Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй Мэргэн Тоньюкукийн цогцолбор музейн барилгын ажлын явцыг танилцууллаа
Соёлын дэд сайд П.Баттөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш, ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаөмэр, дэд зохицуулагч Огуз Шэнбаш нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол-Туркийн соёлын хамтын ажиллагаа болон Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй Мэргэн Тоньюкукийн цогцолбор музейн барилгын ажлын явцыг танилцуулан цогцолбор музейн бүтээн байгуулалтыг шуурхайлах чиглэлээр Соёлын яамнаас үзүүлж буй дэмжлэгт Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын зүгээс талархал илэрхийлэв.
Соёлын дэд сайд П.Баттөр Мэргэн Тоньюкукийн цогцолбор музейн барилгын явцын талаарх видео танилцуулгатай танилцаж, барилгын ажлыг чанартай гүйцэтгэх, музейн цогцолборын дэглэлт, хөшөө дурсгалын хамгаалалт болон музейн барилгын ажлын онцлогийн талаар мэдээлэл өгч, тулгарч буй хүндрэлийн талаарх саналыг сонслоо.
Уулзалтын төгсгөлд талууд цаашид бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулж, музейн стандартыг мөрдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцов.