ. Энэ нь 2018 оны дээд үзүүлэлтээс 35 хувиар өссөн дүн боллоо. Мөн 2024 онд 20 сая тонн давуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Харин Ханги-Мандал боомтын хувьд импорт экспортын нийт ачаа тээвэрлэлт 5.3 сая тонн орчимд хүрчээ. Энэ нь өмнөх оноосоо 80 хувиар өссөн үзүүлэлт болов. Төмөр замын экспортыг харвал Эрээн хот руу 50 мянга 200 вагоноор 1007 багц нүүрс гаргасан нь өмнөх оны мөн үеэс 37 хувиар өсөж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна. 2024 онд БНХАУ-ын нүүрсний тариф эргэн сэргэснээр өртөг тонн тутамд 34-50 юаниар нэмэгдэж байгаа ч Монголын нүүрсний экспорт тогтвортой байж, Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэгдүгээр сарын 22-ныг хүртэлх хугацаанд өдөрт дунджаар 1057 автомашин нүүрс тээвэрлэжээ.