ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ

0

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах, хэрэглэгчид зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомж

2.1.Зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Төв Банк /Монголбанк/-ны тухай, Банкны тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Байгууллагын нууцын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн хамрах хүрээ

3.1.Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон энэ хууль, гэрээнд заасан иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн үүргийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хяналт тавихад энэ хууль үйлчилнэ.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.”зээлийн мэдээлэл” гэж зээлдүүлэгчийн өмнө хууль, гэрээгээр хүлээсэн зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг;

4.1.2.”зээлийн мэдээллийн сан” гэж Монголбанк болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эзэмшиж байгаа зээлдэгчдийн зээлийн мэдээллийг;

4.1.3.”зээлдэгчийн зөвшөөрөл” гэж зээлдэгчээс энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд өгөхийг зөвшөөрсөн баримтыг;

4.1.4.”зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх” гэж зээлийн мэдээллийн санд хууль, гэрээнд заасан үндэслэлээр мэдээлэл цуглуулах, өөрчлөх, шинэчлэх, нэмэлт оруулах замаар зээлийн мэдээлэл боловсруулахыг;

4.1.5.“зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд” гэж Монголбанкнаас зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг;

/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.1.6.”зээлдэгч” гэж хууль, гэрээгээр төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэн, хуулийн этгээдийн өмнө зээл, төлбөрийн үүрэг хүлээсэн иргэн, хуулийн этгээдийг;

4.1.7.”зээлдүүлэгч” гэж банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, түүнчлэн зээлдэгчээс гэрээ, эсхүл хуульд заасны дагуу зээл, төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий иргэн, хуулийн этгээдийг;

4.1.8.”мэдээлэл нийлүүлэгч” гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр зээлдэгчийн зээл, төлбөрийн үүргийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлж байгаа зээлдүүлэгч, төрийн байгууллагыг;

4.1.9.”хэрэглэгч” гэж зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр мэдээлэл авахыг хүссэн мэдээлэл нийлүүлэгч, иргэн, хуулийн этгээд, зээлдэгчийг;

4.1.10.”мэдээлэл өгөх, авах гэрээ” гэж зээлдэгчийн зээл, төлбөрийн талаарх мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх, уг сангаас мэдээлэл авах талаар мэдээлэл нийлүүлэгч, хэрэглэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн хооронд байгуулсан гэрээг;

4.1.11.”төрийн байгууллага” гэж Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, иргэн, хуулийн этгээдийн болон эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг;

4.1.12.”зээлийн лавлагаа” гэж зээлийн мэдээллийн сангаас цахим болон бичгийн хэлбэрээр хэрэглэгчид өгөх зээлийн мэдээлэл болон зээлийн түүхийн мэдээллийг;

4.1.13.”зээлийн түүх” гэж зээлдэгчийн хууль, гэрээгээр хүлээсэн зээл, төлбөрийн үүрэг, тэдгээрийн гүйцэтгэлийн талаарх цогц мэдээллийг.

5 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим

5.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд дараах зарчмыг баримтална:

5.1.1.хараат бус байх;

5.1.2.зээлдэгчийн зөвшөөрлийг заавал авсан байх;

5.1.3.мэдээллийг хууль болон гэрээний үндсэн дээр солилцох;

5.1.4.мэдээлэл үнэн зөв, тэгш, тэнцвэртэй байх;

5.1.5.мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН, ТҮҮНИЙГ БҮРДҮҮЛЭХ, АШИГЛАХ

6 дугаар зүйл.Зээлийн мэдээлэл

6.1.Иргэний зээлийн мэдээлэлд дараах мэдээллийг хамруулна:

6.1.1.овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар;

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.2.оршин суугаа газрын хаяг;

6.1.3.татвар төлөгч этгээд бол хувийн дугаар;

6.1.4.ажил эрхлэлтийн байдал, ажлын газрын албан ёсны хаяг, утас, цахим шуудангийн хаяг;

6.1.5.гэрлэлтийн байдал;

6.1.6.зээл, төлбөрийн гэрээ байгуулсан он, сар, өдөр, гэрээний дугаар, төрөл, төлбөр гүйцэтгэх валютын нэр;

6.1.7.зээл, төлбөр төлөх хугацаа, хуваарь, хүүгийн хэмжээ, хүлээгдэж байгаа хэвийн зээл, төлбөрийн дүн;

6.1.8.гэрээний хугацааг хэтрүүлж гүйцэтгэсэн, эсхүл гүйцэтгээгүй байгаа зээл, төлбөрийн дүн;

6.1.9.барьцаа, дэнчин, батлан даалт, баталгаагаар хангагдсан, эсхүл хангагдах зээл, төлбөрийн дүн;

6.1.10.эд хөрөнгийн улсын бүртгэлийн болон гэрчилгээний дугаар, он, сар, өдөр, эзэмшигч, өмчлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг, бусад шаардлагатай мэдээлэл;

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.1.11.зээл, төлбөрийн үүргээс татгалзаж байсан бол татгалзсан шалтгаан;

6.1.12.зээл, төлбөрийн үүрэг, түүнийг шаардах эрх гуравдагч этгээдэд шилжсэн бол шилжүүлсэн баримт бичгийн он, сар, өдөр, дугаар;

6.1.13.зээл, төлбөрийн ангиллын талаарх мэдээлэл;

6.1.14.зээлдэгчийн зээлжих чадварын талаарх дүгнэлт;

6.1.15.зээл, төлбөрийн үүрэгтэй холбогдуулж Монголбанкнаас зээлийн мэдээлэлд хамруулах шаардлагатай гэж үзсэн бусад мэдээлэл.

6.2.Хуулийн этгээдийн зээлийн мэдээлэлд дараах мэдээллийг хамруулна:

6.2.1.оноосон нэр, монгол, англи хэл дээр болон товчилсноор;

6.2.2.улсын бүртгэлийн болон регистрийн дугаар;

6.2.3.оршин байгаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг;

6.2.4.татвар төлөгчийн бүртгэлийн дугаар;

6.2.5.хувьцааны 25 ба түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг;

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.6.толгой, хараат, охин компани болон тэдгээрийн Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан холбогдох этгээд, Компанийн тухай хуулийн 99.1-д заасан нэгдмэл сонирхолтой этгээдийн нэр, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, оршин байгаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг;

6.2.7.гүйцэтгэх удирдлагын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа газрын хаяг, утасны дугаар, цахим шуудангийн хаяг;

/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.2.8.бизнесийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, эрхэлсэн ажил;

6.2.9.энэ хуулийн 6.1.6-6.1.15-д заасан мэдээлэл.

6.3.Төрийн байгууллагын мэдэлд байгаа дараах мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн зээлийн мэдээлэлд хамруулна:

6.3.1.нийгмийн даатгал, татвар, гаалийн татварын төлөгдөөгүй, эсхүл хугацаа хэтрүүлж төлсөн өр, төлбөрийн дүн;

6.3.2.зээл, төлбөрийг албадан гүйцэтгүүлсэн бол албадан гүйцэтгэсэн зээл, төлбөрийн дүн, гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн он, сар, өдөр;

6.3.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс санаатайгаар зайлсхийсэн, залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэний улмаас эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолын он, сар, өдөр, дугаар;

6.3.4.улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бусдад өгөхийг хуулиар хориглоогүй мэдээлэл.

6.4.Зээлийн мэдээллийн сантай солилцсон дараах мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд бүртгэнэ:

6.4.1.зээлийн мэдээлэл ирүүлсэн, шинэчилсэн, өөрчилсөн он, сар, өдөр, мэдээлэл өгсөн мэдээлэл нийлүүлэгч, зээлийн лавлагаа авсан хэрэглэгчийн тухай мэдээлэл;

6.4.2.хэрэглэгчийн зээлийн лавлагаа авсан зорилго, шалтгаан, бүртгэлийн дугаар.

7 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн эх сурвалж

7.1.Зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийг дараах этгээд магадлана:

7.1.1.энэ хуулийн 6.1, 6.2-т заасан мэдээллийг зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч;

7.1.2.энэ хуулийн 6.3-т заасан мэдээллийг холбогдох төрийн байгууллага;

7.1.3.энэ хуулийн 6.4-т заасан мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд.

7.2.Зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч, төрийн байгууллага, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн мэдээллийг санаатайгаар буруу ташаа нийлүүлэх, бүрдүүлэх, мэдээлэхийг хориглоно.

7.3.Зээлийн мэдээллийн эх сурвалж буруу ташаа, бүрэн бус мэдээлэл агуулж байна гэж үзвэл зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд мэдээлэл нийлүүлэгчид нэн даруй мэдэгдэж шалгуулан, зөрчлийг арилгуулах үүрэгтэй.

8 дугаар зүйл.Зээлийн мэдээлэлд оруулахыг хориглох мэдээлэл

8.1.Зээлийн мэдээлэлд дараах мэдээлэл оруулахыг хориглоно:

8.1.1.зээлдэгчийн арьсны өнгө, нийгмийн гарал, шашин шүтлэг, улс төрийн нам, төрийн бус байгууллагын гишүүнчлэлийн байдал, эрүүл мэндийн тухай мэдээлэл;

8.1.2.зээлдэгчийн худалдаа, бизнесийн нууцлалтай холбоотой судалгаа, мэдээлэл.

9 дүгээр зүйл.Зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх

Хэвлэх

9.1.Зээлийн мэдээллийн сан бүрдүүлэхэд дараах журмыг баримтална:

9.1.1.зээлийн мэдээллийг зөвхөн зээлийн мэдээллийн сан бүрдүүлж, ашиглах зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд цуглуулах;

9.1.2.зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд өгөх;

9.1.3.зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэхэд мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн хооронд мэдээлэл өгөх, авах гэрээг байгуулж, мэдээлэл солилцох;

9.1.4.зээлийн мэдээллийн санд зөвхөн энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг цуглуулах;

9.1.5.зээлийн мэдээллийг энэ хуулиар зөвшөөрсөн арга, хэлбэрээр бүрдүүлэх;

9.1.6.зээлийн мэдээллийг тогтмол баяжуулан, шинэчилж байх;

9.1.7.банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо нь Монголбанкнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд шаардлагатай мэдээллийг өгөх, авах гэрээг байгуулж, мэдээлэл солилцох үүрэг хүлээх.

9.2.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон мэдээлэл нийлүүлэгчээс бусад аливаа этгээдээс мэдээлэл авч зээлийн мэдээллийн санд оруулахыг хориглоно.

9.3.Зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг Монголбанкны зөвшөөрөлгүйгээр Монгол Улсаас авч гарах, гадаад улсад шилжүүлэхийг хориглоно.

10 дугаар зүйл.Зээлийн мэдээллийг ашиглах

10.1.Хэрэглэгч нь зээлийн мэдээллийг дор дурдсан зорилгоор ашиглана:

10.1.1.төрийн байгууллага нь хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг авч албан ажлын хэрэгцээнд ашиглах;

10.1.2.зээлдүүлэгч нь зээлийн эрсдэлийг үнэлэх зорилгоор зээлийн мэдээллийг авч ашиглах;

10.1.3.зээлдэгч зээл, төлбөрийн байдлаа хянах, санхүүгээ удирдан зохицуулах зорилгоор зөвхөн өөрт холбогдолтой зээлийн мэдээллийг авч ашиглах.

10.2.Энэ хуулийн 10.1-д зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглоно.

11 дүгээр зүйл.Зээлийн лавлагаа өгөх

11.1.Зээлдэгчийн сүүлийн зургаан жилийн зээлийн мэдээллийг зээлийн лавлагаанд тусгах бөгөөд зээлийн лавлагааг гагцхүү хэрэглэгчид өгнө.

11.2.Хэрэглэгч зээлийн лавлагаа авах хүсэлтээ батлагдсан маягтын дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд гаргана.

11.3.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зөвхөн хууль, гэрээгээр зөвшөөрсөн хүрээнд зээлийн лавлагааг өгнө.

11.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн лавлагааг авах боломж бүрдүүлсэн компьютерийн программ хангамжийг ашигласан байна.

11.5.Хуулийн шаардлага хангасан итгэмжлэлийн дагуу зөвхөн хэрэглэгчээр бүртгэгдсэн этгээдэд зээлийн лавлагаа авах эрхийг шилжүүлж болох бөгөөд үүнээс бусад тохиолдолд уг эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлж болохгүй.

11.6.Мэдээллийг анх зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн мэдээлэл нийлүүлэгчийн нэр, оршин суугаа газрын хаяг, утас, цахим шуудангийн хаяг, мэдээлэл өгсөн он, сар, өдөр, мэдээлэл шинэчлэгдсэн хугацааг лавлагаанд заана.

11.7.Зээлийн мэдээллийн сангаас зээлийн лавлагаа өгөх тохиолдол бүрд зээлийн лавлагаа авагчийн нэр, зорилгыг мэдээллийн санд нэмж баяжуулна.

11.8.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс Компанийн тухай хуулийн 84.1-д заасан өөрийн эрх бүхий албан тушаалтан, хувьцаа эзэмшигчийн талаарх зээлийн лавлагаа гаргаж өгөх журмыг Монголбанк тогтооно.

12 дугаар зүйл.Үйлчилгээний хөлс

12.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь үйлчилгээний хөлс авах эрхтэй бөгөөд үйл ажиллагааны зардал, эрэлт, нийлүүлэлттэй уялдуулан үйлчилгээний хөлсийг тогтоохдоо энэ хуулийн 23.4-т заасныг үндэслэнэ.

12.2.Зээлдэгч нь зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хандан зээлийн мэдээллийн сангаас өөрийн зээлийн лавлагааг жилд нэг удаа үнэ төлбөргүй авах эрхтэй бөгөөд үүнээс бусад тохиолдолд гэрээний үндсэн дээр үйлчилгээний хөлс төлнө.

13 дугаар зүйл.Гэрээний нөхцөл

13.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь мэдээлэл нийлүүлэгч, хэрэглэгчтэй байгуулах мэдээлэл өгөх, авах гэрээнд дараах нөхцөлийг заавал тусгана:

13.1.1.мэдээлэл нийлүүлэгч, хэрэглэгчийн нэр, хаяг, банкин дахь харилцах дансны дугаар;

13.1.2.гэрээний хугацаа, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээ цуцлах, дуусгавар болгох, хүчингүй болгох нөхцөл;

13.1.3.зээлдэгчийн зөвшөөрлийг авсан эсэх;

13.1.4.зээлийн мэдээллийн төрөл, хэмжээ, хугацаа, зээлийн мэдээлэл нийлүүлэх, ашиглах талаар;

13.1.5.зээлийн мэдээллийг шинэчлэх, өөрчлөх талаар;

13.1.6.зээлийн мэдээллийн нууцлалыг хадгалах, эрх олгогдоогүй этгээдэд задруулахгүй байх, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг хэрхэн барагдуулах, хүлээх хариуцлагын талаар;

13.1.7.зээлийн лавлагаа өгөх, авах журам;

13.1.8.гэрээний талуудын эрх, үүрэг;

13.1.9.гомдол гаргах, маргаан шийдвэрлэх талаар.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЭТГЭЭДИЙН ЭРХЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЭРХ, ҮҮРЭГ

14 дүгээр зүйл.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эрхлэх үйл ажиллагаа

14.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь дараах үйл ажиллагаа эрхэлнэ:

14.1.1.зээлдэгчтэй холбоотой энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг цуглуулж зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх;

14.1.2.зээлийн мэдээллийн санд цуглуулсан зээлийн мэдээллийг боловсруулж, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зээлийн лавлагаа, бусад бүтээгдэхүүн болгож борлуулах;

14.1.3.зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтоох;

14.1.4.зээлийн мэдээлэлд үндэслэн эдийн засаг, зах зээлийн судалгаа, дүн шинжилгээ хийх;

14.1.5.зээлийн мэдээлэлтэй холбоотой Монголбанкнаас зөвшөөрсөн бусад үйлчилгээ.

/Энэ заалтыг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

14.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь энэ хуулийн 14.1-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

15 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хориглох үйл ажиллагаа

15.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

15.1.1.зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд, түүний хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан, ажилтан нь зээлийн мэдээллийн санд хуримтлагдсан мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад тараах, задруулах, ашиглах;

15.1.2.өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа явуулах, мэдээлэл өгөх.

16 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн эрх, үүрэг

16.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь дараах эрхтэй:

16.1.1.зээлийн мэдээллийн тухай хууль тогтоомжид заасны дагуу зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, хадгалах, хамгаалах, ашиглах;

16.1.2.энэ хуулийн 22.1.1-д зааснаас бусад тохиолдолд зээлийн лавлагааг төлбөртэйгээр өгөх;

16.1.3.мэдээлэл нийлүүлэгчийн нийлүүлж байгаа мэдээллийн бүрдлийг хянаж, эргэлзээтэй, тодорхойгүй, бодитой бус байж болзошгүй мэдээллийг нягтлан шалгаж, шаардлага хангахгүй бол хүлээн авахаас татгалзах, дахин ирүүлэхийг шаардах;

16.1.4.тухайн этгээд нь мэдээлэл нийлүүлэгч, хэрэглэгч мөн эсэхийг гэрчлэх баримтыг шаардах, шалгах;

16.1.5.мэдээлэл өгөх, авах гэрээ байгуулсан мэдээлэл нийлүүлэгч, хэрэглэгч нь зээлийн мэдээллийг хэрхэн ашиглаж байгаа талаар тайлбар авч, хянах замаар гэрээний хэрэгжилтийг шалгах.

16.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь дараах үүрэгтэй:

16.2.1.зээлдэгчийн зээлийн мэдээллийг найдвартай хадгалах, хамгаалах, хуулийн дагуу шинэчлэх, боловсруулах;

16.2.2.өөртэй нь мэдээлэл өгөх, авах гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдэд зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл авах эрхтэй болохыг гэрчилсэн баримт олгож, хэрэглэгчээр бүртгэх;

16.2.3.зээлийн лавлагааг зөвхөн энэ хуульд заасны дагуу хэрэглэгчид гаргаж өгөх;

16.2.4.зээлийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нууцлалыг тогтмол сайжруулах замаар эрх олгогдоогүй этгээдэд мэдээлэл задрахаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх.

17 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэх

17.1.Мэдээлэл нийлүүлэгчээс зээлийн мэдээллийн санд зээлийн мэдээлэл нийлүүлэхэд дараах зарчмыг баримтална:

17.1.1.зээлийн мэдээлэл үнэн зөв, бодитой, тодорхой, бүрэн гүйцэд, ойлгомжтой байх;

17.1.2.хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн мэдээлэл байх;

17.1.3.зээлийн мэдээллийг өөрчлөлт орсон тухай бүр нь тогтмол, шинэчилж байх;

17.1.4.зөвхөн энэ хуульд заасан зорилгын дагуу ашиглагдах мэдээлэл байх;

17.1.5.нийлүүлэх зээлийн мэдээллийн нууцлалыг хамгаалж чадах техник хэрэгсэл, компьютерийн программ хангамжийг ашигласан байх;

17.1.6.зээлийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрлийг үндэслэн мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийн санд нийлүүлэх.

17.2.Хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд мэдээлэл нийлүүлэгч зээлийн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэхийг хориглоно.

17.3.Мэдээлэл нийлүүлэгч цахим болон бичгийн хэлбэрээр, зөвшөөрөгдсөн компьютерийн программ хангамжийг ашиглан мэдээлэл өгөх, авах гэрээний дагуу зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд зээлийн мэдээлэл нийлүүлнэ.

17.4.Зээлийн мэдээллийг нийлүүлэх тухай бүрд нь мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд тухайн мэдээллийг хүлээлцсэнийг баталгаажуулах баримтыг цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, баримтжуулна.

18 дугаар зүйл.Зээлийн мэдээллийг өөрчлөх, шинэчлэх, боловсруулах

18.1.Зээлийн мэдээллийн санд нийлүүлсэн зээлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт орсон бол мэдээлэл нийлүүлэгч нь тухайн нэмэлт, өөрчлөлтийг ажлын гурван өдрийн дотор зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд хүргүүлнэ.

18.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь энэ хуулийн 18.1-д заасан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн авсан даруйд мэдээллийн санд нэмэлт, өөрчлөлтийг оруулж, мэдээллийг шинэчилнэ.

18.3.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь боловсруулсан зээлийн мэдээллийг ангилж, хэрэглэгчид зээлийн лавлагаа, бусад бүтээгдэхүүн болгож борлуулахад бэлтгэн цэгцлэх, зээлийн мэдээллийн бодитой үнэн зөв байдлыг хянах ажлыг тасралтгүй зохион байгуулна.

19 дүгээр зүйл.Зээлийн мэдээллийг хадгалах, хамгаалах, архивлах

19.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн мэдээллийн санд цуглуулсан зээлийн мэдээллийг уг санд хүлээн авсан өдрөөс хойш 10 жилийн хугацаанд хадгална.

19.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд нь зээлийн мэдээллийн санд хадгалагдаж байгаа мэдээллийн нууцлал, хамгаалалт, аюулгүй байдлыг хангаж, баталгаажуулна.

19.3.Монголбанкнаас тогтоосон стандартын хэмжээнд зээлийн мэдээллийн нууцлал, хамгаалалтыг хангаж ажиллаагүйгээс учирсан хохирлыг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд хариуцна.

19.4.Энэ хуулийн 19.1-д заасан хугацаа дуусахад зээлийн мэдээллийг Монголбанкинд шилжүүлнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

МЭДЭЭЛЭЛ НИЙЛҮҮЛЭГЧ, ХЭРЭГЛЭГЧ, ЗЭЭЛДЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ

20 дугаар зүйл.Мэдээлэл нийлүүлэгчийн эрх, үүрэг

20.1.Мэдээлэл нийлүүлэгч нь дараах эрхтэй:

20.1.1.зээлийн мэдээллийн нууцлалын аюулгүй байдал, хамгаалалтыг хангахыг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах;

20.1.2.зээлийн мэдээлэлд орсон нэмэлт, өөрчлөлтийг эх сурвалжид тулгуурлан тухай бүрд нь хийж, зээлийн мэдээллийг баяжуулан боловсруулалт хийж байхыг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах;

20.1.3.зээлийн мэдээллийн санд шилжүүлсэн мэдээлэлд худал, буруу ташаа нэмэлт мэдээлэл оруулахгүй байхад хяналт тавих;

20.1.4.нийлүүлсэн зээлийн мэдээллийн эх сурвалжид эргэлзээтэй байдал үүссэний улмаас уг мэдээллийг тодруулах, нягтлан шалгах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зээлдэгч болон холбогдох бусад байгууллагад хүсэлт гаргаж, хамтран ажиллах.

20.2.Мэдээлэл нийлүүлэгч нь дараах үүрэгтэй:

20.2.1.зээлийн мэдээллийн үнэн зөвийг нягтлан шалгаж, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх;

20.2.2.зээлийн мэдээллийг солилцоход энэ хуульд заасан шаардлагыг биелүүлэх;

20.2.3.зээлийн мэдээллийг дутуу, алдаатай нийлүүлсэн тохиолдолд түүнийг засах, гүйцээх, нэмэлт оруулах арга хэмжээг нэн даруй авах;

20.2.4.зээлдэгчийн нууцад хамаарах энэ хуулийн 6 дугаар зүйлд зааснаас бусад мэдээллийг бусдад задруулахгүй байх.

21 дүгээр зүйл.Хэрэглэгчийн эрх, үүрэг

21.1.Хэрэглэгч нь дараах эрхтэй:

21.1.1.зээлийн лавлагаа үнэн зөв, бодитой, тодорхой, эх сурвалжид нийцсэн мэдээлэл агуулсан байхыг шаардах;

21.1.2.зээлийн мэдээлэл илт буруу бол түүнийг нэн даруй шинэчлэх, засварлахыг зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах;

21.1.3.санаатайгаар буруу мэдээлэл өгсний улмаас хэрэглэгчид хохирол учирсан бол хохирлыг барагдуулахыг шаардах.

21.2.Хэрэглэгч нь дараах үүрэгтэй:

21.2.1.зээлийн лавлагааг зөвхөн хууль, гэрээгээр зөвшөөрсөн зорилгоор авч ашиглах;

21.2.2.зээлийн лавлагаанд тусгагдсан мэдээлэл буруу ташаа, бүрэн гүйцэд биш болохыг мэдсэн бол энэ талаар зээлдүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд нэн даруй мэдэгдэж, зээлийн лавлагаанд шаардлагатай өөрчлөлт оруулахыг шаардах;

21.2.3.зээлийн лавлагаанд тусгагдсан мэдээллийн нууцлалыг хадгалах, мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй байх;

21.2.4.зээлийн лавлагаанд тусгагдсан мэдээлэл нь эргэлзээтэй, хуурамчаар үйлдэгдсэн байж болзошгүй, шалгаж тодруулах зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ тухай зээлдүүлэгч, мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд мэдэгдэх.

22 дугаар зүйл.Зээлдэгчийн эрх, үүрэг

22.1.Зээлдэгч нь дараах эрхтэй:

22.1.1.өөрийн зээлийн лавлагааг зээлийн мэдээллийн сангаас хүссэн үедээ үзэж, хяналт тавих, тухайн лавлагааг жилд нэг удаа үнэ төлбөргүй авах;

22.1.2.зээлийн мэдээллийн сан дахь мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд бус тохиолдолд мэдээллийг шинэчлэхийг мэдээлэл нийлүүлэгч болон зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах.

22.2.Зээлдэгч нь дараах үүрэгтэй:

22.2.1.зээлийн мэдээлэлд хамаарах энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг зээлдүүлэгчид үнэн зөв тайлагнах;

22.2.2.зээлийн мэдээлэлд хууль бусаар нэмэлт, өөрчлөлт оруулсан байвал энэ талаар хуулийн байгууллагад нэн даруй мэдэгдэх.

ТАВДУГААР БҮЛЭГ

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ

23 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох

23.1.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Монголбанк олгоно.

23.2.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах баримт бичгийг Монголбанкинд ирүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.2.1.зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн удирдлагад ажиллах хүмүүсийн болон хувьцаа эзэмшигчдийн нэр, иргэний үнэмлэхийн хуулбар, утас, цахим шуудангийн хаяг;

23.2.2.тухайн хуулийн этгээдийн хувьцааны 5-аас дээш хувийг эзэмшдэг хувьцаа эзэмшигч тус бүрийн оруулсан хөрөнгийн хувь хэмжээ;

23.2.3.зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн удирдлагад ажиллах хүмүүсийн мэргэжил, боловсрол, ажлын дадлага туршлага, ял шийтгэлтэй байсан эсэх, хугацаа хэтэрсэн аливаа зээл, төлбөргүй болохыг нотлох баримт;

23.2.4.бизнес төлөвлөгөө;

23.2.5.зээлийн мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хамгаалах бүх шаардлагыг хангахуйц мэдээллийн системийн программ хангамж, техник хэрэгслээр хангагдсаныг нотлох баримт;

23.2.6.хэрэглэгч зээлийн мэдээллийн санд хандаж мэдээлэл солилцох журам, түүний эрх, үүргийг нарийвчлан тодорхойлсон гэрээний загвар;

23.2.7.байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагааны зарчим, хариуцлагыг тусгасан ёс зүйн дүрэм;

23.2.8.хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ нь Монголбанкнаас тогтоосон шаардлагад нийцэж байгааг нотлох баримт.

/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.2.9.энэ хуульд заасан эрхлэх үйл ажиллагааны төрөл, нөхцөл, шаардлагыг тусгасан удирдлага, зохион байгуулалтын бодлого, журам, шийдвэр.

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.3.Монголбанк энэ хуулийн 23.2-т заасан өргөдөл, холбогдох баримт бичгийг бүрэн хүлээн авснаас хойш ажлын 30 хоногийн дотор зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хянан шийдвэрлэж, бичгээр хариу өгнө.

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгчийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, зээлийн мэдээллийн сан бүрдүүлэх, зээлийн мэдээллийг боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, үйлчилгээний хөлс тогтоох журмыг Монголбанк тогтооно.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

23.5.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй этгээд “зээлийн мэдээллийн сан” гэсэн нэр хэрэглэхийг хориглоно.

23.6.Энэ хуулийн 23.2-т заасан баримт бичгийн жагсаалт, загвар, агуулга, зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай болон энгийн зөвшөөрөл хүсэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд тавих шаардлага, мөрдөх стандартын жагсаалтыг Монголбанк батална.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.7.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2.8-д заасан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд энэ хуулийн 23.6-д заасан нотлох баримтыг бүрдүүлэн Монголбанкинд ирүүлнэ.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

24 дүгээр зүйл.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл

24.1.Монголбанк дараах үндэслэлээр зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:

24.1.1.ирүүлсэн өргөдөл, баримт бичиг нь энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй;

24.1.2.үүсгэн байгуулах гэрээ, дүрэм нь хууль тогтоомжтой зөрчилдсөн;

24.1.3.энэ хуульд заасны дагуу зээлийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангаж чадахуйц техник, тоног төхөөрөмж, компьютерийн программ хангамжаар хангагдаж чадаагүй, удирдлагад ажиллах хүмүүс нь шаардлага хангаагүй.

24.1.4.бизнес төлөвлөгөө, үйл ажиллагаа нь банк, санхүүгийн тогтвортой байдал, зээлийн мэдээллийн үйлчилгээ эрхлэгчийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлөх нь магадлан шалгах ажиллагаагаар тогтоогдсон.

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэхэд хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл хүссэн өргөдөл, баримт бичиг энэ хуулийн 23.7, 27.2-т заасан шаардлагыг хангаагүй бол Монголбанк зөвшөөрөл олгохоос татгалзана.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

25 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх

25.1.Монголбанк Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т зааснаас гадна дараах үндэслэлээр зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ:

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.1.1.хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг нийлүүлэх, хуваах, тусгаарлах замаар өөрчлөн байгуулах тохиолдолд уг үйл ажиллагааг дуусах хүртэл хугацаанд;

25.1.2.энэ хуульд заасан шаардлагыг хангах талаар Монголбанкнаас өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй бол зөрчлийг арилгах хүртэл хугацаанд.

26 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл

26.1.Монголбанк зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаас гадна дараах үндэслэлээр хүчингүй болгоно:

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.1.1.энэ хуулиар тавьсан шаардлагыг гурван сараас дээш хугацаанд хангаагүй;

26.1.2.тусгай зөвшөөрөл олгох үндэслэл болсон үүсгэн байгуулах болон бусад баримт бичиг хуурамч, бодит байдалд нийцэхгүй байгаа нь тогтоогдсон;

26.1.3.санаатайгаар буруу ташаа, бүрэн гүйцэд бус мэдээллийг тараасан, зээлийн мэдээллийн санд буруу ташаа засвар, өөрчлөлт оруулсан;

26.1.4.тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилээс дээш хугацаанд үйл ажиллагаа явуулж эхлээгүй;

26.1.5.зээлийн мэдээллийг хууль бусаар ашиглаж, энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг ноцтойгоор зөрчсөн, бусдад ихээхэн хэмжээний хохирол учруулсан.

/Энэ заалтад 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.1.6.зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд тухайн үйл ажиллагааг эрхэлсэн.

/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

26.2.Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон шалтгааныг холбогдох шийдвэрт тодорхой тусгана.

26.3.Монголбанк нь зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд уг этгээдээс 6 сарын дотор дахин тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авахгүй.

27 дугаар зүйл.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах

27.1.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр өөрчлөн байгуулж, татан буулгаж болох бөгөөд энэ тохиолдолд Монголбанкны зөвшөөрлийг авна.

27.2.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг өөрчлөн байгуулах, татан буулгах зөвшөөрөл авахад дор дурдсан баримт бичгийг Монголбанкинд ирүүлнэ:

27.2.1.өөрчлөн байгуулах, татан буулгах тухай хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр;

27.2.2.үйл ажиллагаагаа дуусгавар болгохтой холбогдуулан зээлийн мэдээллийн санг хэрхэн шийдвэрлэх талаар авах арга хэмжээ, хэрэгжүүлэх үе шат, өөрчлөн байгуулах, татан буулгах шаардлага, хэлбэр, нөхцөл, хугацааг заасан баримт бичиг;

27.2.3.өөрчлөн байгуулснаас гарах үр дүнгийн тооцоо, өөрчлөн байгуулагдсаны дараа эрх, үүргийг шилжүүлэн авах этгээд байгаа бол тухайн этгээдийн эхлэлтийн тайлан тэнцэл.

27.3.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдийг өөрчлөн байгуулагдахыг Монголбанк хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зээлийн мэдээллийн санг өөрчлөн байгуулагдсаны үр дүнд үүссэн зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдэд шилжүүлнэ.

27.4.Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд татан буугдсан тохиолдолд зээлийн мэдээллийн санг Монголбанкинд шилжүүлнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

МОНГОЛБАНКНЫ ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН САН

28 дугаар зүйл.Монголбанкны зээлийн мэдээллийн сантай мэдээлэл солилцох

28.1.Монголбанк нь санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банк, банк бус санхүүгийн байгууллага, зээлийн үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар зөвшөөрсөн санхүүгийн бусад байгууллага, төрийн байгууллага болон бусад аж ахуйн нэгжээс бүрдүүлсэн зээлийн мэдээллийн сантай байна.

28.2.Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоо, санхүүгийн түрээс /лизинг/-ийн компани, төрийн байгууллага нь иргэн, хуулийн этгээдээс зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Монголбанкны мэдээллийн санд зээлийн мэдээллийг тогтмол өгнө.

28.3.Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээллийг зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй түүний бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн хууль болон гэрээний дагуу харилцан солилцоно.

28.4.Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдтэй мэдээлэл солилцох журмыг Монголбанк тогтооно.

28.5.Монголбанк нь зээлийн мэдээллийн санг ашиг олох зорилгоор ашиглахыг хориглоно.

ДОЛДУГААР БҮЛЭГ

ХАРИУЦЛАГА

29 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

29.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

29.3.Мэдээлэл нийлүүлэгчээс нийлүүлсэн зээлийн мэдээллийн үнэн зөв эсэхийн талаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээд, түүний ажилтан хариуцлага хүлээхгүй.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

30 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

30.1.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *