“Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өгнө”

0

Ардчилсан намын зүгээс Ногоон автобусны хэргийг хянан шалгах Түр хороо байгуулагдсантай холбогдуулан мэдээлэл хийлээ.

АН-ын гишүүн Ц.Уянга: Сонсгол бол болсон үйл явдлын талаар тодорхой асуулга явуулж иргэдэд мэдээлэх үүрэгтэй болохоос шүүхийн шатанд хүргэх статусыг бүрдүүлэхгүй. Нүүрсний сонсгол ч тэр, Хөгжлийн банкны сонсгол дээр ч тэр баахан хулгайчидтай тэмцэж байгаа баатарлаг дүр эсгэсэн жүжигчилсэн тогтолт хийсэн. Үндсэндээ үүний цаана үр дүн гардаггүй. Одоо хянан шалгах хороо байгуулагдсанаар хил гаалийн бичиг баримтын бүрдүүлэлт, мөнгөн шилжүүлгийг шалгах бүрэн боломжтой болж байгаа. Гэтэл Д.Сумъяабазар гэдэг хүнийг хулгай хийгээгүй, ариун явж ирсэн хүн болгох найруулгаар сонсгол гэдэг зүйлийг хийж, сонгуулиар дуусгах юм байна.

Өнөөдөр АТГ-т шалгагдаж байгаа 25 хүн ногоон буюу 600 автобустай огтоос холбоогүй. Тэр хүмүүс дунд орсон нь цахилгаан автобусны техникийн үзүүлэлт гэдэг асуудлаар л шалгагдаж байхад хулгай хийсэн 25 хүнийг илрүүлээд шалгаж байгаа юм шиг яриад байна.

АН-ын гишүүн Л.Ганхөлөг: Түр хороог нэг сард байгуулсан. Хянан шалгах түр хороог Үндсэн хуульд зааснаар их хурлын гишүүдийн 4/1 буюу 19-өөс дээш тооны гишүүд гарын үсэг зурвал байгуулна гэж заасан байдаг. Ногоон автобусны хулгайг шалгахыг 25 хүн дэмжсэн. Энэ албан тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт арваннэгдүгээр сарын 29-нд хүргүүлсэн. УИХ-ын дэгийн тухай хуульд хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр яаралтай байгуулна гэж заасан байгаа. Гэтэл нөхөр Г.Занданшатар удаан хугацаанд байж байгаад он гарсны дараа их хурлын бүрэн эрх дөрвөн сарын дараа дуусах гэж байхад түр хороог байгуулж өгч байна. Иймээс Г.Занданшатарыг Үндсэн хуулийн цэцэд өгнө хэмээлээ.

Товчхондоо, АН-ын ногоон автобусны хэргийг хянан шалгах хорооны гишүүд Түр хороог байгуулахгүй удаашруулсан хэмээн их хурлын даргыг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа аж. Түүнчлэн, мэргэжилтнүүдийн ногоон автобусны хэргээр АТГ-т шалгагдагдаж байгаа гэх 25 хүн нь автобусны худалдан авалттай ерөөс холбоогүй. Харин техникийн үзүүлэлт зөрсөнтэй холбоотойгоор шалгагдаж байгаа гэдгийг тодотголоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *