ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД
Дүнжингаравын уулзварын газны дэлбэрэлт цаашид газрын наймааны дэлбэрэлт болж даамжрах нь. Өнгөрөгч баасан гарагт УИХ-аас үе үеийн Хотын дарга нарын газрын наймааг нийтэд илчилж нээлттэй сонсгол явуулах Түр хороо байгуулсан. Түр хороог Хууль зүйн сайд Б.Энхбаяр ахлах бөгөөд нэн яаралтай нотлон баримтуудыг цуглуулж, тун удахгүй Төрийн ордонд газрын наймаачдыг гэрчээр дуудна гэдгээ мэдэгдсэн. Ингэхдээ Б.Энхбаяр “Дүнжингарав, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойр орчмын газрын наймааны асуудлыг эхлээд шалгана. Тэр хавийн газрыг ёстой хүний өөрийнгүй хэсэгчилж зарсан. Ерөнхий прокуророосоо эхлээд Тагнуулын ерөнхий газрын дарга хүртэл энэ газрын наймаанд оролцсон мэдээлэл бий” гэж онцолсон. Ямартай ч гурван аврагчийн халуун амийг авч одсон газны дэлбэрэлтээс үүдэж 20 гаруй жил бугшсан газрын наймаа авлигын хэргүүд ар араасаа “дэлбэрэх” нь.
Тэгвэл бид Баянзүрх дүүргийн XXVI хороо буюу Дүнжингаравын уулзвар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орчмын газруудыг хэн гэдэг Хотын дарга хэн гэдэг яндартанд худалдаж, ямар хотхон, хороолол босгоныг танилцуулж байна.
1. Газны дэлбэрэлтэд өртөж шатсан “Глобал иннова” сургууль, “Эдү апартмент” хотхоныг 14,988м2 газартай нь хамт “Таванбогд”-ын эзэн Ц.Баатарсайхан төрсөн дүү Ц.Отгонбаатар “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-аараа эзэмшдэг. Анх энэ газар, сургууль, хотхоны барилгууд Тагнуулын ерөнхий газарт эзэмшилд байсан. Өөрөөр бол, Тагнуулын ерөнхий газрын төв оффисын зориулалтаар анх баригдсан. Улмаар Засгийн газраас 2013 оны арваннэгдүгээр сарын 30-нд хувьд худалдах шийдвэр гаргасан. Ингээд Ц.Отгонбаатар 2014 оны есдүгээр сарын 23-нд “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-аараа 10 тэрбум төгрөгөөр худалдан авч, “Глобал иннова” сургууль, “Эдү апартмент” хотхон болгосон түүхтэй. Тухайн үед Ерөнхийлөгчөөр Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг, ТЕГ-ын даргаар Б.Ариунсан, БШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байсан. Ноцтой нь, одоо Л.Гантөмөр Ц.Отгонбаатарын “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-ийн харьяа “Глобал иннова” сургуулийн Зөвлөхөөр ажилладаг. Ц.Отгонбаатар, Л.Гантөмөр нар эртний найзууд бөгөөд “Глобал иннова” сургуулиас гадна “Гарааны бизнесийн дэмжих холбоо”-г хамтран эзэмшиж ирсэн нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд. Эндээс, Л.Гантөмөр Ц.Элбэгдоржоор нөлөөлүүлэх замаар Тагнуулын ерөнхий газрын эзэмшлийн газар, барилгыг Ц.Отгонбаатар хувьчлуулж, улмаар сургууль, хотхон болгож, хувь хүртсэн байж болзошгүй ноцтой схем гарч ирнэ. Энэ асуудал УИХ-ын Түр хорооны нээлттэй сонсгол дээр дэлгэрэнгүй ярихдах биз.
2. Газны дэлбэрэлтэд өртсөн “Эдү апартмент” хотхоны зүүн талд “Монголиан энд глобал лоёорс” ХХК 10,044м2 газар эзэмшдэг. Энэ газрыг 2012 онд Г.Мөнхбаяр олгосон. Улмаар “Монголиан энд глобал лоёорс” ХХК энэ газар дээрээ гурван блок, 15 давхар, 240 айлын “National park town” хотхоныг барьж худалдсан. “Монголиан энд глобал лоёорс” ХХК-ийг УЕПГ-ын Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Бат-Орших эзэмшдэг. Б.Бат-Орших Увс аймгийн Зүүнговь сумын уугуул буюу Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын нутгийн дүү нь. Тиймдээ ч Д.Дорлигжавыг Улсын ерөнхий прокурор байх, ХЗДХ-ийн сайд байх үед Б.Бат-Орших Улсын ерөнхий прокурорын туслах, Нийслэлийн прокурор, УЕПГ-ын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн дарга гэх мэт өндөр албан тушаалуудыг хашиж байсан. Түүгээр зогсохгүй, Д.Дорлигжав Улсын ерөнхий прокуророос буухдаа өөрийнхөө оронд Б.Бат-Оршихийг томилуулахаар зүтгүүлж байсан. Тэгэхээр “Монголиан энд глобал лоёорс” ХХК-ийн ард Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав байж болзошгүй гэж хардах тат талын үндэслэлтэй.
3. “National park town” хотхоны зүүн талд “Женерал тек” ХХК 16,487м2 газартай. 2012 онд Г.Мөнхбаяр 10,000м2 газар олгож, 2013 онд Э.Бат-Үүл 6500м2 газар нэмж олгосон. Энэ газар дээрээ “Женерал тек” ХХК зургаан блок 560 айлын “Чухаг” хотхоныг барьж худалдсан. “Женерал тек” ХХК-ийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатар эзэмшдэг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсноосоо хойш хувийн бизнесүүдээ хадам дүү Х.Болдбаатартаа хариуцуулж ирсэн. Харин Х.Болдбаатарын эхнэр П.Эрдэнэтуяа нь Монголбанкны Эрдэнэсийн сангийн захирлаар ажилладаг. Ц.Элбэгдорж, түүний хадам дүү Х.Болдбаатар хоёрын Хотын төвд эзэмшдэг газар, хотхон ганц энэ биш.
4. Дүнжингаравын уулзвараас зүүн тийш Амгалангийн гүүр хүртэлх замын хойд хэсгийн 155 га газрыг бүхэлд нь УИХ-ын гишүүн асан Б.Наранхүү 13 компаниараа дамжуулан эзэмшдэг. Жишээ нь, Б.Наранхүү “Дүнжингарав” ХХК-ийнхаа нэр дээр эзэмшдэг 520,658м2 буюу 52,0 га газар дээрээ “Дүнжингарав” худалдааны төвөө барьсан. “Дүнжингарав” худалдааны төвийн хажуугийн хоосон 19984м2 газрыг том хүү Н.Эрдэнийнх нь “Тэгш чухаг” ХХК эзэмшдэг. Энэ мэтээр Б.Наранхүү өөрийнхөө болон эхнэр, хүүхдүүдийнхээ нэр дээр 13 компаниараа Дүнжингаравын уулзвар, түүнээс зүүн тийшх 155 га газрыг эзэмшдэг. Энэ газраас 26 га-г 2006 онд Ц.Батбаяр, 123 га-г 2008 онд Т.Билэгт тус тус олгосон. Мөн М.Энхболд Хотын дарга байхдаа 2000 онд Б.Наранхүүд Дүнжингаравын уулзвараас баруун тийш Замын цагдаагийн гүүр хүртэлх 30 га газрыг олгосон байдаг бөгөөд тэд худалдаад дууссан. Жишээ нь, Б.Наранхүүгийн худалдсан тус 30 га газар дээр “Баянмонгол” хороолол баригдсан. УИХ-ын Түр хорооны газрын наймааны нээлттэй сонсголын хамгийн халуун, басхүү хамгийн бухимдуулсан хэсэг нь Б.Наранхүү болон М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт нарын газрын наймааны сүлжээ байна гэдэг нь эргэлзээгүй.
5. Дүнжингаравын уулзварын урд “Шинэ Монгол хаад групп” ХХК 4996м2 газар эзэмшдэг. 2014 онд Э.Бат-Үүл олгосон. Одоогоор барилга барьж эхлээгүй байгаа. “Шинэ Монгол хаад групп” ХХК-ийн НИТХ-ын дарга асан Ц.Сандуйгийн зөвлөхөөр ажиллаж байсан А.Ганбаатар эзэмшдэг. А.Ганбаатар Г.Доржзодовтой хамтарч “60 тэрбумын схем”-ыг зохиосон гэгдэж илүүтэй танигдсан нэгэн.
6. Дүнжингаравын уулзаварын баруун урд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойно “Эйч Эс Би” ХХК 7772м2 газар эзэмшдэг. 2011 онд Г.Мөнхбаяр олгосон. Улмаар “Эйч Эс Би” ХХК энэ газар дээрээ дөрвөн блок 297 айлын “Нарлаг өргөө” хотхоныг барьж худалдсан. “Эйч Эс Би” ХХК-ийг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүх эзэмшдэг. Б.Энхсүх өмнө нь БНХАУ-ын Элчин сайдын яаманд Консулын хэлтсийн дарга, Оюуны өмчийн газрын дарга, Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, даргаар тус тус ажиллаж байсан, төрд нөлөө бүхий этгээд.
7. Дүнжингаравын уулзварын баруун талд “Ай Би Эй групп” ХХК 6964м2 газар эзэмшдэг. Одоогоор барилга барьж эхлээгүй, суурь сутгаж эхэлж буй. “Ай Би Эй групп” ХХК-ийг Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У.Нямхүүгийн нөхөр А.Даваадорж эзэмшдэг.
8. Дүнжингаравын уулзварын баруун талд, “Баянмонгол” хорооллын хажууд “Сүрэг агт” ХХК 30,000м2 газар эзэмшдэг. Энэ газар дээрээ “Сүмбэр орд” хотхоныг барьж худалдсан. “Сүрэг агт” ХХК-ийг Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар эзэмшдэг.
9. Дүнжингаравын уулзварын баруун талд, “Баянмонгол” хорооллын хажууд “Алтай констракшн” ХХК 3,9 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ “Саруул” хотхоныг барьж худалдсан. “Алтай констракшн” ХХК-ийг Хотын ерөнхий менежер асан Т.Бадамжунайгийн “баруун гар” гэдгээрээ танигдсан Х.Бат-Эрдэнэ эзэмшдэг.
10. Дүнжингаравын уулзварын баруун тийш, “Хоум” плазагийн зүүн талд “Инэл” ХХК 1.3 га газар эзэмшдэг. Энэ газар дээрээ “Дүнжингарав” хотхоныг барьж худалдсан. “Инэл” ХХК-ийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга асан Ц.Ганхүү эзэмшдэг. Ц.Ганхүү өмнө нь М.Энхболдын Хотын дарга байх үед Хот тохижилтийн Ерөнхий инженерээр нь ажиллаж байсан нэгэн.
Бид дараа, дараагийн дугаартаа 1999 оноос хойш буюу М.Энхболдоос Д.Сумъяабазар хүртэлх үе үеийн Хотын дарга нарын олгосон хууль бус газрууд, тэдгээр эзэн суусан төрийн томчуудыг цувралаар танилцуулах болно.
Эх сурвалж: ergelt.mn