НББХ: Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай болон Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг батлуулжээ

0

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 75 хоног хуралдаж, энэ сарын 17-нд хаалтаа хийсэн билээ. Намрын чуулганы хугацаанд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын Байнгын хороо найман удаа хуралдаж, нийт 23 асуудлын хүрээнд хуулийн 22, Улсын Их Хурлын тогтоолын гурав, Байнгын хорооны тогтоолын долоон төслийг хэлэлцэж, яам, агентлаг, харьяа байгууллагын тайлан, илтгэл, мэдээллийг хоёр удаа, албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг нэг удаа хэлэлцэн шийдвэрлүүлжээ.

Хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх, эсэх тухай болон анхны хэлэлцүүлгийн нийт есөн санал, дүгнэлт, эцсийн хэлэлцүүлгийн гурван танилцуулга, бусад асуудлаарх мөн гурван санал дүгнэлт, Ажлын хэсгийн дөрвөн танилцуулга, анхны хэлэлцүүлгийн шатанд 109, эцсийн хэлэлцүүлгийн шатанд 11 зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус тус бэлтгэж, эцэслэн батлах бэлтгэл ханган ажилласан байна.

Байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах 22 хууль, Улсын Их Хурлын гурван тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэсний зэрэгцээ Байнгын хорооны долоон тогтоолыг баталж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 12-нд, Хүүхэд хамгааллын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 17-нд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан байна. Түүнчлэн Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг 2023 оны 10 дугаар сарын 27-нд, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 08-нд, Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлийг хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай Улсын Их Хурлын тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 22-нд тус тус батлуулжээ.

Намрын ээлжит чуулганы хугацаанд тус Байнгын хорооноос 12 хэлэлцүүлэг явуулан, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах ажлыг хуульд заасны дагуу зохион байгуулжээ. Тухайлбал, 2023 оны наймдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Олон улсын Парламентчдын Эрүүл мэндийн асуудлаарх долдугаар чуулган, есдүгээр сарын 12-нд Мансууруулах бодисын хор хөнөөлтэй тэмцэх бодлого хэлэлцүүлэг, мөн сарын 13-нд Баянхонгор, 14-нд Өвөрхангай, 18-нд Дархан-Уул аймгийн иргэд, албан хаагчдад хийсэн Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга зэргийг дурдаж болно. Түүнчлэн, 2023 оны аравдугаар сарын 04-07-нд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн жишиг төвийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай танилцаж, ажилтан албан хаагчид, иргэдтэй Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийн талаар уулзалт-хэлэлцүүлэг хийсэн байна. “Жирэмсэн болон хөхүүл үеийн хооллолт”, “Хүүхдийн эрүүл мэнд ба чихрийн хэрэглээ” хэлэлцүүлгүүдийг 2023 оны аравдугаар сард хийж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, түүний чанар үр дүн, тулгамдаж буй асуудал, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн үр дүнгийн талаарх уулзалт-хэлэлцүүлгүүдийг Увс, Архангай, Өвөрхангай аймгуудад 12 дугаар сард цувралаар явуулжээ.

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд намрын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Хувийн нэмэлт тэтгэврийн тухай болон Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай болон Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслүүд, мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгүүд тус тус ажилласан байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *