ГУТАЛ #26: “Ээмгээ ₮500 мянгад ломбардад тавьчихлаа, эргээд авах учир олдоно биз”
Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий…
Хар, цагаан. Бор, шар. Майжиг, жайжиг. Гялгар, гялтгар. Шороотой тоостой…Энэ хотод, эргэн тойронд хэчнээн олон хэлбэр маягтай гутал холхино вэ.
Гадаа хүйтэнд өдөржин хөл хавсран суух худалдаачны гутал. Баасан гарагийн орой бүдчин байж гэртээ харих шоучны гутал. Хавартай хамт хайр мөрөөсөж яаралгүй алхах залуугийн хөлдөө жийсэн байдаг л нэг ботинк.
Гутал бүр хаа нэг тийш яаравчилна. Зорилгогүй тэнэж яваа бололтой зүүн тийш, тэгснээ баруун тийш буцаж эргэн холхих гуталтай ч таарлаа. Ер нь энэ гутлууд хаа хүрдэг бол?. Хүн бүр гуталтай. Гутал бүрийн цаана амьдрал бий…
Бөгж бол үнэт эдлэл. Гэхдээ үнэ цэн нь өөр өөр. Хэзээ ч билээ, хаанаас ч билээ зүгээр л шохоорхож аваад хуруундаа зүүсэн бөгж. Хэний ч билээ, яагаад ч юм бэлэглэсэн нэг их дурсаад байх зүйлгүй ч зүүгээд явахад чамин гялтганасан бөгж. Айл гэр болоход аав, ээж хоёрын тугалтай үнээгээ зарж авч өгсөн урт удаан аз жаргалыг бэлэгшээсэн хуримын хос бөгж.
Тэнгэрт салют буудсан, тийм нэг догдлол дүүрэн мэдрэмж дунд “Хань минь болооч” гэж гуйгаад хуруунд зүүсэн сүйн бөгж гээд бүгд өөр өөр цаг хугацаа, аз жаргал, инээмсэглэлийн гэрч…
“ГУТАЛ”–аар хөндөх өнөөдрийн сэдэв үнэт эдлэл ба ломбард.
Сар шинийн баяр болоход үндсэндээ тав хоног үлдлээ. Өмнө жилийн өдийд ахмадууд сар шинийн баярын бэлтгэлээ хэрхэн базааж байна, тэдний тэтгэвэр хүрэлцэж байна уу гэдгийг сурвалжлахаар гараад Хүчит шонхор захаас үл таних өвөөг олж уулзаж, ууцыг нь дүүрсээр Баянхошуун дахь гэрт нь хүргэж өгчхөөд, тэднийд баахан саатаж, өвөөтэй хуучилж байв даа.
Энэ жил мөн энэ сэдвийн хүрээнд барьцаалан зээлдүүлэх газрын үүдээр баахан эргэлдэв. Ахмадуудын тэтгэвэр сар, шинийн бэлтгэл базаахад яагаад ч хүрэхгүй, тэд тэтгэврийн зээл, эсхүл ээмэг, бөгж, эмээл, хазаараа барьцаалан зээл авч байна гэх цахим сэтгэгдлийн араас “мөшгөв”.
Ломбардууд гар утас, алт монет, цахилгаан бараа, зурагт, LED TV, суурин болон зөөврийн компьютер, хөөрөг, эмээл, эртний эдлэл, автомашин, 9911, 8811 тоогоор эхэлсэн гар утасны дугаар гээд үнэ хүрч болох, янз бүрийн л эд, эдлэл барьцаалж зээл олгодог юм байна.
Барьцаанд тавих эд зүйлсийг 7-14 хоногоор авна. Зээлийн хүү өдрийн 0.6 хувь орчим. Ингээд 7 хоногийн 4, 10 хоногийн 6, 14 хоногийн 8 хувь гээд өсөх нь. Эд, зүйлээ барьцаанд үлдээгээд хугацаа хэтэрснээс хойш 10 хоног хүлээгээд ирэхгүй бол тэр эд, зүйл ломбардын эзэмшил болж, зарж борлуулж, зээлсэн мөнгөө олж авах нөхцөлтэй юм байна. Гэхдээ бүгд ижил биш.
Бас байгалийн гамшиг, үймээн самуун, гал усны аюул гэх мэт давагдашгүй хүчин зүйлсийн улмаас үүссэн хохирлыг ломбард хариуцахгүй гэнэ. Энэ мэтчилэн нийтлэг нөхцөлтэй юм байна.
Жишээ нь, 585 сорьцтой монет ээмэг 4.42 граммтай байдаг бөгөөд зах зээлийн үнэ нь 700 орчим мянган төгрөг аж. Барьцаалан зээлдүүлэх газар ээмгийг эрсдэлээ тооцоолж зах зээлийн үнээс тодорхой хувиар доогуур үнэлдэг гэнэ. Дунджаар 300-400 мянган төгрөгт барьцаалдаг юм байна.
Энэ гутлын эзэн эртнээс өвлөж ирсэн сүүжин ээмгээ барьцаалж зээл авахаар яваа гэнэ. Ломбард ээмгийг нь 500 орчим мянган төгрөгт авчихдаг. Ингээд нэг аваад, нөгөө тавиад л, ер нь мөнгө хэрэгтэй болсон үед ээмэг нь л хамгийн түрүүнд санаанд ордог тухай ярив.
Энэ удаад ээмгээ ломбардах болсон шалтгаан нь хүний гар цайлгах бэлэг авах мөнгө хэрэг болжээ. Ээмгээ барьцаалж үлдээгээд, оронд нь авах 500 мянган төгрөгийнхөө 300-аар хүнд хэрэг болохуйц хямд, төсөр бэлэг, бас нэгжийн карт аваад, үлдсэнийг нь банк орж шинэ мөнгө болгож солиулж авна гэнэ.
Ээмгээ 6 хувийн хүүтэйгээр сарын хугацаатай барьцаалж үлдээв. Ингээд сарын дараа 530 мянган төгрөгөөр буцаан авах юм. Хэрэв авч чадахгүй бол 30 мянган төгрөгийн хүү төлж, хэдэн ч удаа сунгаж болох юм байна. Буцаагаад хэрхэн авах тухай асуувал “Болно биз” гэж хариулав.
Энэ зуурт ТҮЦ-ийнх шиг жижиг цонхны цаана суух ломбардын эзэн “Байна уу, тийм ээ мөн. Юу, үгүй үгүй тийм юм авахгүй. Зөвхөн үнэт эдлэл” гэж хэлээд гар утасныхаа арьсан хавтсыг тасхийтэл хаав. Ээмэгний эзэн явж, ломбардын эзнээс бизнес хэр байгааг асуувал тэр дур муутай ярвайж яриа эхлүүлсэн ч яваандаа зовлон, жаргалаа сүрхий хуваалцлаа.
“Одоо бас ч гэж зурагтаа тэвэрч ирээд ломбардах хүн ховордсон биз” гэвэл харин ч хүмүүсийн барьцаанд үлдээдэг эд зүйлсийн эхэнд зурагт нэрлэгддэг гэв. Хүмүүс гар утсаа өдөр тутам, цаг минут бүрд ашиглаж, ажлаа амжуулж, гүйлгээ хийдэг. Харин зурагт бол байсан, байгаагүй тийм ч их ялгаатай биш.
Зурагтаар үзэх мэдээллийг, киног ер бүхнийг гар утаснаасаа үзчихэж ч болно. Тиймээс хэрэв аль нэг зүйлээ барьцаанд үлдээгээд мөнгө зээлье гэвэл зурагт хамгийн түрүүнд санаанд ордог гэж ломбардын эзэн сүрхий үндэслэлтэй тайлбарлаж өгөв. Гэхдээ хүн бүр адил бодолтой бишийг дурдъя.
Тэгээд сандлын арын хөшгөө ярж “Хар л даа” гэж хураалттай зурагтуудаа сонирхуулаад “Хүмүүс ядарсандаа биш нэг их хэрэгтэй биш гэж бодсон эдлэлээ ломбарддаг” гэж тодотгосон. Бас “Монголчуудын амьдрал тэгтлээ дордсон юм байхгүй” гэж нэмэв.
“Гар утсаараа зээл авчхаж болох апликейшнууд их болсон, ломбардаар үйлчлүүлэх хүн ховордоо биз” гэвэл бас л үгүй гэнэ. Түүний ломбард Хархорин худалдааны төвийн замын хойно байрлалтай. Тийм ч учраас худалдаа эрхлэгчид тэдний байнгын үйлчлүүлэгч аж. Шинэ жил, цагаан сар зэрэг баярт зориулсан бүтээгдэхүүн оруулж ирж борлуулдаг худалдаачид гар утсаа барьцаалж үлдээгээд бэлэн мөнгө гаргаж авдаг.
Ингээд бараагаа зарчхаад буцаагаад авах байдлаар тогтмол үйлчлүүлдэг тухай хэлж байна. Гар утсыг хэдэн төгрөгөөр барьцаалж авдгийг сонирхвол “Ipone-15 pro max”-ыг 3.5 саяар үнэлдэг аж.
“Ашигтай юу” гэвэл “Хэцүү, гэхдээ үйлчлэгч, бид хоёр хэн хэндээ хэрэгтэй л байдаг. Хэн ч 100 тэрбум төгрөгөөрөө хөрөнгө оруулчхаад ашиг олохгүй байхыг бодохгүй шүү дээ” гэв. Гэхдээ ирэх гуравдугаар сарын 1-нээс зээлийн хүүгийн дээд хэмжээг 4.5 хувиар тогтоож байгаа тул ашиг бараг л олохгүй, тэгсэн хэр нь эрсдэлтэй бизнес болж хувирч буйг хэлж байна.
Ломбардын зээлийн хүүг өндөр гэж “ад үздэг”. Гэвч үнэндээ хүмүүс эргээд эд зүйлээ авахгүй алга болдог, орхисон эд зүйлийг нь зарж, борлуулаад мөнгөө гаргаж авах гэхээр шаардлага хангадаггүй гэх мэт асуудал үүсдэг тул эрсдэлээ тооцоод хүүг өндөр тогтоохоос өөр аргагүй байдаг.
Иргэн, бид хоёр эндээ болоод л байгаа харилцаан дундуур төр орж ирж хязгаар тогтоогоод, татвар авах гэнэ. Ингэснээр олон ломбард үйл ажиллагаагаа зогсоож, энэ зах зээлээс шахагдаж, эцэст нь бүгд хохирох болж байгааг учирласны араас “Хэлээд ямар ойлгох ч биш” гэж нэг гомдмоор болсноо нэгэнт ийм шийдвэр гарч байгаа учраас бизнесээ зогсоогоод гадагш явахаар шийдсэн, виз мэдүүлсэн ломбардын эзэд нэмэгдсэн гэж хямсайв.
Юун тухай яриад байна вэ гэвэл, УИХ-аас манай улсын барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа тодорхой зохицуулалтгүй, салбарын нэгдсэн тоо баримт, бүртгэлгүй явж ирсэн нь өндөр хүү тогтоох, алданги торгууль давхардуулан тооцох зэрэг хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн сөрөг үр дагавруудыг үүсгэж байна гэж үзэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг 2022 онд баталсан. Хуулийг ирэх гуравдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх юм.
Энэ удаагийн “ГУТАЛ”-ын дүгнэлтийг ээмгээ ломбардсан эгчийн “Болох биз” гэдэг үгээр дуусгаж байна. Нээрэн болно биз дээ, тэгээд…