БШУЯ: 5 суралцагч тутмын 1 нь гэрийнхэндээ туслах, дүүгээ харах, мал хариулах зэрэг шалтгааны улмаас сургуулиас гадуурх хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдаж чаддаггүй
“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023” үр дүнг өнөөдөр танилцууллаа. НҮБ-ын Хүүхдийн Сан, ДЭМБ-ын санхүүгийн болон техникийн дэмжлэгтэйгээр Боловсрол, шинжлэх ухааны яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран энэхүү судалгааг хийжээ.
Өсвөр насны хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн өнөөгийн байдлыг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу судлан, тогтоож, засгийн газрын бодлого, хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох, суурь мэдээллийг бий болгох зорилгоор хийсэн судалгаанд ерөнхий боловсролын 51 сургуулийн 13-17 насны 3750 суралцагчийг хамруулж, тоон болон чанарын аргыг хослуулан гүйцэтгэсэн байна.
Судалгаанд хамрагдсан:
-4 суралцагч тутмын 3 нь сургуулийн орчинд аюулгүй байдал алдагдаагүй гэж үзжээ. /Сургуулийн орчинд хичээлийн байр, спорт, урлагийн танхим, цайны газар, угаалгын өрөө, дотуур байр, сургуулийн гадна талбай, ирэх очих зам зэрэг багтдаг./
-5 суралцагч тутмын 2 нь сургуульд ирж очихдоо ямар нэг тээврийн хэрэгслээр зорчдог. /Нийтийн тээврээр 47,4 хувь, хувийн унаагаар 29,1 хувь, таксиагаар 11,9 хувь, сургуулийн автобусаар 11,6 хувь/
-5 суралцагч тутмын 1 нь гэрийнхэндээ туслах, дүүгээ харах, мал хариулах зэрэг шалтгааны улмаас сургуулиас гадуурх хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдаж чаддаггүй.
-Ерөнхий боловсролын сургуулийн 13-17 насны суралцагчдын авч буй мэдээллийн эх сурвалжийн 56,8 хувь нь нийгмийн сүлжээ, интернет байдаг.
-3 суралцагч тутмын 1 нь сургууль дээрээ дээрэлхэлтэд өртөж байсан
-5 суралцагч тутмын 2 нь хүүхдийн оролцоонд тулгуурлан зохион байгуулдаг үйл ажиллагаанд сүүлийн 12 сарын хугацаанд оролцсон.
-Эрэгтэй 10 суралцагч тутмын 6, эмэгтэй 10 суралцагч тутмын 9 нь дотны найз нөхөдтэй.
-Эмэгтэй 5 суралцагч тутмын 1, эрэгтэй 7 суралцагч тутмын 1 нь цахим дээрэлхэлтэд өртөж байна.
-10 суралцагч тутмын 1 нь сүүлийн 1 сард янжуур тамхи татсан.
-4 суралцагч тутмын 1 нь сүүлийн нэг сард электрон тамхи татсан.
-7 суралцагч тутмын 1 нь нэг ба түүнээс олон удаа согтож үзсэн.
-2 суралцагч тутмын 1 нь өөрийнх нь асуудал, санаа зовнилыг эцэг, эх, асран хамгаалагчид нь огт ойлгодоггүй гэжээ.
-3 суралцагч тутмын 1-ийн эцэг, эх, асран хамгаалагчид нь сүүлийн нэг сар чөлөөт цагаараа юу хийж байгааг нь огт мэдээгүй байсан гэж хариулжээ.