Авлигын эсрэг тэмцэлд ард түмэн алга ташиж байна
Монгол Улсыг дэлхий дахинаа муухай харагдуулж, олон улсад үнэлэмжийг нь доош нь татах болсон авлига хэмээх хорт үзэгдэлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эрчимтэй тэмцэхээ зарласан нь олон түмнээс талархал хүлээж буй. Төрийн албан тушаалыг баяжих хэрэгсэл болгодог, ойр тойрныхон, танил нөхдөдөө давуу байдал олгодог дээд, дунд шатны авлигачидтай хийх тэмцлийн үр дүн гэхдээ өнөө, маргаашдаа харагдахгүй нь лавтай.
Авлигын төсөөллийн индексийг бодож боловсруулдаг ‘Транспэрэнси интернэшнл” байгууллага өнгөрсөн жилүүдийн дүгнэлтээ танилцуулахад манай улс нэлээд хэдэн байраар ухарчихсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын орчин муудаж, улс орны эдийн засаг хямрахад ч нөлөө үзүүлснийг Засгийн газар ойлгосон биз.
Уг нь бол Засгийн газрын тэргүүн авлигатай тэмцэхээ удаа дараа илэрхийлж, холбогдох хууль тогтоомждоо өөрчлөлт оруулсан ч ‘Транспэрэнси интернэшнл” олон улсын байгууллагаас зарладаг төсөөллийн индексээр манай улс байр урагшлаагүй. Үүнд дүгнэлт хийж Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “цагаан захтнууд”-ын өдүүлдэг гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг эрчимжүүлэхээр болсон. Тиймээс Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар авлигатай тэмцэхээр “5Ш” хэмээх ажиллагаа хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ хугацаанд Эрүүгийн хуулийн авлигын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг чангатгаж. “Нүүрсний хулгай”, Хөгжлийн банкны, “Ногоон автобус”-ны луйвар, олон улсад мөнгө угаасан хэргүүд, Засгийн газрын тусгай сангуудын хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, эрх мэдэлтнүүд завшсан гэх зэрэг үйлдлүүдэд хариуцлага тооцуулж эхэлсэн билээ. “Шүгэл”, “Шүүр”, “Шил”, Шилжүүлэн авах”, “Шувуу” ажиллагааны зарим үр дүн олон түмэнд мэдрэгдэж буй. Тухайлбал. “Шүүр” ажиллагааны хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээж байсан цөөнгүй хүн төрийн албанд “шургалсан” байсныг чөлөөлөөд байгаа.
Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын мэдээлснээр 3387 байгууллагын 3159 албан тушаалтанд хамаарах 6278 зөрчлийг илрүүлж, 1334 хүнд мэдэгдэл хүргүүлж, 481-ийг ажлаас нь чөлөөлүүлсэн аж.
Авлига, хээл хахууль, үндэслэлгүй хөрөнгөжсөн, төрийн өмчийг идэж шамшигдуулсан хэрэгт холбогдчихоод мөрдөн шалгах ажиллагааны явцад гадаад руу оргон зайлсан хүмүүсийг олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчирч, хариуцлага хүлээлгэхэд чиглэсэн “Шувуу” ажиллагааны хүрээнд АТГ-аас эрэн сурвалжилж байсан 34 хүний 11-ийнх нь оршин суугаа улс, байгаа хаягийг тогтоож, БНСУ-аас гурав, БНХАУ-аас хоёр, Унгар, Турк, Австрали, Серби, Польш, Филиппин улсаас тус бүр нэг хүнийг авчирч мөрдөн шалгаж, заримынх нь гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр шүүх, прокурорын байгууллагад шилжүүлсэн билээ. Үүний тод жишээ бол Филиппинээс “Шувуу” ажиллагааны хүрээнд авчирсан, МАН-ын нөлөө бүхий хүн гэгддэг, УИХ-ын гишүүн, Хөдөө, аж ахуйн сайд, Хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай. Түүнийг Филиппинээс авчирч, холбогдох хэргийг нь мөрдөн шалгах явцад нийтийн албан тушаал хашиж байсан нэг бус хүн, хүргэн, түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хээл хахууль өгсөн үйлдэл илэрхий болчихоод байгааг бид уншигчдадаа цаг алдалгүй хүргэсээр ирсэн. Манай авлигач “цагаан захтнууд” албан тушаалаа ашиглаж татвар төлөгчид, хөрөнгө оруулагчдын оруулсан мөнгийг завшин гадаадынхантай хамтарч оффшор бүсэд хээл хахууль болон үндэслэлгүй хөрөнгөжих замаар олсон хөрөнгөө нуудаг. Уг хөрөнгийг буцаан авах ажиллагааг нэлээд хүндрэл бэрхшээл, цаг хугацаа туу.зж байж явуулдаг.
АТГ-аас 2023 онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланд “Гадаад улс оронд хууль бус эх үүсвэрээр худалдан авсан, шилжүүлсэн, хөрөнгийг тогтоох зорилгоор судалгаа хийж, Монголоос шилжүүлсэн хөрөнгөөр Латви улсын арилжааны банканд хадгалсан 540 307 евро буюу 1.9 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг эх оронд нь буцаахаар ажиллаж буйг дурдсан.
Энэ мэтээр төрийн өндөр албан тушаал хашиж байсан нэг эрхэм төлөөний этгээддээ үүрэг өгч, үл хөдлөх хөрөнгөө Мэн гэх төдийлөн мэддэггүй аралд нуусан. Монголбанкийг удирдаж байсан нэгэн хамаарал бүхий хүмүүс рүүгээ бондын мөнгөнөөс шилжүүлээд эхнэртэйгээ хамтран эзэмшдэг дансаар авч, Австрид үл хөдлөх хөрөнгөтэй болсон, Засгийн газруудад өндөр албан тушаал хашиж байсан хүн Швейцарын банкны нөлөө бүхий менежерээр дамжуулж тус улсын банканд данс нээн, их хэмжээний ам.доллароо хадгалж, мартсан, “Улаанбаатар төмөр зам”-ын удирдах албан тушаалтнууд хувь нийлүүлсэн хөрөнгө оруулагчидтайгаа нийлээд олон сая доллар гадаадад угаахад оролцож, төмөр замдаа ихээхэн хохирол учруулсан, Дарханы замын хэрэгт холбогдсон нэг эр, МАН-ын нөлөө бүхий албан тушаалтан байсан хүний мөнгийг угаан нуун далдаахад оролцсон хөрөнгийг буцаан авчрах, хураах ажиллагаа нэлээд урт зам, саад бэрхшээлтэй тулгардаг ч АТГ-ынхан НҮБ-ын Авлигын эсрэг конвенцыг удирдлага болгон эх оронд нь шилжүүлэхийн төлөө ажилласаар буй юм. Төрийн байгууллагуудын ил тод байдлыг хангах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй явуулах, төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, төрийн тусгай сангуудаас хэн яаж зээл аваад буйг ил тод болгосон “Шил” ажиллагааны хүрээнд ард түмэн мэдэх эрхээ эдэлж, Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Боловсролын зээлийн сангийн гээд олон тусгай сангийг хөрөнгөөс завшиж, эргэн төлдөггүй нөхдийн талаар мэдээлэлтэй болсон билээ.
Л.Оюун-Эрдэнийн удирдаж буй гүйцэтгэх засаглалын хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагаа үр дүнгээ эхнээсээ өгч байгаа гэдэгтэй санал нийлэх хүн олон гарна.
Авлигач цагаан захтнууд хуулийн хариуцлага хүлээдэг болж, Монголын төрд шударга ёсны салхи сэвэлзэж, олон улс дүгнэдэг авлигын индекс энэ онд бага зэрэг, ирэх жилүүдэд эрчимтэй буурах нь гарцаагүй.