ЗУРХАЙЧ Л.ТЭРБИШ: Монголчууд зөв өдрөө золгосон
“Монголчууд буруу өдрөө золголоо” гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаж, олон нийтийн дургүйцлийг хүргээд байгаа билээ. Энэ талаар зурхайч Л.Тэрбишээс тодрууллаа.
-Сайхан шинэлсэн үү, та?
-Сайхан шинэллээ. Сайхан жил гарлаа.
-Олон нийтийн сүлжээнд монголчууд буруу өдрөө золголоо гэх мэдээлэл гарлаа. Энэ талаар та тайлбарлахгүй юу?
-Цаг тооллын бичиг дээр тодорхой байгаа шүү дээ. “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн өнгө, нурууг тодорхой бичиж, олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэсэн. Сар үзэгдэж, харагдахгүй ганцхан өдөр байдаг. Тэр жилийн хамгийн сүүлийн буюу битүүний өдөр. Билгийн тооллоор сар, нар биенийг хардаггүй өдөр юм. Газрынхаа өндөр, намаас шалтгаалж, зарим газарт шинийн нэгэнд сар харагдах ч тохиолдол бий. Заримдаа харагдахгүй ч байх магадлалтай.
-Монголчууд зөв өдрөө золгосон уу?
-Монголчууд шинийн нэгэнд л золгодог. Сар харагдахгүй өдрийн маргааш л золгох ёстой. Монголчууд баримталж ирсэн монголынхоо цаг тооллоор л золгосон. Монголчуудын золгох өдөр, цаг тоолол, өөр шашинтай бусад орны хүмүүст таалагдах албагүй. Өөрөөр хэлбэл, монголчууд зөв өдрөө золгосон.
-Шинийн хоёрны сар өргөн байсан нь олон нийтийг төөрөгдөлд оруулах шиг боллоо?
-Сар удаан, хурдан гарах нь тухайн өдрийн гэрч биш. Гарч буй сарыг хараад шинийн нэгэн, хоёрон, гурван, дөрөвний өдрийнх гэж хэлэх боломжгүй. Үймүүлж байгаа улсууд байдаг юм уу, үнэхээр мэдэггүй юм уу, бүү мэд. Зарим хүн буруу мэдээлэл өгч, иргэдийг төөрөгдүүлж байна.
Эх сурвалж: ergelt.mn