Шар усны үер болох магадлал өндөр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан зохион байгуулав. Хур тунадас их орсонтой холбоотойгоор шар усны үер болох магадлал өндөр байна. Өнгөрсөн зун сүүлийн 30 гаруй жил ороогүй их бороо орсноос үер болсон. Иймээс НОК-ын Үер, ус, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдэл, ослын үед ажиллах Ажлын хэсгийг шуурхай хуралдуулахыг үүрэг болгож, Ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүүг томиллоо. Хотын дарга Ажлын хэсэгт шар усны үерээс урьдчилан сэргийлж, хор хохирлыг бууруулах эрсдэлийн төлөвлөгөө, нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гарган танилцуулж, худалдан авах ажиллагааг яаралтай зохион байгуулах үүрэг өгөв.
Бүх нийтийн их цэвэрлэгээний аян зарлалаа
Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар асууж тодрууллаа. Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:
-Цагаан сарыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг “Нэг хот нэг гэр бүл” уриан дор зохион байгуулж, дүүргүүдийн хэмжээнд аян зарласан. Нийт зургаан дүүргийн хэмжээнд 2,482,219 ам метр талбай цэвэрлэж, 3725 тонн цас, мөс ачлаа. Зам, талбайн цэвэрлэгээний төвийн 24 байгууллага, 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машин, техниктэйгээр ажиллаж байна. 1100 тонн давс, 2300 тонн тусгай зориулалтын бодисын үлдэгдэлтэй байгаа. Сар шинийн баярын өдрүүдэд инженерийн шугам, сүлжээний аюулгүй байдлыг хангаж ажиллахыг харьяа байгууллагуудад даалгаж, хариуцлагатай жижүүр томилж байна гэлээ.
26 байршилд халиа тошин үүссэн бөгөөд 18 байршилд дүүргүүд, найман байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд гэрэлтүүлэгч 87,090, гэрэлтүүлгийн шон 75,486, удирдлагын шит 1208 бий. Гэрэлтүүлгийн асалт 99.6 хувьтай байгаа юм.
Гандантэгчэнлин хийдийн орчны тохижилтын хүрээнд тус хийдийн дэргэдэх ерөнхий боловсролын 112 дугаар сургуулийн шинэ барилгын зураг, төсвийг боловсруулахад шаардлагатай зардлыг шийдвэрлэж, барилга угсралт, орчны тохижилтын зураг төслийг боловсруулж, тохижилт, хийдийн хамгаалалтын бүсийг өөрчлөх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулаад буй.
Царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг АТГ-т шалгуулна
Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргаас эрх шилжиж ирсэн 270 захирамж, төсөл, арга хэмжээ бий. Тендер зарлаагүй 139 ажил байгаа нь нийт төслийн 51.5 хувь. Тендер зохион байгуулалт 48.5 хувьтай байна. Тодруулбал, зураг төсөл, ажлын даалгавар ирүүлсэн 133, зураг төсөв, ажлын даалгаваргүй 137 ажил байна” хэмээгээд захиалагчийн хяналт тавих 17 байгууллага тус бүрээр мэдээлэл өглөө. Мөн зураг төсөв, техникийн тодорхойлолт ирүүлээгүйгээс тендер зарлах хугацаа хойшилж байгааг хэлж байв.
Хотын дарга олон жил дамжин ашиглалтад ороогүй, царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг жагсаалтыг гаргаж, танилцуулахыг Нийслэлийн Боловсролын газрын даргад үүрэг болгов. Мөн боловсролын барилга ашиглалтад орохгүй удаж байгаа нь тендер сонгон шалгаруулалт хууль бус явагдаж, авлига үүссэнтэй холбоотой тул АТГ-т энэ барилгуудыг шалгуулна гэдгийг онцолж байлаа.
10 мянгаас дээш хүн амтай ч сургууль, цэцэрлэггүй зургаан байршилд газрын асуудлыг шийдэхээр нийслэлийн удирдлагууд ажиллаж байна. Тухайлбал, “Голден парк” хотхон, “Алтай” хотхон, “Кинг тауэр”, “Хан хиллс” зэрэг хороололд сургууль, цэцэрлэг байгуулах юм. Сургууль, цэцэрлэгийн газрыг шийдээгүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авч, хуулийн дагуу газар авсан эсэхэд шалгалт хийхийг мөн Хотын дарга үүрэг болголоо.
Галд өртсөн барилга, байгууламжийн нэгдсэн дүгнэлт гуравдугаар сарын 15-ны дотор гарна
Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны гал түймэрт өртсөн барилга, байгууламжийг цаашид ашиглах боломжтой эсэх дүгнэлтийн явцын талаар Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам:
-Барилгуудад нийт найман төрлийн үзлэг хийж, сорьц авч, хэмжилт хийж дууссан. Галд өртсөн таван объектод дүгнэлт гарна. 207-р байрыг 58 айлаар төлөвлөсөн ч техникийн давхарт 2018 онд нэмэлтээр дөрвөн айл төлөвлөсөн, зураг төсөлгүй, үндсэн барилгын хийцлэлээс өөр материалаар хийсэн. Сургууль, цэцэрлэгийн барилгыг Г206 дугаартай барилгатай хүзүүвчээр холбосон, голд байрлах барилгад сургалтын танхим, хоолны заалтай. 207, 208-р байрыг 2015 оны зургаар 2017 онд Улсын комисс хүлээж авсан. Тус барилгууд өөр газар баригдсан ч комиссын нэг дүгнэлттэй байсан.
207-р барилгын хойд болон зүүн тал, урд талын зүүн хэсгийн гадна хөөсөнцөр фасад галд өртсөн, техникийн давхрын зүүн талд байрлах өргөтгөлийн талбай бүрэн шатсан. Гадна фасадны материалын хувьд галын аюултай 15кг/м3 нягттай хөөсөнцрөөр хийсэн. Нэгдүгээр давхарт чулуун хөвөн дулаалга, чулуун хавтан фасад шатаагүй үлдсэн, бусад ашигласан материал бүрэн шатсан байдалтай.
830-р барилгын зүүн хойд хэсэгт байрлах үйлчилгээний талбай галд өртсөн. Барилгын гадна талын гоёлын өрөгт хийц бүхий баганыг дэлбэрэлтийн хүчинд шидэгдсэн ёмкос мөргөж гэмтээсэн. Тус барилгын гуравдугаар орцны зүүн хойд хэсэгт байрлах 1-6 дугаар давхрын айлуудын цонх дэлбэрэлтийн долгионы хүчинд хагарсан. Дэлбэрэлтийн улмаас нийт 85 айлын цонх хагарч, гэмтсэн бөгөөд хоёр болон гуравдугаар орцны 1-6 давхрын айлуудын цонхыг бүрэн сольж дууссан. Долоогоос дээш давхрын айлуудын цонхны шилийг солилоо.
Хохирлын хэмжээ, сэргээн засварлах өртөг, зардлыг Барилга хөгжлийн төвөөс гуравдугаар сарын 1-ний дотор гаргах ёстой. Барилгын чанар, аюулгүй байдлын дүгнэлт, дээж, сорьцын хариу гарсны дараа барилгын байцаагчийн ерөнхий дүгнэлт гарна. Гуравдугаар сарын 15-ны дотор нэгдсэн дүгнэлтийг гаргахаар ажиллаж байна хэмээв.
Хотын дарга ослын хор хохирлыг бууруулах, дахиж осол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэдийг орон сууцанд оруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн юм.
Толгойт, Яармагийн замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ
Хотын дарга Толгойт, Яармагийн замыг хэзээ нээх талаар тодруулахад Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох зам болон Яармагийн гүүр, Яармагийн замыг Эрчим хүчний гудамжтай холбох замыг зургаадугаар сарын 1-н гэхэд нээнэ” гэлээ.
Замын хөдөлгөөнд улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулахад замын хөдөлгөөний ачаалал 60-66 хувьтай байсан бол одоо 88-92 хувьтай байна. Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор зах, худалдааны төвийг чиглэсэн хөдөлгөөн их байна гэдгийг “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа хэлж байлаа.
29 авто замын нөлөөлөлд 133.61 га газар өртсөн
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар 2024 оны газар чөлөөлөлтийн ажлуудыг танилцуулсан.
29 авто замын нөлөөлөлд 1545 нэгж талбарын 133.61 га газар өртсөн. Үүнээс
- Өмнөх онуудад 422 нэгж талбарыг чөлөөлсөн.
- 2024 онд 16 нэгж талбарт нөхөн олговор олгосон.
- 213 нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлсөн.
- Үлдсэн 894 нэгж талбарыг чөлөөлөхөд 147.2 тэрбум төгрөг шаардлагатай.
14 сургууль, цэцэрлэгийн нөлөөлөлд 210 нэгж талбарын 10.59 га газар өртсөн. Үүнээс
- Өмнөх онуудад 87 нэгж талбарыг чөлөөлсөн.
- 2024 онд хоёр нэгж талбарт нөхөн олговор олгосон.
- Таван нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлсөн.
- Үлдсэн 116 нэгж талбарыг чөлөөлөхөд 17.8 тэрбум төгрөг шаардлагатай.
11 шугам сүлжээний ажлын нөлөөлөлд 403 нэгж талбарын 26.5 га газар өртсөн. Үүнээс
- Өмнөх онуудад 32 нэгж талбарыг чөлөөлсөн.
- 2024 онд нэг нэгж талбарт нөхөн олговор олгосон.
- Үлдсэн 346 нэгж талбарыг чөлөөлөхөд 39.4 тэрбум төгрөг шаардлагатай.
Бусад 10 ажлын нөлөөлөлд 275 нэгж талбарын 10.13 га газар өртсөн. Үүнээс
- Өмнөх онуудад 125 нэгж талбарыг чөлөөлсөн.
- 14 нэгж талбарыг нөлөөллөөс гаргасан.
- Үлдсэн 127 нэгж талбарыг чөлөөлөхөд 27.85 тэрбум төгрөг шаардлагатай.
Долоо хоногт 61 хүний амь аварчээ
Аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням:
-Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн хугацаанд объектын гал түймрийн 41, ууланд төөрсөн, өндрөөс аврах ажиллагааны 8, нийт 49 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Нийт 61 хүний амь аварсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн 281, аврах ажиллагааны 31, нийт 311 удаагийн дуудлагатай байгаа нь 13.1 хувиар өссөн үзүүлэлт. Цагаан сар болох гэж буйтай холбоотойгоор гал түймрийн эрсдэл бий болдог тул нийслэл, дүүргээс холбогдох албан тушаалтнуудыг томилгоожуулах шаардлагатай. Мөн шар усны үер болох эрсдэл үүссэн тул суваг, шуудууг нээх, гүүрэн байгууламжийг доор сувагчлал гаргах хэрэгтэй байна. Цагаан сарын үеэр онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн шилжиж ажиллана гэлээ.
Хог хаягдлыг тээвэрлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Холбогдох байгууллагууд Цагаан сарын үеэр осол аваар, гал түймрийн аюул гарахаас урьдчилан сэргийлж ажиллах,
- Цагаан сарыг угтан УБЗАА, нийслэлийн есөн дүүргүүд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайг цэвэрлэх,
- Баярын амралтын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг сайтар зохион байгуулах,
- Баярын амралтын өдрүүдэд инженер хангамжийн байгууллагуудын шуурхай бригадыг бэлэн байлгах, эргүүл, жижүүр томилж ажиллуулах,
- Айл, өрхүүдийн хог хаягдлыг тээвэрлэх ажлыг нэмэгдүүлэх, шуурхай зохион байгуулах,
- Авто замын эвдэрч гэмтсэн хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулах,
- УБЗАА-наас олгодог худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийг дүүргүүд рүү үе шаттай шилжүүлэх ажлыг зохион байгуулах. Цаашид УБЗАА аж ахуйн ажил хийх биш, бодлого гаргаж, хяналт тавьдаг бүтцийн өөрчлөлтийг бий болгох,
- Цас цэвэрлэгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авах,
- Халтиргаа, гулгаанаас сэргийлж, давс, бодисоо шаардлагатай хэмжээгээр цацах. Мөн ирэх жилийн нөөцийг бэлтгэх,
- Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах,
- Нийслэлийн гадаад үнэт цаас гаргахтай холбоотой ажлыг эрчимжүүлж, шаардлагатай мэдээллийг цаг тухай бүрд нь шуурхай гаргаж өгч ажиллах, бондын ажлын бэлтгэл ажлыг сайтар хангах,
- “Тохижилт бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж, танилцуулах,
- Явган хүний замыг стандартад нийцсэн, халтирдаггүй, байгалийн чулуугаар, өнгөний нэг кодоор хийх,
- “Урт цагаан”-ы гудамжийн тохижилтод инженер, технологийн шийдлийг хэрэгжүүлэх,
- Хөрөнгө оруулалтын эрх шилжүүлсэн ажлыг эрчимжүүлэх,
- Нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой олон нийтээс санал асуулга авах ажлыг цахим платформоор зохион байгуулах,
- Шарга морьтын гүүрний орчимд байгуулах дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын тооцоо судалгаа, зураг төслийг боловсруулж танилцуулах. Зуслангийн бүсэд амьдарч байгаа иргэдийг хотын төв рүү орох шаардлагагүйгээр нийгмийн асуудлуудыг шийдэх,
- Дэд төвүүдийн газар чөлөөлөлтийн ажлыг Цагаан сарын дараагаас эхлүүлэх,
- Баянгол дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэрт “Материал импекс” ХК-тай зөвшилцсөн газарт цэцэрлэг барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх,
- Шинээр авсан автобуснуудыг яаралтай үйлчилгээнд гаргах,
- Зөвшөөрөлгүй байрлуулсан гарааш, хайс буулгах ажлыг эрчимжүүлэх,
- Нийслэлийн төсвөөр чөлөөлсөн газруудыг НОСК-д шилжүүлэн, эдийн засгийн эргэлтэд оруулахад анхаарах зэрэг үүрэг өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС