Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятадын төв телевизэд өгсөн ярилцлагадаа юу ярив

0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж, тус улсын удирдагч Ши Жиньпинтэй аблан ёсны уулзалт хэлэлцээр хийсэн билээ. Ерөнхийлөгч энэ үеэрээ Хятадын төв телевизэд ярилцлага өгсөн нь өнгөрөгч амралтын өдрүүдээр олон нийтэд цацагдав.

Ярилцлагын эхэнд Ерөнхийлөгч тус телевизийн эфирээр Хятадын ард түмэнтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд “Нихао” хэмээн хятадаар мэндчилсэн юм. Бид энэхүү ярилцлагаас хоёр улсын харилцааг хөндсөн, англи хэлээр цацагдсан товчилсон хувилбарыг хүргэж байна.    

-Ши Жиньпин дарга 2014 онд Монголд айлчлахдаа хоёр улсын харилцааг илэрхийлэхдээ “Сайн мориор хол явж чадна, сайн найзтай бол ямар ч бэрхшээлийг давна” гэсэн зүйрлэл хэрэглэж байсныг /2014 он морь жил таарсан бөгөөд Ши Жиньпин УИХ-д хэлсэн үгэндээ морьтой болоотой нэг бус зүйрлэл хэрэглэсэн байдаг/ санаж байна. Цар тахалтай тэмцсэн гурван жил бид Монгол-Хятад хүнд хэцүү цаг үед бие, биедээ харилцан тусалсан, онцгой найрамдлын гэрч болсон. Хоёр улсын энэ өвөрмөц нөхөрлөл, харилцааг та хэрхэн харж байна вэ?

-Манайд “Саахалт айлын санаа нэг” гэж үг бий. Хөрш зэргэлдээ орнууд ажил, амьдралаараа холбоотой байдаг. Ши Жиньпин дарга 2014 онд Монголд айлчлахдаа энэ үгийг хэлснийг би санаж байна. Манай хоёр орны ард түмний хувь заяа, хөрш орнуудын хамтын ажиллагаа нь манай хоёр улсын хамтын ажиллагааны үндэс суурь байдаг. Монгол Улсын эдийн засаг БНХАУ-аас маш их хамааралтай байгаа. Нийт экспортын 60-70 хувиа БНХАУ руу гаргадаг. Мөн их хэмжээний бараа, бүтээгдэхүүнийг БНХАУ-аас авч байна. Бид энэ худалдаа эдийн засгийн харилцаагаа цаашдаа улам өргөжүүлэхэд хамтран ажиллахаар шийдсэн.

Өнгөрсөн удаад бид Хятад-Монголын эдийн засаг, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн нь бүрэн хэрэгжсэн. Сая Ши Жиньпин даргатай уулзахдаа энэ хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 20 тэрбум ам.долларт хүргэе, энэ нь хоёр улсын ард түмэн, бизнес эрхлэгчдийн эрх ашигт бүрэн нийцнэ гэж шийдсэн байгаа.

Мөн дээр нь “Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”-ийг шинээр баталлаа. Энэ бол манай хоёр улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалт, хөгжлийн их чухал түүхэн баримт бичиг, бидний замын зураг байгаа юм. Тэгэхээр, энэ чухал баримт бичгийн хүрээнд бид цаашдаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх болно гэж бодож байгаа.

-Хятадын төр засгаас дэвшүүлж байгаа, Хятадын даргын дэвшүүлсэн “Бүс ба зам” хөтөлбөрийг Монгол Улсын “Талын зам” хөтөлбөртэй уялдуулах. Энэ бол зөвхөн манай хоёр улсын асуудал биш. Бүс нутгийн бусад улс орнуудын хамтын ажиллагаа цаашид улам бэхжиж, хөгжиж, бидний дэвшүүлсэн томоохон зорилтууд, бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжих боломж нөхцөл бүрдэх ёстой юм байгаа юм. Тийм учраас “Бүс ба зам” санаачилгыг Монгол Улс анхнаасаа дэмжсэн, одоо ч энэ чиглэлд хамтран ажиллаж байгаа гэж ойлгож болно. Энэ ажлын хүрээнд гурван улсыг холбосон байгалийн хийн хоолойг барьж байгуулах томоохон төслийг эхлүүлэхээр ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгчтэй Самаркандад болсон ШХАБ-ын хурлын үеэр тохирлоо.

-Энэ бол их том төсөл, Монгол, Орос, Хятад гэсэн гурван улсын эдийн засгийн коридор байгуулахад их ач холбогдолтой.

Дээр нь, төмөр замын төв коридорыг шинэчлэн зохион байгуулах, гурван улсыг холбосон авто замууд, хурдны замуудыг байгуулах, эрчим хүчний асуудал байна. Мөн бас Монгол, Хятад хоёр улсыг холбосон төмөр замууд, боомтуудыг хөгжүүлэх чиглэлээр сая бас ярилцаж тохиролцлоо. Энэ бол манай хоёр улсын төдийгүй, бүс нутгийн улсуудын хөгжил дэвшилд эерэг нөлөө авчирна гэж бодож байна.

-Монгол Улс бол маш өндөр хөгжилтэй, хүчирхэг улс болно гэдэгт би итгэлтэй байдаг. 20 жилийн өмнөх Монголыг өнөөгийн Монголтой зүйрлүүлж харахад өдөр, шөнө шиг хөгжсөн. Эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт том ахиц гарсан. Монгол бол хөгжиж байгаа улс. Дахиад 10-15 жилийн дараа манай улс сайхан хөгжилтэй улс болно гэдэгт би итгэл төгс байгаа. Үүний тулд бид их хөдөлмөрлөх ёстой. Бодлого, хөрөнгө оруулалт зөв байх ёстой. Мөн бүс нутгийн болон хөрш улсуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх ёстой. Ингэж байж Монгол Улс хөгжижнө гэж бодож байна.  

-Дэлхийн бүх л улсын ард түмний хүсэл мөрөөдөл ижилхэн, аз жаргалтай сайхан амьдрах явдал гэж би ойлгодог. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Дэлхийн аюулгүй байдлын санаачилга” бол дэлхийн ард түмний хүсэж, мөрөөдөж байгаатай яв цав нийцэж байна гэж бид харж байна. Бид их олон талаас нь судалж үзсэн. Тиймээс Монгол Улс дэмжиж байгаа. Энэ бол дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, дэлхий нийтийн хамтын ажиллагаанд их хувь нэмэр оруулах хөгжлийн санаачилгууд юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *